Төрийн албыг хэрхэн бэхжүүлэх вэ
2017-04-30

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал асуулга үргэлжилж байна. Өнөөдөр гурван асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлээд өндөрлөх юм. Уулзалтын эхэнд

 

“Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх" асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.

 

Ард түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, хууль тогтоох үйл ажиллагаанд ард түмний оролцоог нэмэгдүүлэх, хууль батлах-гүйцэтгэх эрх мэдэл хоорондын харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, парламентын өөрийг нь хянах хяналтыг сайжруулахад Улсын Их Хурлын дотоод хийгээд үндсэн бүтцийг хоёр танхимтай (дээд, доод), хоёр шатлал бүхий танхимтай байх хувилбараас аль нь зохистой байх асуудлыг дэвшүүлж, энэхүү сэдвийг хэлэлцүүлэхээр тогтсон байна.

 

Олон нийт, иргэний нийгмийн байгууллага, “Ардын Их Хурал” хөдөлгөөнөөс Улсын Их Хурлыг “хоёр танхимтай”, эсхүл “хоёр шатлал бүхий танхимтай” байх тухай хэлэлцүүлгийг зөвлөлдөх санал асуулгаар шийдвэрлэх нөхцөл, үндэслэл бүрджээ.

 

 

Сэдвийн хүрээнд түүхэн сурвалжийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. 1924, 1940 оны Үндсэн хуульд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дээд эрхийг Ардын Их Хурал хадгалах бөгөөд түүний чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах” гэж, 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал байна” гэж заажээ.

 

1992 оны Үндсэн хуулийн төсөл боловсруулах үеийн үзэл баримтлалд Улсын Их Хурлыг өөрчлөх хоёр хувилбарыг дэвшүүлж байжээ.

 

Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Монгол Улс парламентын хоёр танхимтай байх асуудлаар санал хураалт явуулсан боловч олонхийн дэмжлэг аваагүй байна.

 

Үндсэн хууль дахь одоогийн зохицуулалтаар Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэж хуульчилсан байдаг байна.


 

Энэ талаарх олон улсын туршлагыг тэрбээр танилцууллаа. Улсын Их Хурлын Тамгын газрын судалгааны албанаас гаргасан “Парламентын засаглалтай улс орны төрийн эрх мэдлийн хуваарилалт”судалгаанд дурьдсанаар:

Нэг: Төрийн удирдлагын хэлбэрээр Монгол улстай адил парламентын бүгд найрамдах засаглалтай 54 улс байгаагаас:

    • 15 улс нь хоёр танхимтай парламент;

    • 36 улс нь нэг танхимтай парламент;

    • 3 улс нь хоёр шатлал бүхий парламент байна.

Судалгаанаас үзэхэд төрийн байгууламжийн хувьд:

    - нэгдмэл улсууд нь ихэвчлэн парламентын нэг танхимтай,

    - холбооны улсууд болон улсуудын холбоо нь парламентын хоёр танхимтай байна.

 

Улс төрийн дэглэмийн хувьд социалист улс хоёр шатлал бүхий парламентын загвартай байна. Тодруулбал: Лаос, Вьетнам, БНХАУ юм.

 

Хоёр: Парламентын хоёр танхимыг бүрдүүлэх арга, зарчим:

Дээд танхимын хувьд:

    • томилгооны зарчмаар;

    • сонгуулийн зарчмаар;

    • томилгоо болон сонгуулийн хосолмол хэлбэрээр бүрдүүлдэг байна.

Доод танхимын хувьд:

 

Ард түмний төлөөлөл болж, бүх нийтийн, чөлөөтэй, шууд сонгуулиар бүрддэг.

 

Хоёр шатлал бүхий парламенттай улсын хувьд парламентын доод танхим нь дээд танхимаасаа томилогдсон гишүүдээс бүрддэг онцлогтой. Энэ нь төлөөллийн ардчиллын үндсэн зарчимтай зөрчилддөг байна.

 

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат санал болгож буй өөрчлөлтийн тодорхойлолтыг төлөөлөгчдөд танилцуулсан.

    • Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай зааж, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах.

    • Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилох


 

Дээрх сэдвээр нэгдсэн хуралдааны үеэр асуулт хариулт ширүүхэн өрнөсөн юм. Дараагаар нь төрийн албыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ.  Монгол Улсын Үндсэн хуульд төрийн албаны талаар маш бага хөндсөн байдаг байна. Монгол Улсад төрийн төв болон орон нутгийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн эрхлэх асуудлын хүрээний болон шүүхийн байгууллагууд нь төрийн албаны ажил үүргийг эрхлэн явуулдаг аж. Төрийн албан хаагчдын тоо 2001 оноос хойш аажмаар өссөөр 2012 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 162 769 төрийн албан хаагч,  2016 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 186 458 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 3 092 нь улс төрийн, 19 687 нь төрийн захиргааны, 35 736 нь төрийн тусгай албаны, 127 943 нь төрийн үйлчилгээний албанд ажиллаж байна. Дээрх статистик мэдээллээс харахад 4 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын нийт тоо 23 689-аар нэмэгдсэн байна.

 

Төрийн албыг тогтвортой, улс төрөөс хараат бус болгохын тулд 2008 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж улс төрчдөөс бусад бүх төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон аж.

 

Гэвч, төрийн албан тушаалд томилох, халахдаа улс төрийн намын харьяаллыг харгалзан шийдвэрлэсэн асуудалтай холбоотой  гомдол захиргааны хэргийн шүүхэд ихээр ирдэг. Түүнчлэн албаны тоон үзүүлэлтээс харахад сонгуулийн дараа халаа сэлгээ хийх нь их байна. Энэ нь төрийн алба улс төрөөт хараат байсаар байгааг харуулж байна хэмээн үзжээ.

 

Энэ сэдвээрх асуулт хариулт эдүгээ үргэлжилж байна. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хувьсгал болж байж л өөрчлөлт явагдах байх. 2020 оны дараа төрийн албан хаагчид бас л өөрчлөгднө. Хичнээн хууль гарсан ч тогтвортой ажиллахгүй байх.
2017-05-01
баагий:
Төрийн алба шудрага, зарчимч, хүнлэг нийгмийн сайн сайхан хөгжил дэвшлийн ажилладаг байвал бэхжинэ. Одоо байгаа шиг НАМ НЬ АШИГ СОНИРХОЛЫН БҮЛЭГ болчихсон зөвхөн ямарч үнээр хамаагүй санал авч сонгогдоод л албан тушаалд очихын төлөө ажиллах юм бол оршин тогтнохгүй.
2017-05-01