ОУВС-гийн асуудлыг хэлэлцэнэ
2017-05-01

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүтэн өдөр хуралдсан тус бүлгийн хуралдаанаар концессийн гэрээгээр хийгдэхээр төлөвлөгдсөн асуудлын талаар мэдээлэл сонсчээ.

 

Бүлгийн дарга Д.Хаянхярваа:

 

-Концесстой холбоотой улстөржүүлсэн мэдээлэл багагүй гарч байна. Шинэ Засгийн газар концессын нэг гэрээг шинээр байгуулж, бусад нь өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан нөхцөлүүд байна. Тухайлбал, Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км автозам, Өмнөговь аймагт Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозам, Дашинчилэн Орхоны гүүр чиглэлээс Мөрөн-Тариалан чиглэлийн төгсгөлийг холбох 120 км автозам, Дархан-Эрдэнэтээс Сант- Орхон чиглэлийн 22.2 км автозамын төсөл, Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар, Нөмрөг, Сонгино чиглэлийн 107 км автозамын таван төсөл байна. Эдгээр таван гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа нь 2017 онд байсныг хойшлуулж 2020 онд болгон төлөх нөхцөлийг нь сайжруулсан. Концессийн гэрээтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцээд нэн яаралтай Концессийн тухай хуулийг шинэчлэн найруулж оруулж ирэх, барих, шилжүүлэх, концессийг үндсэндээ хориглоно гэдгийг Засгийн газарт анхааруулсан.

 

Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж буйтай холбогдуулан өмнө хийгдсэн 11.1 их наяд орчим төгрөгийн концессийн гэрээнд ОУВС-гаас өгсөн үүргийн дагуу аудит хийж, хэдэн оноос яаж санхүүжүүлэх боломжтойг тогтоохоор санал нэгдлээ. Ингэхийн тулд өмнө хийсэн концессийн гэрээнүүдийг дахин нягталж үзнэ. Ойрын хугацаанд Засгийн газар концессийн гэрээний асуудлыг дахин хэлэлцээд алиныг нь эхлэх, алиныг нь хойшлуулах талаар тохиролцоод оруулж ирнэ хэмээлээ. 


Бүлгийн хурлаар авч хэлэлцсэн дараагийн асуудал нь нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болоод байгаа Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэх ажлын явцын мэдээллийг сонсов. Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлийн ажлыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээний дагуу ирэх долдугаар сард эхлүүлж 2020 он гэхэд дуусгах төлөвтэй байгаа ажээ.

 

Тус бүлгийн үдээс хойшхи хуралдаанаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн бөгөөд маргааш үргэлжлүүлэн хэлэлцэх ажээ. ОУВС-гаас Монголын асуудлыг хэлэлцүүлэлгүй хойшлуулсан үндэслэлээ  “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг монгол банкаар дамжуулъя” гэсэн УИХ-ын тогтоолтой холбоотойгоор тодруулах зүйл бий боллоо” гэсэн албан бичиг ирүүлсэн байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин