СХД-ийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзлаа
2017-05-19

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгт хийгдэх хөрөнгө оруулалт, багш нарын нийгмийн асуудал, хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудлаар санал хүсэлтийг сонсч, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцоход уулзалтын зорилго оршиж байгаа юм. Тус уулзалтыг нээж НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн хэмжээнд байгаа бүх сургууль, цэцэрлэгийн багш, эрхлэгч нартай нэг бүрчлэн уулзаж, ярилцах цаг, боломж байхгүй учраас дүүрэг бүрээр нь багцалж уулзах саналыг дүүргээс сонгогдсон төлөөлөгчид маань гаргаж, ажил хэрэг болгож байна. Өнөөдрийн уулзалтыг өөрийнхөө сонгогдсон дүүрэг болох Сонгинохайрханаас эхлүүлж байгаа юм.

 

Сонгинохайрхан нь Монгол Улсын хүн амын 10 гаруй хувь амьдардаг, нийслэлийн хамгийн том дүүрэг учраас энд хамгийн их шийдэх асуудал байгаа гэж бодож энэ ажлыг эхлүүллээ. Ер нь бол Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд бусад дүүргийг бодоход хөрөнгө оруулалтаас нэлээд хоцорсон. Тиймээс энэ дүүрэгт хийх ажил маш их бий. Улсын хөгжлийн хамгийн том барих ёстой бодлого бол хүнээ хөгжүүлэх явдал. Хүнээ яаж хөгжүүлэх вэ гэвэл хүүхэд байхаас нь, сурагч байхаас нь, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээс эхлэх ёстой. Үүний дагуу энэ уулзалтыг зохион байгуулах болсон. Багш нар ч гэсэн маш ихээр санал, хүсэлтийг тавьсан.

 

Өчигдөр болсон НИТХ-ын хуралдаанаар бид бүхэн 2017 онд нийслэлд баригдах сургууль, цэцэрлэгийн зураг төсөл, 2018 онд баригдах сургууль, цэцэрлэгийн хөрөнгийг хангалттай сайн суулгаж чадсан. Одоо бидний хийж байгаа ажил бүхний эхэнд сургууль, цэцэрлэгийн асуудал яригддаг. Тиймээс бид 2020 он хүртэл хороо бүрийг сургууль, цэцэрлэгтэй болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна”  хэмээн онцлон хэлсэн юм.

 

Уулзалтын үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Сургууль, цэцэрлэгт хийгдэх хөрөнгө оруулалт, цаашид авах арга хэмжээ”, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бадамханд “Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгт тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвээр илтгэл тавилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин