Парламентын гишүүдийн тоог нэмэх үү

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх уулзалтын санал асуулгын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар төрийн эрх барих дээд байгууллага нэг танхимтай байх уу, хоёр танхимтай байх уу гэдэг дээр асуулга явуулж байна. Хуралдааныг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат даргалж, оролцогчдын асуултад экспертүүд хариулж байна.
-Монгол Улсад хоёр танхимтай, нэг танхимтай парламентын аль нь үр дүнтэй вэ?
Эксперт н.Мөнхсайхан:
-Нэг танхимтай парламент тохирсон. Хоёр танхимтай парламент маш их зардалтай. 500 орчим гишүүн, туслах, байр гээд зардал нь хэд дахин өснө. Нөгөө талдаа хоёр танхим маш их гацаа үүсгэдэг. Шийдвэр гаргаж чаддаггүй. Хоёр талдаа ойлголцдоггүй. Нэг намын шийдвэрээр гарна. Нэг танхимтай парламентаа бэхжүүлэх асуудлыг шийдвэрэх хэрэгтэй. Харин гишүүдээ нэмж 120 болгох хэрэгтэй.
Эксперт Н.Лүндэндорж:
-Хоёр танхимын асуудал энэ удаад бололцоогүй байх. Уг нь хоёр танхим сайн талтай. Дээд танхим нь доод танхимтайгаа зөвлөлддөг. Хоёр шатлал бүхий танхим Монголын хувьд ард үлдсэн түүх. Одоо байгаа парламентын тогтолцоог сайжруулах хэрэгтэй.
Эксперт Мандах:
-Хоёр танхимтай парламент зардал шаардахгүй. Зөвхөн намтар нь үлдэнэ. Улсын төлөө ажиллах болно. Уламжлалаа бодож хоёр танхимтай парламенттай байх нь зөв.
Эксперт Амарсанаа:
-Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал гэж байдаг. Үүнийг сайн бодолцох хэрэгтэй.
-Хоёр шатлалтай парламентын ялгаа юу вэ?
Эксперт Н.Лүндэндорж:
-Хоёр танхимтай парламентын тухайд Англи улсыг жишээ болгож болно. Доод танхим нь ард түмнээ төлөөлж, шийдвэр гаргаж байдаг. Дээд танхим нь элит мэргэшсэн хэсэг. Доод танхимынаа шийдвэрийг шүүж, зөвлөж байдаг. Хоёр шатлалтай парламент гэдэг бол хуучин УИХ, Бага хурлаа сэргээе гэж байгаа юм, манай улсын хувьд. Үр дүн муутай хэлбэр. Тийм учраас Монгол улсад хоёр танхимтай парламент зохихгүй.
Эксперт н.Мөнхсайхан:
-Шатлалтай танхим нь хоёр танхим биш. АИХ жилд хоёр удаа уулздаг. Улсын бага хурал байнга хуралддаг. Улсын бага хурал ард түмнээс сонгогддоггүй. Өмнө нь байсан загвар дахин босч ирвэл манай тогтолцооны суурь бүтцийг хөндөнө. Дээд шүүхийн шүүгч нарыг Улсын бага хурлаас сонгодог болно.
-Энэ нь УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлэх сайн талтай юу?
Эксперт н.Мөнхсайхан:
-УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлэх тухай ярих нь бидний тулгамдсан асуудал. УИХ-ын гишүүдийн тоог өсгөх шаардлагатай. Хуулийн чанарыг сайжруулахын тулд энэ нь хэрэгтэй. Нэг хуульч гэхэд долоо хоногт хэд хэдэн байнгын хорооны хуулийн төслийг судалдаг. Гишүүдийн тоог өсгөвөл хуулийг олноороо хэлэлцэж батлах шаардлага гарна.
Эксперт Н.Амарсанаа:
-Хуулийнхаа чанарыг сайжруулах шаардлагатай. Нэг гишүүн 10 хүний карт өвөртлөөд явж байдаг. Гишүүд хурууны хээ, нүүрээрээ бүртгүүлдэг байх хэрэгтэй.
Эксперт н.Мандах:
-Журмын тухай хуулийн хязгаарыг давж байгаа. Нэлээд нам, төрийн бус байгууллага, ард түмний олонхи нь хоёр парламенттай байхыг үндэслэж энэ саналыг оруулсан. Орон нутаг, ард иргэдийн төлөөллийг бий болгох зорилгоор хоёр танхимтай парламентын асуудлыг оруулж байна.
Эксперт Н.Лүндэндорж:
-Одоогийн Үндсэн хуулинд “Засгийн бүх мэдэл ард түмний гарт байна” гэж заасан байдаг. Ийм үлгэр дэлхийн түүхэнд байгаагүй. Бид үүнийг бүтээх ямар ч боломж байхгүй. Парламентын гишүүдийн тоог нэмснээр биш туслахуудынх нь оронд эрдэмтэн, мэргэдийг байлгавал хуулийн чанар сайжирна.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ