ОХУ-д өгсөн “Аль Кайди”-гийн сануулга

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон халдлагыг бурууг "Аль Кайди" бүлэглэл хүлээлээ. Энэ талаар Оросын “www.dw.com” болон “www.politika.rs” сайт мэдээлжээ.
ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд энэ сарын 3-нд террорист халдлага болсон билээ. Халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархтсан юм. Өнөөг хүртэл уг халдлагын захиалагч хэн бэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж байсан. Цагдаагийнхан халдлагатай холбоотой этгээдүүдийг эрэн сурвалжилж буй бөгөөд өнгөрөгч долоо хоногт уг халдлагад оролцсон этгээдийг Москвагийн ойролцоо Одинцово орчмоос баривчилжээ.
Баригдсан этгээд 1990 оных бөгөөд нэрийг нь Аброр Азимов гэдэг аж. Түүнийг Узбекстан, Туркээс гаралтай хэмээн үзэж буйгаа албаныхан уламжлав. Тэрбээр мэдүүлгийнхээ үеэр “Би буруугүй. Би зөвхөн дээрээс ирсэн заавраар уг ажиллагаанд оролцсон” гэж ярьжээ. Азимов баригдах үедээ буу болон сумтай байсан юм. Түүнийг одоогоор Москва хот дахь Мөрдөн байцаах төвд байцааж байна.
Харин метрон дотор амиа золиослогч этгээд нь 22 настай Акбаржон Жалилов болохыг ДНК-ийнх тусламжтай тогтоосон. Тэрээр Узбекстан улсын иргэн бөгөөд 2006 онд иргэншлээ сольж, ОХУ-ын иргэн болжээ. Акбаржон Жалиловын эцэг, эх хүүгээ халдлага үйлдсэн гэдэгт өнөөг хүртэл итгэхгүй байгаа бөгөөд орон нутгийн хэвлэлд “Тэр минь их даруухан хүү байсан. Хэдхэн өдрийн дараа гэртээ ирнэ хэмээн амласан” гэж ярьжээ. Халдлагатай холбоотойгоор төв Ази гаралтай арав орчим иргэнийг баривчлаад байна.
Тэгвэл уг халдлагын ард алан хядах “Аль Кайди” бүлэглэл байгааг хууль, хяналтынхан тогтоосон байна. Тус бүлэглэлийн Орос дахь салбар гэгддэг “Шамил имам” гэх террорист бүлэглэл халдлагыг үйлджээ.
“Шамил имам” бүлэглэл өчигдөр Санкт-Петербург хотноо халдсан болохоо мэдэгдэж, “Энэ бол дөнгөж эхлэл” хэмээн Кремлийн эрх баригчдад хандан мэдэгдсэн байна. Тус бүлэглэлийн мэдэгдлийг “Nouakchott Info” гэх агентлагийн цахим хуудаст нийтэлжээ. ОХУ-ын Цагдаагийн байгууллага албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж, олон жилийн турш алан хядах ажиллагаа идэвхтэй явуулсан “Аль Кайди” бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахири Санкт-Петербург хотноо террорист халдлага үйлдэж, олон хүнийг хөнөөхийг тушаасан болохыг “Шамил имам” бүлэглэлийн мэдэгдэлд дурджээ.
ОХУ-ын эрх баригчид исламын шашинтай нөхдийг нь хөнөөсний хариуд халдлага үйлдэж, энгийн иргэдийг хөнөөсөн гэв. Мэдэгдэлд “Орос улс Сири, Ливи зэрэг исламын шашинтай орнууд болон Чечений исламын бүс нутагт цэргийн ажиллагаа явуулж байна. Энэ бол бидний өшөө авалт. Цэргийн ажиллагаа үргэлжлэх тусам гэмгүй иргэд террористуудын бай байх болно” гэсэн байна.
“Шамил имам” бүлэглэлийн Орост хийх террорист халдлага Санкт-Петербург хотоор эхэлж буйг тэд сануулжээ. Террористууд тун удахгүй ОХУ-ын томоохон хот тэр дундаа олон хүнтэй газар террорист халдлага үйлдэнэ гэв.
“Nouakchott Info” агентлаг төв Африкт эзлэн түрэмгийлэх бодлого явуулж буй жихади нарын мэдэгдлийг нийтэд түгээдэг. “Аль Кайди” бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахиригийн мэдэгдэл тус агентлагаар цацагдсан ч тус бүлэглэлийн албан ёсны хэвлэлийн агентлагууд толгойлогчийнхоо мэдэгдлийг нийтэд түгээгээгүй байна.
Халдлагын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эх оронд нь халдаж, ард түмнийг нь хохироосон ямар ч бүлэглэл, жихади хуулийн дагуу хариуцлага хүлээхийг сануулж “Бид террористуудын эсрэг ажиллагаа улам эрчимжүүлэх болно” гэж хэлжээ. ОХУ-ын цэргүүд 2015 оны есдүгээр сараас Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын хүсэлтээр террористуудад эзлэгдээд буй Сирийн газар нутагт цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Оросууд террористуудын эсрэг нэгдэж, тэмцсэнээр Исламын улс бүлэглэлийн сүр хүч эрс суларч, хяналтад байгаа ихэнх газар нутгаа алдахад хүрээд байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ