“Эх бөмбөг” 92 террористыг устгажээ
2017-05-01

 

АНУ түүхэндээ анх удаагаа  хамгийн том, цөмийн бус бөмбөг болох “GBU-43”-ийг өнгөрсөн сарын 17-нд  террористуудын эсрэг ашигласан билээ. Тус улс уг бөмбөгийг 2003 онд туршсанаас хойш довтлогоонд ашиглаагүй болохыг Пентагон уламжлав.

 

Уг бөмбөгийг тус улсын эрх баригчид “Эх бөмбөг” хэмээн нэрийддэг бөгөөд “GBU-43” нь нийт есөн метрийн урттай, 10 тонн жинтэй аж. Пентагон уг бөмбөгийг Афганистан дахь Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн байршилд цохилт өгөхөд ашигласан. 

 

Тэгвэл уг цэргийн ажиллагааны үеэр 92 террористыг хөнөөхөөс гадна тус бүлэглэлийн агаарын баазыг устгасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Жеймс Мэттис "Цэргийн ажиллагаа амжилттай болсон. Афганистанд үүрэг гүйцэтгэж буй албаныхан энэ амралтын өдөр туршилт болсон талбай дээр тусгай ажиллагаа явуулсан. Албан ёсоор энэхүү ажиллагааны үеэр 92 террорист амиа алдсан” гэж мэдэгджээ.

 

“GBU-43”-ийг амжилттай туршсаны дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Би дайчдаараа бахархаж байна” гэж мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин