Эцэг, эхийн хариуцлагагүйгээс хүүхэд хохирох ёсгүй
2017-05-23

Замын цагдаагийн албанаас “Хүүхэд, зорчигч аюулгүй байдал, хариуцлага-2017” зөвлөгөөнийг зохион байгууллаа.  Зөвлөгөөнд Нийслэлийн Боловсролын газар, Монос косметик, “Хүүхэд зорчиж байна” ТББ болон нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй цэцэрлэгийн эрхлэгч нар оролцов.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Сүүлийн 6 жилийн хугацаанд /2010-2016/ зам тээврийн осолд 7410 хүүхэд өртсөн байна. Зам тээврийн ослын улмаас нийт 300 хүүхдийн амь нас хохирч, 7110 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Насны байдлаар нь авч үзвэл 0-14 насны буюу ид хөгжиж, өсөн торниж буй хүүхдүүд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа нь судалгаанаас харагддаг.

 

2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтсэн байна. Судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн 92 хувь нь орон нутагт автомашинд зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүүхдийн 52 хувь нь нийслэлд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртжээ.

 

Харин 31.8 хувь нь автомашинд зорчиж явахдаа, 2.5 хувь нь дугуйтай явах үедээ зам тээврийн осолд өртжээ. Зам тээврийн ослын 90 гаруй хувь нь сургуулиасаа гэр рүүгээ, гэрээсээ сургууль руугаа явах замдаа өртсөн байна.

 

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг явах замдаа зам тээврийн осолд өртдөг байна. Тухайлбал хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр гардаггүй, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх, улаан гэрлээр зам хөндлөн гарах, бага насны хүүхдийг асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцуулах, зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, томчууд бага насны хүүхдийг дагуулан дүрэм зөрчих байдал нь энэ төрлийн осол, хэрэг буурахгүй байгаад голлон нөлөөлдөг аж.

 

Хүүхдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг бол автомашин доторх аюулгүй байдлыг хангах явдал юм. Орон нутгийн замд хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан явдал их бүртгэгдсэн нь хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудал зэргийг хэрэглэж хэвшээгүй, хүүхдийг буруу тээвэрлэж явсантай шууд хамааралтай гэдгийг мэргэжлийн байгууллагаас дүгнэжээ.

 

Сүүлийн жилүүдэд Монголчууд хүүхдийн зориулалтын суудал, тохируулагчийг хэрэглэж хэвшиж байгаа нь сайн үр дүн хэдий боловч зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн 35 тохиолдол нь хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглээгүйгээс хүүхэд хохирч байгаа нь төдийлөн хамгаалагдаж чадахгүй байгааг харуулж байна.

 

Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч осолд өртөх тохиолдолд жолооч, автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард сууж явсан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2013 оны тайланд тусгажээ. Мөн хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна.

 

Хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдлаас болж зам тээврийн ослын хохирогч болж, амь насаа алдах, цаашлаад насаараа суумгай, хэвтрийн хүн болох ёсгүй. Иймд багш, сурган хүмүүжүүлэгчид сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг боловсрол олгох, эцэг эхчүүд хүүхэддээ замын хөдөлгөөнд оролцох зөв дадал, сахилга хэвшүүлэх  үүргээ ухамсарлах нь чухал болохыг зөвлөлгөөнд оролцсон мэргэжилтнүүд зөвлөж байлаа.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин