АН сэргэх үү, сэхээнд орох уу
2017-05-02

Ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг таслахгүй үргэлжлүүлэх хариуцлагатай цаг үеийн өмнө Ардчилсан нам тулж ирээд байна. 

 

Товчхондоо, ардчиллыг дэмждэг болоод тус намын гишүүн бүр энэ түүхэн сонголтыг хийхийн тулд намын дотоод сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгцээ шаардлага байгаа юм. Энэ талаар хойно өгүүлэх учир ингэсхийгээд зогсож, ер нь өнгөрсөн хагас жил гаруйн хугацаанд Ардчилсан намд юу болов гэдгийг авч үзье. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа Ардчилсан нам шинэчлэл хийх зорилт тавьсан. Энэ хүрээндээ өнгөрсөн хугацаанд шинэчлэгдэхийн тулд олон арван ажил хийснээр гишүүдийнхээ идэвхийг сэргээж чадлаа. Монголын улс төрийн түүхэнд анх удаа намын даргаа нийт гишүүдээсээ асууж, тодруулж, улс төрийн шинэ соёлын үрийг тарьж, улам бүр чамбайруулахаар явж байгаа нь бусад намынханд үлгэр дуурайлал авах ажил болж байгаатай хэн ч маргахгүй биз ээ. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд дотоод сонгуулиа хийж, нийт 17800 сонгуульт албан тушаалтныг 120 орчим мянган гишүүнийхээ саналаар тодруулсан.

 

Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Бид Монголын улс төрийн намуудаас анх удаа гишүүдийнхээ цахим бүртгэлийг хийж чадлаа. Удахгүй гишүүдээ цахим үнэмлэхтэй болгоно. Бид бодлогын нам болно. 2020 онд Засгийн эрх авахын төлөө одооноос засаглалын бүтцээ гаргана. Энэ намраас эхлэн боловсон хүчнээ бэлтгэж эхэлнэ. 2020 оныг хол гэж битгий хар. Бидэнд хоёр жилийн л хугацаа байна. Тийм учраас бид боловсон хүчний нөөцөө бий болгох ёстой. Мөнгөөр биш бодлогоор бид өрсөлдөх болно” хэмээн журмын нөхдөдөө хандан хэлсэн нь гишүүдийнх нь итгэлийг сэргээж, ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлэхийн төлөө нэгэн итгэл сэтгэлээр ажиллах гүүр болж өгчээ. Гэсэн ч тус намд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой хүн хэт олон байгааг хэвлэлээр хөвөрч буй мэдээллүүдээс харж болохоор байна.

 

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын рейтинг муу байсан учир МАН-аас дэвшсэн “бор халзан хонь” ч гарахаар байсан. Харин одоо салхи эргэж, Ардчилсан намаас дэвшсэн хэн ч байсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах нөхцөл бүрдээд байгаа учир сонгуульд нэр дэвших сонирхолтой хүн олон болчихоод байна. Тодруулбал, мөнгөө тоолж барахгүй нэгэн байхад боловсрол мэдлэгтэй, өөрийн нүүрээрээ явж байгаа хүн ч байна, бүр эсрэг намаа дэмжиж нам доторх санал асуулгад оролцож санал хуваах улмаар рейтинг өндөртэй нэгнээ “дарах” зорилготой хүн ч байх.

 

Тиймээс намынх нь рейтинг өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш эрс өсч, эрх баригч МАН-аас өндөр болоод буй энэ үед олон түмний итгэлийг даах хүнийг нэр дэвшүүлэх хэрэгцээ шаардлага үүссэнийг учир мэдэх зарим гишүүд нь ч хэлж байсан. Өөрөөр хэлбэл, намын рейтингэд найдаж Ерөнхийлөгч болчих юмсан гэсэн санаа өвөртөлсөн хүмүүс олон байгаа нь өрсөлдөгч намынханд “Дотроо хөлөө жийлцэж байгаа нам бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадах уу” гэх мессэж гаргахад хүргэж байна.

 

Тиймээс энэ чухал үед Ардчилсан намын гишүүд хариуцлагатай хандах нь аль аль талдаа чухал байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийг алдчихвал Ардчилсан нам ойрын хэдэн жилдээ буцаж “сэргэхийн” тулд амаргүй цаг үеийг туулах дүр зураг харагдаж буй. Хуулийн дагуу намууд тавдугаар сарын 2-6-ны хооронд нэр дэвшигчээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх учиртай. Үүнээс өмнө буюу Ардчилсан нам дотооддоо санал асуулга явуулах аж. Өөрөөр хэлбэл, бүх гишүүдийнхээ дунд “Хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх вэ” гэх санал асуулга явуулж хамгийн олон санал авсан хүнийг намын дарга нь VIII их хуралд санал болгохоор дүрэмдээ тусгажээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч энэ үйл явцын дагуу явагдах учир тус намын гишүүдийн санал Ардчилсан нам ирээдүйд сэргэх үү “сэхээнд” орох уу гэдгийг шийдэх болчихоод байгаа учир гишүүн бүр хариуцлагатай хандахыг уриалж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр Ардчилсан нам түүхэндээ анх удаа фракцуудын тохироогоор бус бүх гишүүдээсээ сонгосон нэгдсэн удирдлагатай болж, шинэ дарга нь Ерөнхийлөгч6ийн сонгуульд намаа удирдан оролцох түүхэн цаг үе ирээд байна.

 

Эх сурвалж:bolod.mn

 

Shuud.mn
Сонин хачин