Монгол Улсын автозамын мэдээллийг гар утсандаа үнэгүй суулгуулаарай
2017-05-24

Гэрэл зургийг MPA.mn

 

Зам, тээврийн хөгжлийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг"  өнөөдөр  Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж  байна. Хоёр өдөр болох энэ арга хэмжээгээр  автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж байгаа юм.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат  арга хэмжээг нээж үг хэллээ.

 

Өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгох ба нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money картыг борлуулахаас гадна хот хоорондын зорчигчийн тасалбарыг ТҮЦ машинаар олгож эхэлсэн талаарх мэдээллийг авах боломжтой.

 

Мөн “Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Экобус болон цахилгаан авто машин, аялалын машин, ШУТИС-ын оюутнуудын зохион бүтээсэн эдийн засагт хэмнэлттэй “Эко машин”-ыг  танилцуулж байна.

 

“Улаанбаатар төмөр зам”-ынхан үйлчилгээний талаар иргэдэд танилцуулахаас гадна тэдний санал сэтгэгдлийг сонсож судалгаа авч байгаа бол Зам тээврийн хөгжлийн төвийнхөн  Монгол Улсын хэмжээнд дэх автозамын бүх мэдээллийг гар утсанд нь суулгаж өгч байна.  Мөн хөдөө орон нутгийн таван оюутны замын зардлыг даахаар сугалаа явуулж байгаа юм.  Түүнчлэн явуулын лаборатори ажиллуулж, иргэдэд судалгаа, туршилт хийж үзүүлж байна.

 

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн дарга Т.Ариунбаатар “Төмөр замын байгууллагуудын галт тэрэгний хөдөлгөөнийг үр ашигтайгаар уялдуулан зохицуулах, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагыг боловсронгуй болгох, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, хангалтыг сайжруулах нь Хөдөлгөөнт зохицуулалтын төвийн үндсэн зорилго.  2017 оноос төмөр замын тээврийн салбарын мэргэжил олгох болон инженер техникийн ажилтнуудыг мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн харуицлагын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна” хэмээлээ.

 

Өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой үзүүлэн болох “АН-2”- онгоцыг монгол инженер, техникчид шинэчлэн засаж, шинэ онгоц үйлдвэрлэх гэж байгаа аж.  Түүнчлэн шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн  сонирхуулж байна.

 

Нээлттэй өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин