Нялх балчир хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний хуулийг батлав
2017-05-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

 

Нялх, балчир хүүхдэд зориулж эхийн сүүний оронд өгөх хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж худалдаж эхэлснээр эхийн сүүгээр хооллох хүүхдийн үндсэн эрх зөрчигдөх болжээ.   Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1981 онд 34 дүгээр чуулганаараа Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай олон улсын хуулийг, манай улс 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг баталсан байна. 

 

 Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдаад 11 жил хэрэгжсэн хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй болсон байна. Тухайлбал, хуулийн нэр, хуульд хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томьёологдсон, оролцогч талуудын харилцааг бүрэн тусгаагүй орхигдсон, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хоол, ундтай холбогдох харилцаа зохицуулалтгүй орхигдсон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай болжээ. 

 

Орчин үед аливаа бүтээгдэхүүний сав, баглаа боодол нь сурталчилгааны үүргийг давхар гүйцэтгэх болсон. Энэ хуулийн төсөлд эхийн сүүний оронд хүүхдэд өгөх зориулалттай үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг, хооллох хэрэгслийн хамт багцалж “зориулалтын бүтээгдэхүүн” гэж нэрлэх болсон юм. Эдгээрийн сав, баглаа боодолд тавих нийтлэг шаардлагыг оруулж, бүтээгдэхүүнийг сүүн тэжээл, нэмэгдэл хоол, хооллох хэрэгсэл гэх зэргээр  бүлэглэн тусгай шаардлагыг тусгажээ. 

 

 Хуулиар 6 сар хүрээгүй хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн аливаа хүнсний бүтээгдэхүүнээс бусад бүх бүтээгдэхүүнийг зах зээлд худалддаг. Харин зар сурталчилгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Олон улсын эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай олон улсын хууль болон Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуульд заасан байдлаар тусгасан байна. 

 

Гишүүдийн олонхийн саналаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг баталлаа. 

 

Ингээд Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хийж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин