МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга...

Парламентад суудалтай гурван улс төрийн хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж байна.
МАН М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойлоо
Өчигдөр МАН-ын баг хурлын VIII хуралдаан болж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батламжиллаа. Тус намын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр бага хуралдаа оруулж ирсэн. Нууц санал хураалтаар бага хурлын 259 гишүүдийн 85.7 хувь нь намын даргадаа саналаа өгснөөр УИХ-ын дарга М.Энхболд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж, батламжлав.
Х.Баттулга АН-ын сонгуульд ялжээ
Харин сөрөг хүчин АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах асуулга өчигдөр 10.00-20.00 цаг хүртэл үргэлжилсэн. 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны намын хороо, үүрүүдээр дамжуулан гишүүдийнхээ дунд санал асуулга явуулсан юм.
АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан гэсэн зургаан эрхэм дотоод сонгуульд өрсөлдсөн.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн зургаан нэр дэвшигч “Ардчилсан намын санал асуулгад оролцогчдын эв нэгдлийг гэрээ” байгуулсан байлаа. Гэрээнд, “Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс эв нэгдлийг эрхэмлэх дээдлэх мөн төр ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон цаашид хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна” гэдгээ мэдэгдсэн. Цаашлаад хамтын ажиллагаандаа долоон заалт тусгажээ. Энэхүү заалтад Үндсэн хууль, хууль, намын Үндсэн дүрэм, журмыг сахин биелүүлэх, ил тод байдал, шударга ёсыг сахин хамгаалах, эрх тэгш хандах, намын эв нэгдлийг хангах, дүрмийн бус аргаар өрсөлдөхгүй байх, бусад оролцогчдынхоо нэр хүндэд халдахгүй, аливаа сөрөг үйл ажиллагаа явуулахгүй байх, АН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, ялсан оролцогчоо хүлээн зөвшөөрч, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших аливаа үйл ажиллагаанд нь дэмжин, хамтран ажиллахыг эрхэм зорилго болгоно” хэмээн “тунхагласан”. Тиймээс гишүүдийн олонхийн санал авч ялсан нэгэндээ ялагдсан бусад нь хүндэтгэлтэй хандаж зарга үүсгэхгүй гэж үзэж болох юм.
Ямартай санал хураалт дууссаны дараагаар асуулга зохион байгуулах комисс өнгөрсөн шөнө дүнг нэгтгэж дууссан байна. АН-ын гишүүд Р.Амаржаргал, Х.Баттулга нарт түлхүү санал өгсөн байна. Учир нь санал тооллогын явцын мэдээгээр Р.Амаржаргал илүүрхэж явсан. Харин нэгтгэсэн дүнгийн урьдчилсан мэдээллээр УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хамгийн олон саналыг авчээ. Өнөөдөр АН-ын зүгээс хэвлэлийн бага хурал хийж, дотоод санал асуулгын дүнг албан ёсоор мэдээлэх юм. Цаашлаад санал хураалтад хамгийн өндөр оноо авсан дэвшигчийг одоо тавдугаар сарын 6-нд болох VIII их хурлаар нууц санал хураалт явуулж, баталгаажуулна.
МАХН маргааш нэр дэвшигчээ тодруулна
Парламент дахь гурав дахигч хүчин МАХН-ын бага чуулган маргааш хуралдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна. Тус намаас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, эсвэл бусад гэсэн хувилбар яригдаж байгаа.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ долоо хоногт тодрох юм.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ