Зарга дагуулсан ТОГТООЛ
2017-05-24

 

Жижиг эдийн засагтай манай улсын хувьд байгалийн баялгийн баялаг дээрээ тулгуурлан үсрэнгүй хөгжих  ёстой гэж үздэг. Тиймээс ч өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр хууль эрхзүйн орчноо сайжруулах хэрэгтэй гэж үзэн удаа дараа өөрчлөлт оруулсаар ирсэн. Эрх баригчид эдийн засгаа сэргээж, иргэдийн амьжиргаар дээшлүүлэхийн тулд ОУВС-гийн зүгээс  тавьсан бүх нөхцөлийг хүлээн авч, хэрэгжүүлж байна.  Жишээлэхэд, ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын ажилд шинэ хөрөнгө оруулалт төсөвлөөгүй. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор энэ оны төсөвт тодотгол хийж, иргэд, аж ахуй нэгжид хамаарах 7 төрлийн татварыг нэмж хуульчилсан.

 

Харин өнөөдөр ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж, манай асуудлыг хэлэлцэнэ.  Хэрвээ манай улсыг хөтөлбөртөө хамруулах шийдвэр гаргавал ирэх гурван жил  нийтдээ 5.5 тэрбум ам.долларыг зээлжих эрх нээгдэх юм.  Гэхдээ дээрх зээлийг эдийн засгаа сайжруулах, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх, ирэх жилүүдэд төлөх томоохон бондуудын  төлбөрт зарцуулна гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн.  Ер нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн санхүүгийн сахилга батыг хангаж,  эдийн засгийг ирэх жилүүдэд тогтворжуулна гэж байгаагаас бус сэргээх асуудлыг хөндөөгүй.  Уг нь   эрх баригчид Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг  өнгөрсөн намрын чуулганаар батлан, хэрэгжүүлж байгаа, өнөөдрийн иргэдийн амьжиргаанд мэдрэгдээгүйгээс л биш.  

 

Харин  өнгөрсөн нэг жилийн хугацаанд гадаад тал руугаа хэт анхаарснаас бус  дотоодын хөрөнгө оруулагчдадаа ээлтэй хандсангүй.  Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед  ажлын байраа хумиж, хаалгаа барьчихгүйхэн ажиллаж байгаа бизнес эрхлэгчдэд хандсан  бодлого, шийдвэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд төр, засгийнхнаас  гарсангүй.  Долоон төрлийн татварын нэмэгдэл ирэх сар, жилүүдэд иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээрх ачааг улам нэмнэ.  Зарим аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж ч магадгүй. Тиймээс татвар нэмсэн асуудлыг олон нийт төдийгүй УИХ-ын зарим гишүүд  өнөөдөр ч  шүүмжилсэн байр суурин дээр хэвээрээ байгаа.

 

Тэр дундаа сүүлийн үед УИХ-аас батлан гаргаж байгаа эдийн засагтай холбоотой зарим тогтоолуудад гишүүд шүүмжлэлтэй хандах болсон.   Жишээлэхэд ,  ОУВС-гийн хүсэлтээр “Гадааадын томоохон хөрөнгө оруулагчдын  борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулах ёстой” гэсэн УИХ-ын 29 дүгээр тогтоолоо ч  хүчингүй болгоод байгаа. Үүнийг Ж.Энхбаяр гишүүнээс эхлээд хэд хэдэн гишүүд шүүмжилж байсан бол иргэдийн зүгээс ҮХЦ-д хандахаар болсныг УИХ дахь сөрөг хүчин мэдэгдсэн. Тодруулбал Баянзүрх дүүргийн иргэн О.Алтангэрэл  УИХ-ын 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон 30 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн  ҮХЦ-д хандахаар АН-аас зарим шаардлагатай мэдээллээр  хангаж өгөхийг хүссэн байна лээ.  Дээрх УИХ-ын 30 дугаар тогтоол нь  үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын талаарх заалтыг зөрчсөн гэж тэрбээр үзжээ.

 

Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшлээс булаан авч,  төрийн 100 хувийн мэдэлд шилжүүлсэн УИХ-ын тогтоол  олонхийн саналаар дэмжигдсэн батлагдсан ч шүүмжлэл дагуулсаар байгаа.  “Монголын Зэс “корпорацийн худалдан авч,  эзэмшиж байсан 49 хувийг тогтоолоор эргүүлэн авсан нь дотоодын хөрөнгө оруулагчдын төрд итгэх эргэж сэргэхээргүй үргээгээд байгаа.  

 

УИХ-аас баталсан  энэ тогтоол  үндсэн дөрвөн заалттай. Эхний заалт нь Засгийн газрын 330-р тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгоод, хоёрдугаар заалтдаа “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгохоор тусгаж өгсөн. Харин гуравдугаар заалтдаа Засгийн газраас хувийн хэвшилтэй хэлцэл хийж, төлбөр тооцоог бүрэн барагдуулах утга агуулгатай гарсан байжээ.  

 

Хувьцаагаа төрд  булаалгасан “Монголын зэс” корпорацийн зүгээс Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хандсанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн гэрчилгээ, ТУЗ-ийн төлөөллийг түдгэлзүүлээд байгаа билээ.

 

 Энэ асуудлаар “Монголын зэс” корпорацийн ТУЗийн дарга М.Мөнхбаатар: “Энэ тогтоолыг харахад, агуулгынхаа хувьд “Монголын зэс” корпораци нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч гэдгийг хүлээн зөвшөөрснөөр тусгагдсан. Улмаар Засгийн газрын 330-р тогтоолын зөвхөн нэгдүгээр заалтыг хүчингүй болгосноор “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцаа эргээд Оросын талд буцахаар ойлгогдож байгаа. Тогтоол өөрөө ийм хоёрдмол утгатай заалт агуулсан” гэж  тайлбарласан бол  үүнийг бататгаж УИХ-ын  Б.Дэлгэрсайхан   нар “Анхнаасаа би 49 хувийг төрд авахын эсрэг байсан.  Шүүхийн шийдвэрийг би хууль ёсоороо зөв гарчээ гэж харж байна. Хувийн өмчийг төр булаах замаар авсан нь буруу.  Төр хувийн өмчийг ингэж авч болохгүй. Шүүхийн шийдвэр гарсан хойно бүртгэл хийгдэх ёстой. Цаашдаа шүүхийн шийдвэр нэг талдаа гарвал хэлцэл хийгдэхгүй гэж ойлгогдож байна” гэсэн байр сууриа илэрхийлж байгаа.

 

“Монголын зэс” корпорацийн 49 хувийг төр эргүүлэн эзэмшилдээ шилжүүлсэн энэ үйл явц  нь зөвхөн дотоодын хөрөнгө оруулагчдадаа шахсан үйлдэл төдийгүй гадаадынхны  итгэлийг ч эргэж сэргэхээргүй болголоо гэж зарим эдийн засагчид үзэж байгаа  юм.

 

Нэгэнтээ төрийн мэдэлд шилжсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа ч урьдын  адил хаалттай үргэлжилж байгаа юм. Хэрвээ хувийн хэвшлийн эзэмшилтэй байсан  тендэрийн худалдан авалт сонгон шалгаруулалтаар явагдах зэрэг үйл ажиллагааны цонх  бусад хэвшлийнхэнд нээгдэх байсан гэж эдийн засагчид үздэг.

 

Эдийн засгийг сэргээхэд гадаадын хөрөнгө оруулалтаас гадна дотоодын бизнес эрхлэгчдээ  хувь илүү дэмжих нь монгол төрийн  цөм бодлого баймаарсан, уг нь.  Тиймээс парламент олны шүүмжлэлд өртөөд байгаа УИХ-ын тогтоолуудаа эргэж харж, цэгцэлмээр.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
zocnin:
bid oyu tolgoigoos orson orlogiig mongol bankaar damjyylbal hed dahin ashig olj gadni zeel gej gyihgyi bgaliin baylagaa hyanh zartsuulah, tatwargeed byh yum il bolj mongol hyn baylagiinhaa ezen boloh bilee.
2017-05-24