Уул уурхайн аврах ажиллагааны дадлага боллоо
2017-05-04

“Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль Өмнөговь аймагт үргэлжилж байна. “Говийн чоно” олон улсын дадлага сургуулийн нэг онцлог нь бодит гамшгийн нөхцөл байдалтай хамгийн ойр нөхцөлд гамшгийн голомтод гамшгийн хор уршгийг арилгах ажиллагааг зохицуулах дадлага сургуулилтыг явуулдаг.

 

Энэ удаагийн олон улсын сургалт, дадлага сургуулийн үеэр ч Өмнөговь аймаг болон өмнөд бүсийн нутаг дэвсгэрт  тохиолддог болон тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагаа, хүн, малын гоц халдварт өвчний хээрийн эмнэлэг дэлгэх дадлага, уурхайн аврах ажиллагааны дадлага, Даланзадгад, Цогтцэций сумдын иргэдийг нүүлгэн шилжүүлэх  зэрэг дадлага сургуулилтуудыг зохион байгуулж байна.

 

Тухайлбал, өчигдөр Цогтцэций суманд уул уурхайн аврах ажиллагааны хамтарсан дадлага сургуулийг зохион явууллаа. Дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Уул уурхайн анги, Цогтцэций сумын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн албан хаагчид, “Энержи ресурс” ХХК-ийн аврах нэгж, сумын тусламжийн, механикжсан хэсэг, хамгаалалтын алба, цагдаагийн хэлтсээс нийт 90  гаруй хүн оролцож 15 техник хэрэгслийг дайчлан ажиллав.

 

Сүүлийн жилүүдэд тус аймагт уул уурхайн салбар хөгжиж байгаагийн хэрээр уул уурхайн осол олон тохиолдох болсон. Тус аймгийн  нутагт Цогтцэций сумын Ухаа худаг, Тавантолгойн уурхай, Гурван тэс сумын Нарийн сухайт, МАК, SGS, Хан богд сумын Оюутолгой, Мандал-Овоо сумын Олон Овоот, Хүрмэн сумын Эрдэнэ-Уул зэрэг 20  орчим уул уурхайн байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин