Лавров: АНУ-д хийсэн айлчлал үр дүнтэй боллоо
2017-05-12

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 2013 оноос хойш анх удаагаа АНУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийсэн билээ.

 

 

Тэрбээр олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй Украин болон Сирийн асуудлаар хэлэлцсэн юм. Сайдын айлчлалын гол зорилго “Сирид аюулгүй бүс байгуулахад АНУ-аас дэмжлэг хүсэх” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны олон нийттэй харилцах төвөөс мэдээлсэн.

 

Лавров өчигдөр Цагаан ордонд зочилж, Ерөнхийлөгч Дональд Трампт бараалхсан билээ. Уг уулзалт хаалттай болсан бөгөөд хамтарсан хэвлэлийн хурлын үеэр “АНУ-д ирсэн миний зорилго амжилттай биелээ. Уулзалт тун үр дүнтэй болсон. Сирид Аюулгүй бүс байгуулах ажилд АНУ-аас дэмжлэг авах боллоо” хэмээн мэдэгджээ.

 

Мөн Ерөнхийлөгч Трамп уг уулзалтыг “үр дүнтэй” хэмээн тодорхойлсон юм. Сайд Лавров мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзаж, цаг үеийн асуудлаар хэлэлцжээ.

 

Тэд хоёр улсын удирдлагуудын анхны уулзалтын талаар хэлэлцсэн гэнэ. “АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын анхны уулзалт ирэх долоодугаар сард Герман улсад зохион байгуулагдах “Их 20” дээд хэмжээний уулзалтаар болно” хэмээн Тиллерсон мэдэгдлээ.

 

Хэвлэлүүд “Их 20” уулзалтын үеэр удирдагчид уулзана” хэмээн мэдэгдэж байсан ч хоёр улсын Гадаад хэргийн яамнууд хэвлэлээр цацагдаж буй мэдээллийг батлаагүй байсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин