Удирдах зөвлөлөөс М.Энхболд, Ц.Нямдорж нарын нэрийг оруулжээ

МАН-ын бага хурал Тусгаар тогнтолын ордонд эхэллээ. Хурлын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:
-МАН-ын бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн бага хурлаараа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа мөрийн хөтөлбөрийг батлах асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр орой болсон. УЗ-ийн хуралдаанаар Бага хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлаа баталсан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчээ тодруулахдаа сүүлийн жил гаруйн хугацаанд хийсэн судалгаан дээр үндэслэсэн. Манай намаас хийгдсэн социолигийн судалгаанд хяналтгүй түүврийн аргаар 50 мянга орчим иргэн оролцож, санал бодлоо илэрхийлсэн. МАН зөвхөн намын гишүүний бус иргэдийнхээ санал дээр тулгуурлаж, Монголын ард түмний дунд хүлээн зөвшөөрөгдөж байгаа хүсэмжилт улстөрчийг энэ удаагийн сонгуульд сойно. 2016 оны парламентын сонгуулийг зохион байгуулсан жишгийг та бүхэн мэдэж байгаа. Жил гаруйн өмнөөс тойрог бүр дээр судалгаа хийж, тухайн тойргоос дэмжигдсэн гишүүнийг нэр дэвшүүлж, парламентад 65 суудал авсан.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр таван хүний нэр гарч ирсэн байдаг. Нэгдүгээрт нь МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, МАН-ын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэр гарсан байна. Эдгээр хүмүүстэйгээ уулзсан. Өчигдөр намын Удирдах зөвлөлийн хурлаар таван хүний өөрсдийнх нь байр суурийг сонссон. Удирдах зөвлөлийн хуралдаан дээр Шадар сайд У.Хүрэлсүх, БХ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа гарах бодлого шийдвэрийг дагаж, намаасаа нэр дэвшсэн нэр дэвшигчээ дэмжиж ажиллана гэдгээ хэлж нэрээ татсан. Ингээд өнөөдрийн бага хурлын хуралдаанд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлнэ.
Энэ удаагийн бага хурал маш ардчилалтайгаараа онцлогтой хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ