О.Алтансүх: Гэр бүлд зориулсан бодлогын “Меню” хэрэгтэй
2017-5-15

Монгол Улсын Засгийн газар нийгмийн тулгуур багана болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллыг төрийн бодлогоор цогцоор нь хэрэгжүүлэх агентлагтай болоод хагас жил орчим хугацаа өнгөрлөө. Гэр бүлийг дэмжих төрийн бодлого, хүүхдийн хөгжлийн цогц асуудллууд  сүүлийн 26 жил үндсэндээ орхигдоод байсан гэсэн шүүмжлэл гардаг. 2016 оноос хүүхэд гэр бүл залуучуудын асуудлыг төр тусад нь анхаарч бодлогын бие даасан агентлаг байгуулсан. Энэ байгууллагын хувьд шийдэх цэгцлэх “овоорсон” асуудал их байгаа нь тодорхой. Энэ талаар тус агентлагийн дарга О.Алтансүхтэй тун том сэдвийн хүрээнд маш товч ярилцахаар редакцдаа урьлаа .

 

 

-Улс орны үнэт зүйл болсон Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн асуудлыг цэгцэлж суугаа танай агентлагийн хувьд 5, 6-н сар онцлог болж байна гэж харлаа. 

 

-Юун түрүүн хүүхдийн сайн сайхны төлөө сэтгэл оюунаа шавхан ажиллаж ирсэн үе үеийн ахмадууддаа Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөн өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлье. 92 жилийн түүх гэдэг бол бараг нэгэн зууны буюу манай шинэ цагийн түүхэн бүхэл үеийн хэмжүүр. Энэ үйл хэргийг  өртөөлөн залгамж болон ажиллаж байгаа бүх хүний хувьд энэ бол онцлон тэмдэглэх баярын өдөр. Монголчууд бид элэг бүтэн жаргал гэж ерөөлийг ам дүүрэн хэлдэг. Хүн бүрийн амьдралын том философи энэ үгний цаана байдаг гэж хувьдаа боддог. Гэр бүл, хүний амьдралын бүхий л утга учир ч гэж ярьдаг. Энэ үгийн цаад агуулга  бидний ажлын эрхэм зорилго үүрэг хариуцлагыг шууд тодорхойлчихож байгаа юм. Бид маш олон баярыг тэмдэглэдэг ч Гэр бүлийн баяр гэдэг бол миний хувьд хамгийн сайхан баяр. Тиймдээ ч нийт уншигчид болон монголынхоо 861 мянга өрхдөө Олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргэж байна. Өрх айл бүр өнөр жаргалтай байх болтугай. Хөгжилд хүрсэн аль ч улс  оронд гэр бүл түүнд багтах үр хүүхэд, эдийн засгийн ойлголт төрийн бодлогынх нь гол цөм болж байдаг. Үүний илрэл нь дэлхий нийтээрээ  гэр бүлийн өдрийг тусгайлан тэмдэглэж байгаа нь үүний нэг илрэл байх. Цэнхэр гарагийн долоон тэрбум хүний амьдралын туйлын  эрхэм чухал утга учрыг сануулсан өдөр ч гэж болно л доо.

 

-Өргөн утгаараа дэлхийн хүн төрөлхтний үнэт зүйлийн тухай ярих ёстой өдөр гэж ойлголоо. Энэ өдөр хийхээр төлөвлөсөн ажил арга хэмжээ их байгаа байх тийм үү?

 

-Арга хэмжээ ихийг төлөвлөснөөрөө асуудал шийдэгдэхгүй болов уу. Дээр хэлсэнчилэн бид энэ их “завгүй” амьдралынхаа завсарт Гэр бүл, үр хүүхэд гэсэн юугаарч солишгүй үнэт зүйлдээ анхаарлаа хандуулах, нөгөө талаас төрөөс гэр бүл хүүхдүүдийнхээ төлөө барих бодлогынхоо хэрэгжилтийг дүгнэх, олон нийтийн санаа бодлоор бүтээлчээр баяжуулах нь чухал байх гэж харж байгаа. Энэ зорилгын дор энэ өдөрт зориулж бэлдсэн төлөвлөсөн зүйл нэлээд байгаа.   

 

Гэр бүлийн өдрийн тухайд бол бид нийгэмд гэрэл гэгээг нэмж байдаг хүүхдүүдээ онцолж байгаа. Тиймдээ ч “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” олон нийтийн санаачилга өрнүүлэх ажлыг хоёр сарын турш зохион байгуулахаар ажиллаж байна. Гэр бүлээрээ, халуун ам бүлээрээ хамт байж, нэг өдөр тэднийхээ сэтгэлд мартагдашгүй дурсамж сэтгэгдэл үлдээх ховор өдрүүдийн нэг нь  энэхүү дэлхийн гэр бүлийн өдөр байх талаас нь харж хоолны газрууд, музей, кино үзвэр, театр зэрэг үйлчилгээ эрхэлдэг газруудад гэр бүлд зориулсан тусгай меню, үйлчилгээний хөнгөлөлттэй нөхцөлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах талаар хүсэлт хүргүүлсэн. Үйлчилгээний байгууллагууд их уриалгахан дэмжиж байгаа. Мөн энэ өдрийн хүрээнд  “Би гэр бүлдээ үүнийг хүснэ” гар зураг, шүлэг, зохион бичлэгийн уралдаан, “Авъяаслаг гэр бүл” улсын уралдаан,  “Эцэг эхийн үндэсний зөвлөгөөн” зэрэг ажлуудыг хийж байна. “Эцэг эхийн үндэсний зөвлөгөөн” нь Монголдоо анх удаа зохион байгуулж байгаа арга хэмжээ. Урьдчилсан байдлаар 700-800 эцэг эх оролцохоо илэрхийлээд байна. Зөвлөгөөний үеэр бодлогын шинэ шийдэл, зөв гарцууд хөндөгдөж, хүүхдийн талаар тулгамдсан асуудлыг шийдэх үнэтэй санал, санаачилга гарна гэсэн хүлээлттэй байна.  

 

-Хэдхэн хоногийн дараа Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6-р сарын 1-ний өдөр тохиох гэж байна. Энэ өдөр бяцхан үрсдээ зориулсан ямар ажлуудыг хийхээр зэхэж байна.

 

-Тэгэлгүй яахав.  Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлнэ гэж тусгагдсан байгаа. Тэр үүднээс бид олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Тэдгээрээс заримыг нь дурдвал Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Уран зургийн галерейд хүүхдийн гар зураг, захидлын уралдааны шилдэг бүтээлүүдийг олонд дэлгэж, хүүхэд юу чаддаг, юу хүсдэгийг харуулахыг зорьж байна. Мөн Чингисийн талбай дээр болох баярын арга хэмжээний үеэр эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” гар утасны тусгай аппликейшнийг танилцуулах юм. Харин баярын өмнөх өдөр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн "Хөхөө намжил" дуурийг асрамж халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдээ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний хамт үзэж сонирхуулахаар төлөвлөсөн байна.

 

-Зуны улирал амралтын цаг ч гэлээ хүүхдүүдийн  асуудал зохицуулах агентлагт ажил мөн л ундардаг биз ?

 

-Зун цагт хүүхдүүдээ бүтээлч идэвхтэй амруулах тал дээр анхаарч байгаа. Зуслан, сургалтын төвүүдийн нэгдсэн үзэсгэлэн яармаг зохион байгуулж, хүүхдүүдийг зуны амралтаар нь хөгжүүлэхэд чиглэсэн нэгдсэн мэдээллийн цэгийг байгуулахаар ажиллаж байна. Олон эцэг эхийн өмнө тулгамддаг асуудал бол мэдээлэлтэй байх. Ихэвчлэн ам дамжсан мэдээлэлд түшиглэж сонголт хийхэд хүрдэг байсан шүү дээ. Жишээлбэл, миний хувьд энэ ажлаа авахаасаа өмнө хүүхдүүдээ аль сургуульд сургах, хаана амраахаа хүний амаар, эсвэл интернэтээр хайгуул хийж олж авсан мэдээллээрээ санамсаргүй шийддэг байсан. Энд тодруулж хэлэхэд хүүхдийн зуслан бүр өөрийн гэсэн онцлогтой, зарим нь үндэсний өв уламжлалд тулгуурласан хөтөлбөртэй, гадаад хэлний, хөгжмийн, спортын гэхчилэн хөтөлбөрөөрөө ялгарч байгаа. Нэг талаас энэ салбарт шударга эрүүл өрсөлдөөн бий болж түүний зөв тусгал нь хүүхдийн сайн сайханд үйлчилж байвал бид хувийн, улсын гэх байдлаар ялгавартай хандахгүй. Адил дэмжинэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч мөн  “Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зуслангуудын үйл ажиллагааг дэмжинэ” хэмээн заасан байгаа. Бид бүх зуслангуудын захирлуудыг хүлээн авч уулзсан. Нэгдсэн лавлахад мэдээллээ өгөхийг хүссэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж байна. Энэ бол бас чухал. Зуслан зугаатай төдийгүй хүүхдийг хөгжүүлдэг талаа барьж өргөжих ёстой. Энэ 6 дугаар сарын 10-аас зуслангуудын үйл ажиллагаа эхлэхээс өмнө зуслангуудын нэгдсэн мэдээлийн сайтыг ашиглалтанд оруулна.

 

 

-Хүүхэд хамгааллын зэрэгцээ хөгжлийн асуудлыг ч орхигдуулалгүй цогцоор нь харж байгаа гэдгийг та хэлэх гээд байна.Тийм үү ?

 

-Тиймээ, өмнө нь Хүүхдийн төлөө үндэсний газар гэж байсан шүү дээ. Өнгөрсөн 26 жил Монгол улсад хийгдсэн хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааг харах юм бол хүүхдийн хамгааллын асуудлыг л ярьсан байна. Эрсдэлд орсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалахын тулд ямар үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний зардал нь ямар байх вэ гэхчилэн хууль эрх зүйн талаасаа дажгүй сайн цэгцэрсэн. Гэхдээ хөгжлийн хувьд юу байх юм бэ гэдгээ сайн томъёолж чадаагүй. Энэ талд дээр маш бага анхаарал хандуулж, мөнгө төсөвч чамлалттай явж ирсэн байна.

 

Хамгаалах шаардлагатай хүүхдүүд дунджаар орон нутагт 5%, нийслэлд 10% байна. Өөрөөр хэлбэл, амьжиргааны нөхцлөөс шалтгаалж 1000 хүүхдийн 100 орчим нь ямар нэг байдлаар хамгаалуулах шаардлагатай байна гэдэг асуудал яригдаж байгаа юм. Гэтэл үлдсэн 900 хүүхэд буюу 90 хувьд нь хөгжлийн үйлчилгээ ямар байх вэ гэдэг асуудал орхигдсон. Огт юм хийгдээгүй гэж хэлэхгүй. Гэхдээ тохиолдлын цаг үеийн хандлагатай, бизнес хувийн хэвшлийнхэн болон ТББ-ын санаачилга дээр тулгуурлаж явж ирсэн. Үнэндээ хүүхдийн хөгжлийн асуудлыг сайн дураараа зуслангууд л хийж, ярьж ирсэн. Жишээлбэл, өдөр өнжүүлэх төвүүдийн стандарт болон лицензийн асуудал одоо болтол шийдэгдээгүй л явж байна. Хоёрдугаар ангийн хүү маань өглөө хичээлдээ яваад, 12 цагт гэртээ ирж аяга хоол идчихээд өдөр өнжүүлэхэд явдаг. Тэнд 18 цаг хүртэл хичээл хийдэг. Энэ хүүхэд жинхэнэ хөгжих ёстой цагийнхаа 90%-ийг хичээл хийхэд зориулж байгаа юм. Энэ нь хүүхдийг хичээлээс залхах, цаашлаад зугтах сөрөг зүйлд түлхэнэ. Тиймээс бид өдөр өнжүүлэхэд хүүхэд хөгждөг, инээдэг, ядаргаагаа тайлдаг газар байх журам, лицензийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

 

ӨНӨӨДӨР ЗАВГҮЙ ШАЛТГААНААР АЛДАЖ БАЙГАА ӨДӨР БОЛГОН ХҮҮХДИЙН ЧИНЬ ИРЭЭДҮЙГЭЭС НЭГ, ХОЁР ЖИЛИЙГ “ХУЛГАЙЛЖ” БАЙГАА ЮМ.

 

-“Хичээлээ л сайн хий!” гэдэг эцэг, эхчүүдийн хандлага ч өөрчлөгдөх цаг болсон санагддаг. Хөгжлийн асуудлыг хөндөж байгаа нь чухал юм. 

 

-Сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа хос дугуйтай байх ёстой. Бид 26 жил хүмүүжлийн асуудлыг орхигдуулсан. Шулуухан хэлэхэд ямар ч байгууллага дээр хүмүүжлийн ажлын зардал гэж байхгүй. Хүмүүжил, ёс суртахууны асуудал орхигдсон учраас гэр бүлийн нөхцөл байдал үнэндээ хүнд болчихсон. 2017 он гарснаас хойш хүүхдийн хамгаалах байр ажиллуулж байгаа. Хүүхдийн тусламж үйлчилгээний 108 утсанд 0-3 насны 86 хүүхэд хамгаалах байранд ирээд байгаа нь бид гэр бүлийн харилцаа, ёс суртахууны гүн хямралд орсон гэдгийг харуулж байгаа юм. Гэр бүлийн чиглэлээр өмгөөлөл явуулж байгаа гэр бүлийн зөвлөх хуульчийн яриагаар 1970-аад оны төгсгөл үеэс өмнөх үеийн гэр бүл салалтын маргаан хүүхэд байдаг байсан бол одоо гэр бүл салалтын гол маргаан нь өмч болсон тухай хэлдэг. Машин байраа хэн авах вэ гэдэг нэгдүгээрт, хүүхэд хоёрдугаар асуудал болчихоод байна. Хүүхдээ тойроод ингээд яривал бид хоёрт их цаг хэрэгтэй болно. Зарим нэгээс нь энд дурдаж байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа бас нэг асуудал бол тэдний өмчлөх эрх.

 

Нэг хүүхэд инноваци хийгээд цоо шинээр бүтээгдэхүүн сэдээд гаргахад оюуны өмчийн эрхийг нь хангах хуулийн зохицуулалт байхгүй. Хүүхэд өөрийнхөө оюуны өмчийг эзэмших эрхгүй. Хүүхдүүд маш олон нээлт хийж, амжилт үзүүлж байна. Тэдний бай шагнал эцэг эх, асран хамгаалагчдад нь ирж байна шүү дээ. Хүүхэд өмчийн хэлбэрээ захиран зарцуулах эрх нь хуулиар хангагдаагүй байгааг зохицуулах хэрэгтэй. Бидний хувьд судалгаанаас чухлын жагсаалт гаргаж чухлаас нь ярьж, шийдэл гаргалгааг нь эрж хайж байна. Хамгийн чухал зүйл бол эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарах цаг болсон. Анхаарал гэдгийг эрүүл байна. Хичээлээ таслахгүй байна гэх хэмжээнд хараад байгаа. Өнөөдөр завгүй шалтгаанаар алдаж байгаа өдөр болгон хүүхдийн чинь ирээдүйгээс нэг, хоёр жилийг “хулгайлж” байгаа юм.

 

НИЙГЭМД САЙН ЖИШЭЭ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

 

-Алдаж байгаа өдөр болгон хүүхдийн ирээдүйгээс хулгайлж байгаа гэдэгтэй бүгд санал нийлээд байгаа. Энэ цагийн гол хулгайч нь интернэт орчин болчихоод байх шиг санагддаг.

 

-Өнөөгийн нийгмийн нэгээхэн онцлог нь дэлгэцийн хамааралтай болчихсон. Бодит харилцаа хязгаарлагдсан. Интернэт орчин хүүхдийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхал зэрэг олон асуудалд эцэг эхчүүд хяналт тавьж, интернэтийн хэрэглээг хязгаарлах уу ? Яаж зохицуулах вэ? гэдэг олон асуудалд албан ёсоор хариу өгч чадахгүй л байна. Дэлхий нийтээрээ энэ тал дээр барьц алдаж байна.

 

Бидний зүгээс сургууль дээр явагддаг нийгэм, хүмүүжлийн ажлын чиглэлээр нэлээд том өөрчлөлт хийхээр ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч гурван ээлжээр ажилладаг нэг, орон нутгийн нэг, хотын төвийн нэг, алслагдсан нэг сургууль сонгож “Хүүхдэд ээлтэй сургууль” хөтөлбөр хэрэгжүүлнэ дээ. Нийгэмд маань сайн жишээ хэрэгтэй байна. Яавал хүүхэд зөв болох вэ? гэдэг дээр эцэг, эх, хүүхэд, багш, нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагааг төвлөрүүлж ажиллана.

 

-Хүүхдийн хөгжлийн талаар нэлээд ярицлаа.  Эцэг эхчүүд  ч зөв төлөвшил гэж их ярих болсон санагддаг.

 

-Би ч та ч эцэг эх, бид бүгд л адил. Хүүхдээ ирээдүйдээ мундаг, болж өгвөл Супер байгаасай гэж л хичээдэг. /инээв/ Гэхдээ ганц боловсролд нь хэт их улайрч анхаараад байгаа л даа. Хүмүүжил хөгжил гэсэн хос төгөлдөршлийг одоо ярих болсон. Төлөвшсөн хүүхэд бол буруу зуршил юунд хүргэдэг, ямар хүмүүстэй нөхөрлөхгүй байх вэ гэдгээ ойлгож мэднэ шүү дээ. Энэ жилээс Хууль зүйн сайдаар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Өсвөрийн сэргийлэгч гэдэг хуучин үйл ажиллагааг сургууль болгон дээр сэргээн хэрэгжүүлж байна. Цагдаж, хорихдоо биш сэргийлэхдээ гол нь шүү дээ. Хүүхдийн оролцооны байгууллага дээр тулгуурлаж, Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийг ажиллуулж, арга зүйгээр хангаад ирэхээр хүүхдэд сайнаар нөлөөлдөг. Бас нэг ярих асуудал бол нөхөн үржихүйн. Өсвөр насны хүүхдүүдийн дунд нөхөн үржихүйн асуудал тодорхой системтэйгээр өгдөггүйгээс болоод жирэмслэлт, үр хөндөлт их байна. Өсвөр насныхан тодорхой мэдээлэлгүй ийм байдалд хүрчихээд, эрүүл мэндийн үйлчилгээг ихэвчлэн дам сургаар авдаг нь судалгаагаар харагдсан.

 

-Өсвөр насны охид, хөвгүүд бие биенээ уруу татах, ямар нэг хүнд асуудал тулгарахад найзынхаа л хүрээнд ярьж, өөрйигөө улам ганцаардуулах Эрүүл мэндээрээ насан туршдаа хохирох Энэ тал дээр ухаан зарж, хүч тавьж ажиллах цаг болсон шүү дээ. 

 

-Үнэхээр болсон. Өсвөр насны хүүхдүүдийн дундах бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт маш ноцтой, анхаарал татахуйц хэмжээнд очсон нь олон тандалт судалгаагаар илэрхий болоод байна. Энэ бүгдийн цаана дахиад л нөгөө ёс суртахууны асуудал яригдана. Эрик Фроммын “Хайрлах урлаг” номонд “Эхлээд өөрийгөө хайрлаж сур, өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрлах арга барилд суралцдаг” гэсэн үндсэн ганц л ойлголт байдаг. Өглөөнийхөө цайг тогтмол ууж чадахгүй, өөртөө анхаарал тавьж мэдэхгүй байгаа бол бусдад анхаарал тавьж, хийсэн үйлдлээсээ болж бусдыг хохироохоосоо айхгүй шүү дээ. Гэр бүлийн харилцаа, орчин бол хүүхдэд шууд тусгал нь болж байдаг. Эцэг эхчүүдээс маш их зүйл шалтгаалж байгаа. Үе тэнгийн найз нөхөд, эцэг эх, сургууль хамт олны нөлөөлөл гэсэн энэ гурвалжинг зөв уялдуулж чадах юм бол асар их амжилтанд хүрнэ. Ли Куан Юугийн “Сингапурын хөгжлийн нууц” номондоо бид хожим ойлгож мэдсэн ч өөрчлөлт шинэчлэлтийнхээ үед ганцхан зүйлийг хийсэндээ л бахархсан. Уралдаан шалгалтаас хамгийн өндөр оноо авсан шилдэг таван сурагчийг багш, цэцэрлэгийн багш болгож, нийгмийн асуудлыг нь бүрэн шийдсэнээр 20 жилийн дараа гэхэд мэдлэгийн түвшин, ёс суртахууны түвшин, IQ, багаар ажиллах түвшин итгэмээргүй өндөр болсон байдаг. Сүүлд солонгосчууд үүнийг нэлээд сайн хуулж байгаа гэж дурдсан байсан. Харин манайд бол эсрэгээрээ байгаа шүү дээ. Энэ бүх суурь концепцийг өөрчлөхгүй л бол бид их цаг хугацааг алдана.  

 

-Өсвөр насны охидын асуудлыг хөндсөнийх, үе тэнгийн хөвгүүн, насанд хүрсэн залуусын уруу таталтын өмнө хүнд байдалд орчихоод байгаа охидод зөвлөгөө өгөх төв, хандах газар бий юу?

 

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 24 цагаар үнэ төлбөргүй дуудлага авдаг. Нийт дуудлагын 20% хүнд байдал орсон, хүчирхийлэлд өртсөн, хамгаалах үйлчилгээ шаардлагатай хүүхдүүдийн дуудлага байдаг. Зөвлөгөө мэдээллийн хүсэлт үлдсэн 80%-ийг эзэлж байгаа учир боломжтойг нь утсаар зөвлөж чиглүүлж байна.

 

Хуулинд заасан хамтарсан багийн хийх хамгийн чухал ажил бол эдгээр хүүхдийг байнгын хяналтанд байлгаж, бусдад уруу татагдахаас сэргийлэх юм. Хүүхдийн зуслангууд ч үүнд хувь нэмрээ оруулж байна. Өнгөрсөн жил Олон улсын Найрамдал зуслан 2000 хүүхэд амраасны 10 хувь нь төлбөрийн боломжгүй 200 хүүхэд байх жишээтэй. Ялгаварлан гадуурхагдсан, үл хайхрагдсан, өөртөө дутуу мэдрэмжтэй тэр хүүхдүүдэд зориулсан үйлчилгээг зуслангууд санал болгох ёстой. Нийт хүүхдүүдийн үлдсэн 80 хувийнх нь хөгжлийн асуудлыг зайлшгүй ярих ёстой. Өөрөөр хэлбэл бид пицца хийх гээд ганцхан зүсэм дээр нь бүх бяслаг, хачираа овоолчихоод бусад нь хоосон цулгуй болгочихсон гэсэн үг. Одоо бидний хийж байгаа олон алхмууд магадгүй 20 жилийн дараа үр дүнгээ өгч эхлэх байх.

 

ТЭДГЭЭР ХҮҮХДҮҮДИЙН 60 ХУВЬ НЬ ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВААГҮЙ, ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭМЖЭЭ АВЧ ЧАДААГҮЙ ҮЛДСЭН

 

-Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийн тухайд сайн дурынхан, хүмүүнлэгийн байгууллагын тусламж, халамж хамгийн их очдог тул хангамж талаасаа харьцангуй гайгүй байх гэсэн төсөөлөл нийгэмд байдаг. Тэдэнд нэн тэргүүнд ямар асуудал тулгарч байгаа бол?

 

-Энд эхлээд хэдэн тоон мэдээлэл хэлж болно л доо. Өнгөрсөн 2016 оны 11 сараас манай агентлаг дээр ажлын хэсэг байгуулагдаж, улмаар  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр ажлын хэсэг гарч 7 сарын хугацаанд 23 байгууллагын 33 асрамж, халамжийн төвд 1012 хүүхэд амьдардаг гэсэн тоон мэдээлэлтэй болсон. Гэтэл биднийг анх ажил авахад 1200 хүүхэд амьдарч байгаа гэсэн мэдээлэл л байсан. Үнэндээ хүүхдүүдээ орчим гэж тоололгүй нэг бүрчлэн тоон мэдээллийг нь гаргасан юм. Тэдгээр хүүхдүүдээс 699 нь хагас болон бүтэн өнчин, харж хандах хүнгүй. Мөн овог нэргүй, регистрийн дугааргүй 18 хүүхэд гарч ирж байгаа юм. Төр хамгаалалтандаа авчихсан байхад шүү дээ. Тэдгээр хүүхдүүдийн 60% нь хүүхдийн мөнгөө аваагүй, тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авч чадаагүй өдийг хүрчээ. Угтаа бол төрөөс 16 жил хоол  ундных нь мөнгийг өгч байгаа учраас, тэтгэмжээ хурааж байгаад гарахдаа хуримтлалтай байх ёстой байхгүй юу. Иймд дээрх хүүхдүүдэд хуулиар олгогдох тэтгэмжийн мөнгөө авах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх чиглэлээр Иргэний бүртгэл мэдээллийн төв, Халамж үйлчилгээний ерөнхий газар, Цагдаагийн газар, Шүүх хяналтын байгууллагуудтай хамтраад ажлын хэсэг гараад ажиллаж байна. 9 дүгээр сар гэхэд эдгээр хүүхдүүдийг бичиг баримтжуулж, хуулиар баталгаажсан эрхээ эдлэхэд нь бүх талаар нь тусалж дэмжиж, ажлын хэсгийн шалгалтаар гарсан бүх зөрчлийг арилгуулах болно.

 

ХӨШҮҮРЭГ БАЙХГҮЙ БОЛ ЯВАХГҮЙ ГЭДЭГ ЗАРЧИМ БАС ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ЮМ

 

-Төрийн хамгаалалтанд амьдарч байгаа хэрнээ бүртгэлгүй байгаа нь хэний буруу вэ? Хариуцсан хүмүүс сэтгэлгүйнх үү?

 

-Байхгүй бол явахгүй гэдэг зарчим бас үйлчилж байгаа юм. Жишээлбэл, миний хүүхдэд хүүхдийн мөнгө өгөхгүй бол би хөөцөлдөөд авна даа. Тэр хүүхдийнхээ төлөө явахгүй байна гэсэн санаа цухалзаж байна шүү дээ. Асрамж халамжийн төвд амьдардаг 77 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Өнгөрсөн сарын сүүлчээр бүгдийг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ахисан түвшний үзлэг хийгээд эмчилгээний горим гаргаж, карт гаргасан. Цаашид бид хүүхдийн ордны дугуйлан секцэнд хамрагдсан, зусланд амарсан, эмнэлгүүдэд үзүүлж эмчүүлсэн гээд бүртгэж болох бүх шалтгаанаар хүүхдийн тоог гаргаж нэгтгэнэ. ABLE-ийн нэгдсэн системийг үүсгэж зарцуулж байгаа зардал, хийж байгаа үйл ажиллагааны хэдэн хувь нь аль бүлэгт чиглэж байна вэ гэдгийг бодитой харахад түлхэц болно. Тэгэхгүй бол одоо бид юунд чиглэж байгаагаа мэдэхгүй байна.  

 

БИД АКАДЕМИК БОЛОВСРОЛ ДЭЭР СУУРИЛСАН СУРГАЛТЫН АРГА БАРИЛААСАА ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД АМЬДРАЛЫН АРГА УХААНЫ БОЛОВСРОЛ УРУУ ХӨРВӨЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ. 

 

-Хүүхдийн хөгжлийн бас нэг чухал зүйл байна. Цэцэрлэгээс нь эхлээд олгох боловсролыг ээж аав өөрсдөө сонгож байна. Харин гадаад хэл, гадны боловсролын хэв маягийг хэт туйлширч сургаж байгаа нь монгол хүн байхын ухамсарт нь ч нөлөөлж байгаа гэж боддог. Таны бодлоор...

 

-Бидэнд Монгол гэсэн ялгарал хэрэгтэй. Олон жил гадаадад амьдарсан нэг найз маань хүүхдээ монголдоо авчраад монгол хэл заах гээд ноцолдож байна л даа. Монгол хэл сурахгүй байна. Яахав ярина. Хэзээ ч монголоор сэтгэхгүй шүү дээ. Энгийнээр хэлэхэд тэр хүн монголд амьдарч чадахгүй, ойлгохгүй. Хүүхдээ Монголд амьдраад, энэ өрсөлдөөн дунд ороод, Монголыг хөгжүүлээд, Монголын иргэн болно л гэж байгаа бол ул суурийг нь монгол болгон тавихаас өөр аргагүй. Маш сайн англиар ярьдаг, монголоор ярьдаггүй монгол хүнээр яах юм бэ?

 

... Энэ дээр хязгаар тавьсан хатуу бодлого барьдаг улс орнууд ч бий л дээ. Жишээлбэл, Японд 12 нас хүртэл нь ямар ч гадаад хэл заадаггүй. Японы дунд сургуулийн 4 дүгээр ангиас шилжиж ирсэн хүүхэд Монголд 4 дүгээр ангид орж болохгүй байна. Яагаад гэхээр хүнд баярлалаа гэж яаж хэлэх вэ, Бусдын өмнө өөрийгөө илэрхийлэх, найзаа яаж хайрлах вэ гэдэг хичээл үзэж байгаад ирсэн хүүхэд. Харин манайд өөр. Тэгэхээр бид академик боловсрол дээр суурилсан сургалтын арга барилаасаа тодорхой хэмжээнд амьдралын арга ухааны боловсрол уруу хөрвөж ажиллах ёстой гэдгийн жишээ л дээ.

 

Хоёр том хөршийнхөө дунд 3 сая хүн амтай Монгол улс хар хайрцагныхаа бодлогоор зохицуулах ёстой гэж хувь хүнийхээ үүднээс үздэг. Арван жилээ төгсөөд, их дээд сургуулиасаа шууд гадаадад суралцах нь хэр зохимжтойг бодолцох ёстой. Би бол их сургуулиа төгсөөд нэг жил ажиллаж байгаад гадаадад үргэлжлүүлэн суралцсан л даа. Дөнгөж их сургуулийн хоёрдугаар курсээс гадагшаа суралцаж байгаа залуус хүртэл өөр байдаг. Яагаад гэхээр их сургууль төгсчихөөд очиж байгаа хүн бол Монголд энэ чиглэлийн судалгаа байхгүй учраас би энэ чиглэлийг барьж судална гэдгээ олоод харчихсан, лекц, ном сонирхсон ч тэр чиглэлээ судалдаг арга ухаанаа мэдчихсэн байдаг. Тэгэхлээр энгийн юм шиг мөртлөө маш чухал олон хүчин зүйлийг орхигдуулж, олон жил ёс суртахууныг хойш тавьсныхаа горыг амсаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл бол бидний байгуулсан нийгмийн үр дүн шүү дээ. Сэтгэл эмзэглүүлмээр маш олон зүйл байна. Гэхдээ бид тэдэнд бодлогоо чиглүүлээд, тэднийгээ татаж гаргаад аваад явах бүтэц тоглолцоо байхгүй. Энэ дээр том өөрчлөлт хийх ёстой л доо.

 

 ДАРГА БҮГДИЙГ ШИЙДДЭГ БИШ, АЖИЛТНУУД ХҮРТЭЛ ШИНЭ САНААЧЛАГА ГАРГААД ХЭРЭГЖҮҮЛДЭГ БАЙХ ЁСТОЙ

-Өнөөгийн нийгэмд салбар бүрт ядаж зөв бүтцээ ч олоогүй байгааг олон хүнээс сонсож байна. 

 

-Ер нь бол санал нэг байна. Чухал, чухал бишийн дараалал алдагдсан.  Заримыг нь мартчихсан ч юмуу... гэмээр. Манай хамт олон маш сайхан хамт олон бүрдсэн. Бид орой болгон цуглаж, уулзалт хийдэг. Хүүхдэд хамгийн их эрсдэл дагуулж байгаа хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн дэмжчихмээр маш олон сайхан санаа байдаг атал дэмжиж чадахгүйдээ өөрсдөдөө харамсаж ярих ч үе их байна. Жишээлбэл, Сурагчдын холбоо, Замын цагдаагийн хамтран хэрэгжүүлсэн “School police” хөтөлбөр 30 мянган эцэг, эхчүүдийг гудамжинд зогсоож чадсанаар зам тээврийн ослыг 16 хувиар бууруулж чадсан.  Хамгийн гол нь хамрагдсан эцэг эхчүүд сургуулийн хажуугаар хурдаа багасгаж яваад сурчихсан. Иргэний нийгмээс, залуучуудаас гарч байгаа ийм сайхан үр дүнтэй, бүтээлч санаачлагуудыг бойжуулж, хөгжүүлдэг, дэмжих нь чухал байна.

 

БИДЭНД ГЭР БҮЛИЙН ХАМТЫН АМЬДРАЛЫГ ДЭМЖСЭН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ

 

-Гэр бүл салалтын тоо статистик таны ширээн дээр байгаа байх даа?

 

-Ярилцлагын эхэнд хэлсэн үнэт зүйл маань гэр бүл байдаг талаар. Манайд гэр бүлийг дэмжсэн бодлого маш их дутагдаж ирсэн гэж болохоор. Түрүүн хүүхдийн асуудал дээр ч гадаадын орнуудын жишиг ярьсан. Энд дахиад л гадаад улс орны жишээ татах болж байна. Бид хөгжсөн орнуудаас үнэт зүйлээ хэрхэн хамгаалж хөгжүүлж авч яваагаас сурадцах л болоод байна. Уншигчид үүнийг ойлгоно гэж найдаж байна. Жишээлбэл, Германд гэр бүл салалтыг зориуд царцаадаг. Ноцтой хүчирхийллийн шалтгааныг эс тооцох юм бол гэр бүл салахад бараг нэг жил шаардагдана. Гэр бүлийн хамтын амьдралыг Герман улсад хэрхэн дэмждэг нэг жишээ дурьдахад, хувь хүнд эрүүл мэндийн даатгалын орлогын ачаалал 5-15% байдаг. Өөрөөр хэлбэл, нэг хүн сард 160$ төлдөг байсан бол гэр бүл болоод хамтдаа 160$ төлдөг. Эдийн засгийн хөшүүрэг нь хүртэл гэр бүлийг дэмжихэд чиглэдэг. Жишээлбэл, Норвегид ямар ч бодлого гаргахад сайн дурынхнаас бүрдсэн Гэр бүлийн хороогоор хэлэлцэгдэж, энэ хууль хэрэгжсэнээр гэр бүлд ямар нөлөө гарах талаар дүгнэлт гаргадаг.

 

-Манайд гэр бүлийг салалтийг нийгмийн хүчин зүйл талаас нь авч үзвэл салж  сарнихаас аврах талд нь эерэг нөлөөлөл тун бага л байна даа.  

 

Уламжлалт онцлогосоо хамаараад хот хөдөөгийн шилжилт Монголын гэр бүлийг маш ихээр салахад хүргэсэн байдаг. Эрчүүд нь малаа маллаад үлдэнэ, эмэгтэйчүүд нь сургуульд сураад ирлээ ч гэсэн соёлын ялгаа гарчихаар эргээд суудаггүй. Орон нутагт бат бөх гэр бүлийн тоо буурсан гэх мэтчилэн манай агентлагийн зөвлөх, гэр бүл судлаач “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Мөнхөө гуай олон жишээг дурьддаг.  Залуучууд маань гадаадад гарч ажиллах хүсэлтэй болсон. Үүний цаана мөн л гэр бүл салалт үнэт зүйлийн тухай асуудал орхигдож ирсэн. Зүүн өмнөд Азийнхан Япон, Солонгост ажиллах хүчин гаргахдаа гэр бүлтэй нь хамт гаргах шаардлага тавьж эхэлж байна. Манайд тийм зохицуулалт байхгүй учраас  Японоос ажиллах хүчний захиалга ирж байна. Бидэнд гэр бүлийн хамтын амьдралыг дэмжсэн бодлого хэрэгтэй.  

 

 

-Та бидний ярилцлага уншигчдад тодорхой өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байна. Дараа амжилт бүтээлээр дүүрэн, ажил үйлсээ дүгнэж ярилцъя. Таны хэлэх нэг сайхан уриалгаар ярилцлагаа өндөрлөе!

 

Бүх гэр бүлүүддээ аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье! Аз жаргалтай байна гэдэг энгийн мөртлөө амархан гэдгийг бид бүгд л мэдэрдэг ойлгодог. Эрик Фроммын “Бусдыг хайрлахын тулд өөрийгөө хайрлаж сур, хайрлах гэдэг урлаг, арга эв юм” гэдэг үгийг дахин хэлье дээ. Жинхэнэ утгаараа чин сэтгэл зүрхнээсээ нэгийгээ хайрладаг байя. “завгүй” амьдралын золиосноос үнэт зүйл гэр бүлээ хамгаалж чаддаг байцгаая гэж уриалья. Олон сайхан санаачлага залуу гэр бүлүүдээс гарч, хэрүүл хагарал, үл ойлголцолгүй, аз жаргалаар дүүрэн байгаасай гэж ерөөе. 

 

Эх сурвалж: TV ZONE

М.Хонгорзул

Shuud.mn
Сонин хачин