Нээлттэй өдөрлөг соёл урлагийн салбарынхаар үргэлжилнэ
2017-05-22

Гэрэл зургийг MPA.mn

 

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж байгаа Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш /2017.05.23/ Сүхбаатарын талбайд болно.

 

Тус үйл ажиллагааны зорилго нь Соёл урлагийн салбар байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагааг иргэд олон нийтэд таниулах, шинээр нэвтэрч буй үйлчилгээ цаашид хийгдэх ажлуудыг сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох, салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд, дүрэм журмыг сурталчлах аж.

 

Нээлттэй хаалганы өдөрлөгт соёл урлагийн 17 байгууллага оролцож өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлууд цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэх аж.

 

Тухайлбал Монголын Үндэсний музейн хамт олон энэ өдөр байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд танилцуулан сурталчилахаар төлөвлөжээ.

 

  • Хорол, үйчүүр, алаг мэлхий  ардын  уламжлалт тоглоомыг үзэгчдэд зааж сургах

 

  • Дөрвөн бэрх орхисон азтай 3 үзэгчийг шалгаруулж, гэр бүлийн хамтаар 1 удаа МҮМ-г үнэгүй үзэх эрхийн бичгээр шагнана.

 

  • “Баатрууд” боловсролын хөтөлбөр, Ноёд хатдын зурагт самбартай хамт хүүхдүүд зураг даруулах

 

  • МҮМ-ээс эрхлэн гаргасан ном зохиолыг сурталчлах, зарж борлуулах гэх мэт үйл ажиллагаа явуулах аж.

 

Мөн бусад урлагийн байгууллагууд:

 

  • Хуваарийн дагуу тайзан дээр урлагийн тоглолт зохион байгуулах,

 

  • Иргэдэд шууд үзүүлэх боломжтой төрийн үйлчилгээг үзүүлэх,

 

  • Салбарын дүрэм журмыг таниулах,

 

  • Санал бодлыг авах,

 

  • Үзвэр үйлчилгээний тасалбарын азтан тодруулах,

 

  • Дутагдалтай ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлах, бүртгэл явуулах зэрэг иргэдэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулах юм байна.

 

Соёл урлагийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг маргааш /2017.05.23/ 09.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол ёс заншлыг сурталчилсан хэрэгтэй нээлттэй өдөрлөг болжээ.
2017-05-28