Эдийн засгийг гутранги маягаар төсөөлж болохгүй
2017-05-17

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр байлаа.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.   Ирэх оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг гишүүд шүүмжилж байлаа.

 

 Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:

 

Эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлээ бодитоор тооцож оруулж ирмээр байна. Мөрөөдлийн жагсаалт битгий тавиад байна. 2016 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн биелэлтийн тухайд хоёр Засгийн газар дамжсныг харгалзаж үзсэн. 2017 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг бодитоор тооцож, хариуцлага тооцно. Эдийн засаг хүнд байна. ОУВС-гаас авах зээлээ эдийн засгийн сэргээхэд хэрхэн зарцуулах юм бэ. Б.Чойжилсүрэн сайд эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хэрэгжүүлэхээр байна. “УИХ эцсийн шийд гаргана, та нар өөрсдөө мэд” гээд хөндий хандаад байна, Сангийн сайд. Эдийн засаг хариуцсан сайд нь байхгүй байхад бид яаж хэлэлцэх вэ.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Үндсэн чиглэлийг аудитын байгууллагаар хянуулах ёстой. Макро эдийн засгийн асуудлаар Монголбанк зэрэг газруудын саналыг сонсох хэрэгтэй Ард иргэд “миний цалин, тэтгэвэр нэмэгдэх үү, ипотекийн зээлийг үргэлжүүлж олгох уу, цэцэрлэг, сургуулийн хүртээмж нэмэгдэх үү” гэдгийг хүлээж байгаа.  Гутаранги маягаар төсөөлж болохгүй. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ нэмэгдээд байна. Төсвийн алдагдал 9.5 хувьтай байна, ОУВС үүнээс буулгаж болохгүй гэсэн гээд байх юм бол яаж зээлжих зэрэглэл сайжрах юм бэ. Үүнийг би ойлгохгүй байна.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 4.5 хувийн өсөлттэй гарах болов уу гэж төсөөлж байхад энэ төсөлд 1.5 хувийн өсөлттэй гээд тавьчихсан байна. Эдийн засгийг бодитой тооцох хэрэгтэй. Ажлын байр хамгийн чухал.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-2018 он Монголын ард түмний амьдралд ямар өөрчлөлт гарах вэ. Ядуурал яаж буурах вэ, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд ямар арга хэмжээ авах гээд шийдэх асуудал их байна. Ядуурлын хэмжээ 40 хувиас давсан байна. Монголын төрийн бодлого буруу яваад байна. Эдийн засгийг томоор нь авч үзэх хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүнээ бид  маш бага үнээр худалдаад байна. Ашигт малтмалын найрлага, бүтэц доторх элементүүдийг шинжилдэг лабораториудаа байгуулъя. Татварын шинэчлэлийг огт ярихгүй байна. Татвар өөрөө эдийн засгийг зохицуулж байдаг. Маш олон зохицуулалт хийх шаардлагатай.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Бичиг баримтын найруулга маш дутуу хийгдэж байна. Засаг руу нь буцааж байх хэрэгтэй. Бид олон түмэндээ олон сайхан зүйл амлаж гарч ирсэн. Улс орны эдийн засаг сайнгүй байгаа ч гэсэн Засгийн газар бүтэн жилээр ажиллах хоёр дахь жилийнхээ үндсэн чиглэлийг ярьж байна. Ажлын байр нэмэгдүүлэх гэдгийг Засгийн газар ойлгохгүй байна. Ажилгүйдлийн эсрэг зарчим баримтална гээд байх юм. Зарчим биш бодлого гаргах ёстой. Иргэдэд наалдахгүй, Б.Чойжоо сайдын кармааны оноо л яваад байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ. Тавантолгой төслөө эхлүүлэхгүй юм уу. Зөвхөн бичиг цаасны ажил хийгээд явах юм. Цаас гаргаад л байна.

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Эдийн засгийн загварууд дотор капитал урсгал руу маш алдагдалтай яваад байна. Улс төрийн шалтгаанаас болоод урьд нь хийж чадаггүй байсан макро эдийн засгийн чиглэлд олон зүйл хийх хэрэгтэй.

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

 

-Засгийн газар тавдугаар сарын нэгний дотор Үндсэн чиглэлийг өргөн барих учиртай. Зургадугаар сарын нэгний дотор батлах учиртай. Манай Валютын сан тавдугаар сарын 25-нд хуралдана. Тав хоногийн дотор ирэх оны үндсэн чиглэлийг хэлэлцэхээр бол хууль зөрчигдөнө. Энэ удаад хэлэлцэх эсэхээ шийдээд, дараагаар нь ажлын хэсэг дээр ярьж, засч залруулъя.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:

 

-Бид танай оруулж ирсэн төслийг дэмжиж хэлэлцэж байгаа. Манай Валютын сан гэж хэлж болохгүй. Үндсэн чиглэлийг хэлэлцэхэд сайд нараа байлцуулаарай. 

 

Ингээд 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны гишүүдийн 69.3 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Манай валютийн сан гэж ярьж бгаа сайд хаанахын ямар этгээд монгол улсын сангийн сайд хийгээд бна.хачин юм сонслоо.
2017-05-17