Түлэнхийн төв 2018 онд ашиглалтад орно
2017-05-18

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа “Түлэнхийн төв”- ийн барилга цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  2013 онд гарсан. Үүнээс хойш Түлэнхийн төв  Гэмтлийн эмнэлэгт байрлаж “Түлэнхийн тасаг” нэрээр үйл ажиллагаа явуулж буй.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Түлэнхийн төвийн шинэ барилгад Кувейтийн сангаас 8 сая ам.долларын тусламж олгохоор болсон. Харин барилгын ажил эхэлсэн эсэх талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс тодруулахад “Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар барилгын санхүүжилтийн асуудал шийдэгдсэнд бид маш  их баяртай байгаа. Кувейтийн сангаас 8 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газарт өгнө гэсэн. Энэ хүрээнд Гэмтлийн эмнэлгийн гурван корпус болох А, B, C блок барилгыг барихаар төлөвлөөд байна. Барилгыг барихад санхүүжилт хүрэхгүй байсан. Учир нь өмнөх засгийн газар хэтэрхий хөөрөгдөлтэй төсөв баталж, хэтэрхий хөөрөгдөлтэй гэрээ байгуулсан байсан. Тийм учраас бид үүнд хяналт тавьж, 3.8 тэрбум төгрөг засгаас гарч засвар хийх байсныг зөвхөн Куветийн сангийн 8 сая долларт багтаасан. Мөн метр квадратын үнийг хоёр өөр компани, хоёр өөр үнээр хийсэн байсныг өнөөдрийн зах зээлийн ханшид тохируулсан байгаа. Ингэснээр Гэмтлийн түлэнхийн төв 2018 онд ашиглалтад ороход бэлэн болоод байгаа” хэмээлээ.

 

 

2016 оны байдлаар ГССҮТ-д түлэгдэлтийн улмаас нийт 4059 иргэн үйлчлүүлжээ. Яаралтай тусламж авсан хүний 62.2 хувь нь буюу 2525 тав хүртэлх насны хүүхдүүд байна. Энэхүү статистик мэдээнээс бага насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан нь түлэгдэлт  болоод буйг харж болохоор юм.

 

ГССҮТ-ийн 2016 оны тоон мэдээгээр тав хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь түлэгдэлтийн шалтгаанаар энджээ. Нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин