Төрийн алба улстөрчдийн ”тоглоомын талбар” уу

Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулахаар хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улстөрчид ямар байр суурьтай байгааг хүргэе.
Үндсэн хуультай зөрчилдөх заалт оруулж болохгүй
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:
-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслиийн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагийн хувьд тус хуулийн төслүүдэд анхаарал хандуулж ажиллаж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөж буй заалтууд нэлээд байгаа төдийгүй ТАЗ-ийн хараат бус байдалд нөлөөлөх Засгийн газраас төрийн албаны томилгоо, сонгон шалгаруулалтад дам болон шууд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэхээр зүйл заалтууд олон байгааг эргэж харж, мэргэжлийн байгууллага хүмүүсийн саналыг тусган өөрчлөн найруулах, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж үзсэн. Хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн 46.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагч гэсэн агуулга томъёоллыг орхигдуулсан, журам дүрмээр зохицуулах боломжтой олон зүйлийг хэт хавтгайруулан тусгасан. Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын мэдэлд шилжүүлэн төвлөрүүлэхээр заасан байгаа нь Төрийн албаны зөвлөл, төрийн алба хаагчийн хараат бус тогтвортой ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж дүгнээд байгаа юм.
Төрийн алба тогтворгүй алба болсон
УИХ-ын гишүүн асан академич А.Бакей:
-Төрийн албаны тухай хуулийг сайжруулах ач холбогдлын хувьд маргаан байхгүй зүйл. Өнөөдөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн асуудал бол Монгол Улсын хөгжилд саад болж байгаа гол хүчин зүйл болчихоод байгаа. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж байгаа хэрэгсэл болж хувираад байна. Учир нь төрийн алба маш тогтворгүй, чадамжгүй, мэргэжлийн бус, улстөрждөг алба болсон. Үндсэндээ төрийн алба улстөрчдийн тоглоом болж хувираад байна. Энэ байдал нь аль нэг намын буруугаас болсон гэж хэлэхэд хэцүү. Энэ байдлыг улам бүр даймжруулаад, улам утга учиргүй болгож байна. Тиймээс энэ асуудлыг маш их ач холбогдол өгч нухацтай хэлэлцэж, батлах ёстой хууль шүү. Миний бодож байгаагаар 2008 онд шинэчлэн найруулж, батлагдсан Төрийн албаны тухай хууль сайн хууль. Гэтэл энэ сайн хууль яагаад хэрэгжихгүй байгаа юм гэхээр төрийн албаны удирдах ажилтнууд, улстөрчид зөрчөөд байгаа юм. Түүнээс жирийн төрийн албан хаагч хууль зөрчиж байгаа зүйл бага. Тиймээс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга маягаар хууль баталж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жилд гишүүдийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирээд, бүтэн хоёр жил хэлэлцээд, сайжруулж, батлах гэж үзсэн. Тухайн үед сөрөг хүчин эсэргүүцсээр байгаад огт батлуулаагүй. Тэгвэл одоо энэ хуулийг батлах гэж байгаа бол 2008 онд батлагдсан одоогийн мөрдөж байгаа хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах маягаар батлах ёстой. Шинэчилсэн найруулга дээр энэ 76 гишүүн их хурал дээр 200-300 санал гаргаад ирнэ. Улмаар сайжруулах биш харин ч бүр муу хууль гаргах байх. Тиймээс хэлбэрийн хувьд нэмэлт өөрчлөлт маягаар батлаасай гэж хүсч байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор дэмжиж болохгүй зүйл заалт олон байна. Тухайлбал, сонгон шалгаруулалтыг ЗГХЭГ-т өгөх нь зарчмын хувьд буруу. Харин ч ТАЗ хараат бус байх ёстой. Дахиад хэлэхэд, Төрийн албаны тухай хууль чинь хөнгөн гоомой шийдэж болохгүй түүхэн хариуцлага хүлээх хууль шүү гэдгийг хэлмээр байна. Ялангуяа МАН-ын бүлэг хэт олуулаа буюу УИХ-д 65-уулаа байгаа нөхцөлд маш болгоомжтой батлах ёстой
Төрийн албаны гишүүд улс төрийн шалгуураар орж ирж байна
ТАЗ-ийн гишүүн асан Н.Чадраабал:
-Би энэ хуулийг анх батлагдан гарсан өдрөөс хойш нийтдээ 22 жил гартаа бариад, эргүүлж байгаа хүн. Тиймээс ч энэ хуулийг маш зөв гаргаасай гэж бодож байгаа. Ашгүй намайг ажлын хэсэгт оруулсан байна. Эхний ээлжинд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинэчилсэн найруулга хийх эсэхээ шийдэх хэрэгтэй. Хэрвээ шинэчилсэн найруулга хийнэ гэвэл хуулийг үндсээр нь солих ямар шалтгаан байгаагаа маш сайн тодорхойлох ёстой. Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр уг хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлээд байгаа УИХ-ын 12 гишүүний саналыг оруулаад, шийдвэл бодитой болох байх гэж бодож байна. Ер нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль муу хууль биш. Бидний яриад байгаа мэррит тогтолцоо ч байж л байгаа. Төрийн албаны тухай хуулийн 17 зүйлд суларсан ажлын байрыг дэвшүүлж нөхөх ёстой. Хэрвээ дэвшүүлээд нөхөх боложгүй бол төрийн жинхэнэ албан хаагчдаас шилжүүлэх, шилжүүлэх хүн байхгүй бол нөөцөөс хүн авах ёстой. Харин эдгээр байдлаар ажлын байрыг нөхөх боломжгүй бол ажлын байрыг нийтэд зарлах ёстой гээд заачихсан байгаа. Харин манайхан л улстөрийн сонгуулийн дараа өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулдаг. Манай ТАЗ-ийнхөн ч хуулийнхаа хүчин чадлыг бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Хамгийн гол нь ТАЗ-ийн гишүүд маань өөрсдөө улстөрийн шалгуураар орж ирээд байна. Цаанаасаа “дөнгөлүүлчихсэн” хүмүүс ажил хийж чадахгүй байгаа юм. Тиймээс ч хуулийн зөрчил хаана байгааг, заавал хуулийг өөрчлөх ёстой эсэхийг тодруулах нь чухал. Ер нь төрийн албанд улстөрийн нөлөө ороод байгаа учир бүх албан тушаалтнуудад хууль дээдлүүлэх зарчмуудыг баримтлуулаад, Үндсэн хуулийг л хангаж ажиллах хэрэгтэй байна.
ЗГХЭГ-тай хамтарвал бие даасан байдал нь алдагдана
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх С.Ламбаа:
-Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх болсон шалтгаан, төрийн алба тогтворгүй, хариуцлагагүй болсон нь хуультай холбоогүй. Зүгээр л улстөртэй холбоотой. 2008 оны Төрийн албаны тухай хууль дээр ажиллаж байсан хүний хувьд үнэхээр сайн хууль гэж хэлж чадна. Даанч хуулийг хэрэгжүүлээгүй. Одоо УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилан өргөн бариад байгаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дотор хэрэгжихгүй байсан зүйлүүдийг баталгаажуулсан юм шиг заалтууд орсон байгаад санаа зовж байна. ТАЗ нь ЗГХЭГ-тай хамтарч бүх зүйлээ хийхээр бие даасан, хараат бус байдал нь алдагдана. Ядаж байхад ЗГХЭГ-ын дарга нь сайд байдаг тогтолцоотой учраас шууд улстөртэй холбогдоно гэж харж байна. Ер нь бол Ерөнхийлөгчийн өргөн бариад байгаа хууль чинь мундаг сайн хууль. Өөрөөр хэлбэл, жинхэнэ төрийн албан хаагчдыг бодож, энгийн маягаар хийсэн хууль. Даанч бид өнгөрсөн дөрвөн жил маргалдсаар байгаад баталж чадаагүй. Тиймээс одоо гол зүйлийг нэмэлт өөрчлөлт маягаар оруулаад, батлах бол хаврын чуулганаар батлаж болох юм. Харин шинэчилсэн найруулга хийх бол хаврын чуулганаар хүч түрээд баталчихвал юу ч болж мэдэхээр олон заалт орчихсон байна. Тиймээс үүнийг сайн үзэж, харах хэрэгтэй. Шинэчилсэн найруулга дээр яаруу сандруу олон зүйлийг холиод, наачихсан байна. Сүүлийн үед энэ парламентаар батлагдан гарч байгаа зарим хуулиуд батлагдан гарсаныхаа маргааш “өөрчлөлт оруулах нь зүйтэй боллоо” гэдэг зүйл яриад байдаг боллоо. Тийм зүйл рүү л Төрийн албаны тухай хуулиа битгий оруулаарай гэж хэлмээр байна.
Үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал нь төрийн албаны чанар
УИХ-ын гишүүн асан М.Батчимэг:
-Үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал бол төрийн доройтол буюу төрийн албаны чанарын асуудал болоод байгаа. Төрийн алба улстөрчдийн талбар болоод хувирчихсан. Муухайгаар хэлбэл тэдний гарын шүүс болоод дуусч байна. Энэ нь төрийн албаны өөрийнх нь алдаа гэхээсээ илүү улс төрчидтэй шууд холбоотой. Төрийн албаны тухай хууль хэлэлцэж байгаатай холбоотой олон хэлэлцүүлэг болно гэж байна. Тиймээс төрийн алба гэх чухал зүйлийг хэлэлцэж байгаа учир томоохон хэмжээний энэ мэт олон хэлэлцүүлэг өрнүүлээсэй гэж хүсч байна.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ