“Хавдрын эсрэг үндэсний аян” үргэлжилж байна
2017-05-23

 

ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, МҮОНРТ хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы үзлэг оношилгоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт өнөөдрөөс эхэллээ. Аяны эмч нарын баг 05-р сарын 22-30-ны хооронд 7 өдрийн туршид Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран урьдчилан сонгогдсон эрсдэлт бүлгийн ард иргэдийг хорт хавдрын үзлэг оношилгоонд хамруулж, мэдлэг мэдээллийг түгээх юм.         

 

 “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг орон нутгийн 4 аймаг, Улаанбаатар хотын 1 дүүрэгт хэрэгжүүлэх бөгөөд энэ жил “Ходоодны хорт хавдрын эсрэг эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөр” боловсруулахад онцгойлон  ажиллана. Аяны эмч нарын баг 5,6-р сард Сүхбаатар, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ард иргэдэд хүрч ажиллан, хавдрын нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулна.  

 

“Хавдрын эсрэг үндэсний аян” 9-р сард Баянхонгор, Говь-алтай аймгуудад үргэлжлэн ард иргэдэд хүрч ажиллана. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой үндэсний хэмжээний “Хавдрын эсрэг үндэсний аян” өнгөрсөн 6 жилийн хугацаанд 100,000 гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношилгоонд хамруулжээ. 

 

ХААН Банкны хувьд тус аяныг хэрэгжихэд өнгөрсөн хугацаанд 820 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлэхээс гадна орон нутгийн 2500 орчим ажилтнуудаа эрүүл мэндийн сайн дурын ажилтнаар бэлтгэн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин