Путин, Трамп нарын утасны яриа
2017-05-03

Трамп, Путин нар өчигдөр утсаар ярьжээ. Энэ талаар Британийн “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт албаа хүлээн аваад хэдийнэ 100 өдөр болжээ. Тэрбээр энэ хугацаанд өмнөх төрийн тэргүүн Барак Обамагийн хийсэн ажлаас хоёр дахин илүү ажил хийсэн хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй гурван удаа утсаар ярьсан байна. Тэрбээр Путинтэй ойр байхаар зорьж буйгаа сонгуулийн өмнө мэдэгдсэн байсан.

 

Гэхдээ өнөөг хүртэл удирдагчид уулзаагүй байгаа юм.

 

“Тэдний уулзалтын анхны тов Германы Гамбург хот” хэмээн Цагаан ордон мэдээлсэн удаатай. Гамбург хотноо ирэх долоодугаар сард “Их 20” дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдана. Уулзалтад тэд оролцох нь тодорхой болсон юм.

 

Трамп, Путин нар өчигдөр Америкийн цагаар 16.40 цагийн орчимд утсаар ярьсан болохыг Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Удирдагчид олон улсад тулгамдаад буй терроризм, дүрвэгсдийн хямрал, Хойд Солонгосын цөмийн заналхийлэл болон Сири улсад дэгдээд буй иргэний дайны асуудлаар хэлэлцжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Сирид дэгдээд буй хямралыг зогсоох ажилд АНУ, ОХУ хамтран ажиллахаар болсон” гэж мэдэгдсэн аж.

 

Трамп, Путин нар эхний ээлжинд Сирид гал зогсоох хэлэлцээрийг байгуулж, томоохон хотуудад байлдааны ажиллагаа явуулж буй АНУ-ын цэргийн ажиллагааг түр хугацаанд зогсоох, тусламж нэн шаардлагатай байгаа алслагдсан бүс нутуудад НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудыг аюулгүй нэвтрүүлэхээр тохиролцжээ. Цагаан ордны тэргүүн Трамп “ОХУ-тай хамтран ажиллаж, терроризмын эсрэг тэмцэнэ” гэсэн бол Кремлийн тэргүүн Путин “Бид Сирид л хүчин төгөлдөр үйлчлэх боломжтой гал зогсоох хэлэлцээрийг хэлэлцэж байна” гэж мэдэгдэв.

 

 

ОХУ-ыг Сирийн Засгийн газар буюу Ерөнхийлөгч Башар аль Ассадыг дэмждэг хэмээн АНУ-ын өмнөх Засгийн газар Путинийг буруутгадаг байсан юм. АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама болон Путин нар өмнө нь гурван ч удаа Сирийн томоохон хотуудад хүчин төгөлдөр үйлчлэх гал зогсоох гэрээр байгуулж байсан ч 24, 72 цагийн дараа уг хэлэлцээр хүчингүй болж байсан түүхтэй. Удирдагчдыг утсаар ярилцаж байх хойгуур Казакстаны нийслэл Астана хотноо НҮБ-ын зуучлалаар Сирийн холбоотон орнууд Сирид энхтайван тогтоох энхийн хэлэлцээр байгуулахаар зорьж байна.

 

Уг уулзалтад Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөл ирсэн бөгөөд тэднийг хэлэлцээрийн ширээний ард суулгах ажиллагааг НҮБ болон ОХУ ахлан хариуцан ажиллаж буйг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчтэй уулзах үеэрээ мэдэгдлээ. Хэрвээ сөргөлдөгч талууд хэлэлцээр байгуулж, Трамп болон Путины байгуулсан гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болбол хяналтад байгаа олон мянган иргэнийг чөлөөлөхөөр төлөвлөж буйгаа НҮБ дахь Сирийн асуудал харицсан төлөөлөгч мэргэжилтэн Стаффан де Мистура онцлон тэмдэглэв.

 

Гэхдээ Трамп болон Путины гал зогсоох гэрээ үр дүнтэй болох эсэх нь эргэлзээтэй байгаа  талаар олон улс үзэж байна. Учир нь Трамп, Ассадыг ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн буруутгаж, Сирийн Хомс хотноо байрлах тус улсын агаарын баазыг пуужингаар харвасан юм. Босогчдын хяналтад байгаа Идлиб мужид химийн зэвсэг ашигласаны улмаас 90 орчим хүн амиа алдаад байна.

 

Ерөнхийлөгч Ассад химийн зэвсэг ашиглаагүй гэдгээ олон удаа мэдэгдсэн боловч Трамп ямар ч сануулга өгөхгүйгээр тус улсад пуужингаар цохилт өгсөн. Уг үйл явдлын дараа Ерөнхийлөгч Путин, Трампийг эрс буруутгасан удаатай. Хэрвээ Трамп, Путин нар гал зогсоох гэрээг амжилттай байгуулсан ч уг гэрээг Сирийн Засгийн газар хүлээн авах эсэх нь нууц.

 

“Ямартай ч Трамп анх удаагаа Сирид байлдааны ажиллагаа бус гал зогсоох гэрээ байгуулах асуудлаар Путинтэй ярилцсан нь өмнө гарч байгаагүй сайн илрэл” хэмээн “CNN”агентлаг мэдээлэв. Хоёр тал харилцан тохиролцсоны дагуу Сирид хэзээнээс гал зогсохыг албан ёсоор нийтэд зарлах юм.

 

Путин өнгөрсөн долоо хоногт Японы Ерөнхий сайд Шинзо Абег хүлээн авсан бол өчигдөр Германы Канцлер Ангила Меркелтэй уулзсан юм. Тэрбээр Япон, Германы тэргүүнээс Сирид туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүссэн билээ. Сирид дэгдээд буй иргэний дайн зургаа дахь жилдээ үргэлжиж байна. Дайны улмаас НҮБ-ын мэдээлсэнээр 350 мянган хүн амиа алдаж, 4-5 сая хүн дүрвэсэн гэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин