УИХ Засгийн газрыг хүлээдэг байгууллага биш
2017-05-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулав. Хуралдааны эхэнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үзэл баримтлалын төслийг хэлэлцэхээр байлаа. Гэвч Засгийн газрын гишүүд чуулганы танхимд бүрэн ирээгүй байсан юм. Өчигдрийн чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын гишүүд ирээгүй байснаас хойшлогдсон. Үүнд бухимдсан УИХ-ын дарга М.Энхболд:

 

-УИХ Засгийн газрыг хүлээгээд сууж байдаг байгууллага биш. Өчигдөр хоёр сайд л чуулганы хуралдаанд сууж байсан. Өнөөдөр Ерөнхий сайд,  ЗГХЭГ-ын дарга хоёр нь сууж байна. Засгийн газрын гишүүн ажлаа хийх ёстой. Пээдийгээд байх зүйлгүй. Энэ асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа хэмээв. 

 

Ингээд дараагийн асуудал болох Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах  төслийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин