Монгол тамирчин Азийн дээд амжилтыг шинэчлэв
2017-05-10

 

Индонез улсад энэ сарын 1-5-ны өдрүүдэдэ пауэрлифтингийн насан хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 15 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдсөн.

 

Тэднээс  өсвөр үеийнхний ангилалд н.Билгүүн суултын төрөлд 220, хэвтээ шахалтын төрөлд 140, газраас таталтын төрөлд 220 кг-ыг татсанаар алтан медаль хүртэв. Тэрбээр гурван төрөлд аваргалж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн. Мөн залуучуудын 59 кг-ын жинд А.Эрдэнэцогт суулт, таталтын төрөлд мөнгөн медалийн эзэн болсон бол 120 кг-ын жинд М.Дорж суултын төрөлд 280 кг-ыг өргөснөөр мөнгө, шахалтаар 230 кг-ыг шахаж алт, таталтын төрөлд 252.5 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртсэн байна.  

 

93 кг-ын жинд Б.Дашзэвэг алт, мөнгө, хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр дэд байрт оров. 105 кг-ын жинд Д.Ууганбаяр суултын төрөлд 280 кг-ыг өргөж алт, шахалтын төрөлд 230 кг-ыг шахаж алт, таталтын төрөлд 242.5 кг-ыг татсанаар  аваргалсан юм.  Ийнхүү тэрбээр нийлбэр дүнгээр тивийн аварга болов.

 

Тэмцээний сүүлийн өдөр  +120 кг-ын жинд Ц.Баярхүү дөрвөн алтан медаль хүртсэн бөгөөд “Опен” ангилалын 66 кг-ын жинд Д.Бтсайхан таталтын төрөлд 252.5 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртсэн. Мөн  93 кг-ын жинд С.Мөнх-Эрдэнэ шахалтын төрөлд 325 кг, таталтаар 280 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр тэргүүлсэн.

 

Түүнчлэн Т.Эрдэнэхүү 300 кг-ыг шахсанаар алтан медаль хүртээд зогсохгүй Азийн дээд амжилтыг шинэчиллээ. Мөн -105 кг-ын жинд Ш.Батзул шахалтын төрөлд 242.5 кг-ыг шахсанаар мөнгө, таталтын төрөлд 270 кг-ыг татсанаар хүрэл медаль авсан бол +129 кг-ын жинд Д.Анхбаяр шахалтын төрөлд хүрэл медаль хүртсэн юм. -129 кг-ын жинд Б.Гантулга суултын төрөлд 340 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 240 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэд байрт оржээ.

 

Мөн АНУ-ын Техас мужид болсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Х.Баттөмөр 205 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртсэн. Мөн энэ жинд өрсөлдсөн Б.Батцэнгэл шагналт тавдугаар байрт орсон байна.

 

Ийнхүү манай улсын пауэрлифтингийн тамирчид тив дэлхийн тэмцээнд  бахдам амжилт үзүүлэн эх орондоо ирлээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин