Ө.Пүрэвсүрэн таван жил дараалан Улсын аварга болов
2017-04-28

Гэрэл зургийг MPA.mn

 

Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 2017 оны өсвөр үеийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.

 

УАШТ-ий нээлтийн үеэр МЧБХ ирэх намар Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д Ж.Мөнхбат аваргыг хүндэт зочноор оролцох урилгыг гардуулсан юм. Мөн Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, ОУХМ О.Нарангэрэл, үндэсний бөхийн улсын харцага Г.Элбэг, улсын начин Б.Баянжаргал, Б.Дэлгэрсайхан, Ц.Чимэддорж нарын тэргүүтэй “Их шавь” дэвжээний шавь нар нь багшдаа хүндэтгэл үзүүлсэн.

 

Тэмцээний нээлтийн үеэр арлын Япон улсаас Ж.Мөнхбат аваргын хүү Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал болон 70 дах ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нар мэндчилгээ дэвшүүлжээ.

 

Охидын 56 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, өсвөр үеийн УАШТ-д таван жил (2013-2017 он) дараалан түрүүлж, дахин давтагдашгүй амжилтын эзэн болсон нь тэмцээний онцлог байв.

 

 

Хөвгүүдийн багийн дүнгээр Э.Баттүшиг дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” клуб 53 оноогоор тэргүүлж,  охидын багийн дүнг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 60 оноогоор тэргүүллээ.

 

Өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд өсвөр үеийн багийн УАШТ болж байна. Багийн тэмцээнд хөвгүүд, охидын ангилал тус бүрт эхний найман байрт орсон аймаг, дүүрэг, спорт хороо, клубүүд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин