Ерөнхийлөгчид нэр дэвшихээр хэн хэн тунах вэ

Парламентад суудалтай гурван нам энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж батламжилна
Ц.Нямдорж нэрээ татаж, М.Энхболдыг батламжих уу
Эрх баригч хүчин МАН-ын бага хурал өнөөдөр 11.00 цагт эхэлнэ. Тус нам бага хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах юм. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга М.Энхболдоос гадна УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар нэрээ дэвшүүлж, өрсөлдөх магадлалтай байсан. Гэхдээ МАН-ын бага хурлын үед М.Энхболд, Ц.Нямдорж нар нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, Ц.Нямдорж гишүүн нэрээ татсанаар М.Энхболд дарга тодрох сценари явагдах сурагтай.
АН дотоод санал асуулга явуулж байна
АН-ын хувьд өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмүүдээ бүртгэж дууссан. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан гэсэн 6 эрхэм бүртгүүлжээ. Өнөөдөр АН-ын дотоод санал асуулгаар гишүүдийн олонхийн санал авсан хоёр эрхэм тодорно. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулга өнөөдөр 10:00 цагаас 20:00 цаг хүртэл үргэлжлэх билээ. Ингэхдээ 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны намын хороо, үүрүүдээр дамжуулан бүх гишүүдийнхээ дунд асуулга явагдана.
Ингээд гишүүдийн олонхийн санал авсан хоёр эрхмийг Их хурлаараа хэлэлцэн, нууц санал хураалт явагдана. Их хурлын төлөөлөгчийн олонхийн санал авсан эрхмийг АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр батламжилна.
МАХН-аас хэн өрсөлдөх бол?
Парламент дахь гурав дахигч хүчин МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх нь одоогоор тодроогүй басхүү тодорхойгүй байна. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээ хэвлэлд өгсөн ярилцлагаараа мэдэгдсэн. Гэхдээ түүний ялын хугацааг хүчингүйд тооцох хугацаа дуусгавар болоогүй гэх мессэж ч дагаж явна. МАХН-ын хувьд дараагийн хувилбар нь ГХ-ийн сайд асан Л.Эрдэнэчулуун, Монгол Улсын гавьяат хуульч С.Нарангэрэл, УИХ-ын экс гишүүн Ц.Шаравдорж, Нобелийн шагналт, доктор, хурандаа Д.Эрдэнэцогт нарын нэр яригдаж байгаа аж. МАХН-ын бага чуулган энэ сарын 5-нд хуралдаж, нэр дэвшигчээ тодруулан батламжилна.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ