Санал асуулгын төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив
2017-05-23

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд ард нийтийн санал асуулгыг сонгууль болохоос  65 хоногийн өмнө товлон зарлах хугацааг 21 болгон өөрчлөхөөр тусгасан юм.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү  “Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг ард түмнээсээ асуух нь цаг хугацааны хувьд амжихгүй болж байна. Дээр нь ард түмнээс хоёрхон асуудлыг асуух нь хангалттай биш.

 

Ядаж л УИХ-ын сонгуулийн тогтолцоогоо асуух. Дээр нь Засгийн газар ямар үндэслэлээр 65 хоногийг 21 хоног болгон оруулж ирэв гэдгээ үндэслэлтэй тайлбарлах шаардлагатай” хэмээлээ.

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үүнтэй асуудалтай санал нэг байлаа. Тэрбээр:

 

-Ирэх зургадугаар сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөртэй зэрэгцүүлэн Үндсэн хуулиар ард нийтийн  санал асуулгыг зохион байгуулах боломжгүй болж байна.   Өнгөрсөн сард зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, ард түмний төлөөлөл болсон хэсгээрээ Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн нь ямар ч байсан хоёр парламент дамжин хэлэлцэгдээд шийдэж чадаагүй асуудлыг нэг алхмаар урагшлуулсан. Үүнээсээ ухрах ёсгүй. Дээр нь өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлгийг хангалттай зохион байгуулж чадаагүй байгаа учраас энэ чиглэлд цаашид үргэлжлүүлж бүхий л төлөөллийн санал бодлыг сонсох шаардлага байгаа.

 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь хугацааны хувьд амжихгүй. Сонгуультай  зэрэгцэн хэлэлцүүлэг өрнүүлэхэд олон нийтэд хүрэх эсэх нь эргэлзээтэй” гэсэн юм.

 

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргажээ. Энэ саналыг байнгын хорооны гишүүдийнй олонхи дэмжлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин