Хонгилд нуугдсан эрдэнэсүүд гэрэл нэхэж байна
2017-05-25

Манай улс гадаад ер­төн­цөд “Дэлхийн ар­хео­ло­гийн музей” гэгд­дэг. Гэтэл дэлхийн хэмжээнд үнэ цэнэтэй археологийн үнэт олд­воруудаа бид олны өмнө гай­хуулах бус байрны хон­гилд хадгалж байна. Хүн төрөлхтний түүхийг үе, дарааллаар нь бичих Монголын археологийн үүцийг яагаад хонгилд хад­галдаг, хадгалах орчин нь ямар байдаг, археологийн музей байгуулахаар газар, зураг төсөл нь бэлэн болсон ч сураг алдарсан шалтгааныг тодруулахаар ШУА-ийн Түүх, археоло­гийн хүрээлэнг зорив.
 
Археологийн хүрээлэн сууриа тавьж эхэлсэн 1920-иод оноос эхтэй олд­ворууд эдүгээ Түүх, архео­логийн хүрээлэнгийн архео­логийн лабораторид хад­га­лагдаж байна. Архео­логийн лаборатори нь “Академи-32” байр­ны хонгилын дав­харт байрладаг. Анх архео­ло­гийн олдворууд чингэлэгт хадгалагдаж байсныг бодвол 2006 онд тус байр­ны хонгилын давхарт шилж­сэн нь орчин нөх­цөл нь арай сайжирсан хэрэг болсон ч өнөөгийн нөх­цөлд дэлхийн аль ч улсын стандартад нийцэхгүй. Үүнийг ч Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд хэлж байна.
 
 
“Академи-32” байрны хонгилын давхарт байр­лаж буй археологийн лабо­ратори дөрвөн сан хөмрөгөөс бүрдэж бай­на. Палеозоологи, палео-анторпологи буюу эрт­ний хүн, мал, амьт­ны яс­­ны олдворын, чулуун зэвс­гийн, хотын дурс­галын, булшны эд хэрэг­лүү­рийн олдворын сан хөмрөгтэй. Дурсгалын сан хөмрөг тус бүрийг хадгалж байгаа өрөө нь дунджаар 40 орчим ам метр талбайтай. Зарим өрөө нь үүнээс ч бага.
 
 
 
ЭРТНИЙ ХҮН, АМЬТНЫ ЯСНЫ ОЛДВОР ГАДААДЫХНЫ ХОРХОЙГ ХҮРГЭДЭГ
 
Палеозоологи, палео-анторпологийн олд­во­руудыг цаасан хайрцагт нямбай­лан хийж тааз хүр­тэл өндөрт өржээ. Өрөө­ний зай талбай тун бага харагдана. 1950-иад оноос эхлээд өнөөг хүртэл илэрсэн олдворууд болохыг Сан хөмрөг хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Г.Галдан ярилаа.
 
 
Палеозоологи, палео-анторпологийн олдвор зөвхөн энэ өрөөгөөр хязгаарлагдахгүй. Зай тал­бай нь хүрэлцэхгүйгээс Бо­та­никийн хүрээлэнд чин­гэлэгт хадгалж байгаа гэнэ. Эртний хүн, амьтны ясны олдворыг мэргэжлийн их, дээд сургуулийнхан судалгаа хийн цуглуулдаг ч Түүх, археологийн хүрээлэн дэх сан хөмрөг хамгийн том нь. Тиймдээ ч хосгүй үнэт олдвор олон бий. Тухайлбал, Хэнтий аймгийн Салхитаас илэр­сэн хүний гавлын ясны оройн хэсэг энэ сан хөмрөгийн хамгийн үнэ цэнэтэй нь төдийгүй дэлхий дахинаа одоог хүртэл судалж дуусаагүй олдвор аж. Хүний нүүрний хөмсөгний хэсгээс шууд толгойн оройн хэсэг үргэлжлэх, хэн ч харахад сар­магчингийнхтай төс­тэй олдвор Монголоос төдий­гүй Төв Азиас илэр­­сэн хамгийн эрт­ний хү­ний олдвор бо­лох нь тог­тоогджээ. Ийм үнэт олд­во­руудтай палео­зоологи, палео-антор­пологийн сан хөмрөгийн өрөөнд ямар нэгэн нар салхи тусгаарласан, орчны температурыг зохицуулсан тохи­жуулалт үгүй. Сан­тех­ник, галын аюулгүй байдал нь алдагдсан энгийн л нэг хонгилын хэсэг. Мэргэжилтэн Г.Галдангийн ярьснаар ар­хеологийн олдвор илэр­сэн газраасаа хамаа­раад өөр, өөр орчин, темпе­ратурыг шаарддаг. Хадны ор­шуулгаас олдсон олд­вор гэхэд илүү хуурай, цэв­дэгтэй булшных нь сэрүүн нөхцөлд байх ёстой. Харам­салтай нь Монголын археологийн олдворууд бүгд ижил орчин нөхцөлд хадга­лагдаж байна. Тэгвэл чин­гэлэгт хадгалагдаж бай­гаа олдворуудын хувьд энэ талаар ярих ч юм биш. Эртний хүн, амьтны ясны сан хөмрөгийн олдворууд гадаадын судлаачдын хор­хойг хөдөлгөдөг гэнэ. Гэвч ийм орчинд гадаадын судлаачдыг оруулж ажил­луу­лахад ичмээр байдаг тухай ажилтнууд хэлнэ лээ.
 
 
 
800000 ЖИЛИЙН ТЭРТЭЭХ ЧУЛУУН ЗЭВСГИЙН ДУРСГАЛУУД
 
Монгол орны хамгийн олон цэгээс маш олон тоогоор илэрдэг дурсгал бол чулуун зэвсгийн дурсгал. Археологийн хү­рээ­лэн дэх чулуун зэвс­гийн үеийн дурсгалын сан хөмрөгт 300000 гаруй олдвор байна. 800000 жи­лийн тэртээгээс 7000 жил хүртэлх үеийн түү­хийг харуулсан үнэт олд­во­рууд. Хадгалах байр сав­ны хүрэлцээгүйгээс аль аймаг, нутгаас олд­со­ноор нь ангилаад саг­санд хийгээд өрчихсөн бай­на.  Хүн, мал амьтны ясны олдворыг бодвол хад­га­лах орчныг нарийн шаар­дахгүй ч музейд дэл­гэвэл аль ч улсын суд­лаач сонирхохоор түүхэн он цагийг харуулсан үнэ­тэй дурсгалууд бай­на. Учир нь чулууны лабо­ра­тори Монголд ганц. Дагнаж судалгаа хий­дэг байгууллага нь энэ хүрээлэнгийнхэн. Хад­галах, хамгаалах орчин нөх­цөл нь хумигдаад ирэ­хээр судалгаа ч ху­мигдах эрсдэлтэй гэж хүрээлэнгийнхэн хэлж байна.
 
Түүнээс гадна нүү­дэлчдийн булш оршуулгаас илрүүлсэн эд өлгийн зүйлс, гар урлалын дурсгалууд хүрээлэнд бий. Булшны эд­лэл хэрэглэлийн олд­во­рын сан хөмрөгт 7000 орчим дурсгал хадгалагддаг ажээ. 
 
Археологийн лабо­ра­торид Монгол Ул­сын хосгүй үнэт дурс­гал зургаан дурсгал хадгалагд­даг. Хүннүгийн үеийн дурсгалаас илэрсэн ясан хэл хуур, Хүннүгийн яз­гуурт­ны булшнаас илэрсэн мөнгөн хөөмөл чимэглэл Грек Ромын бурхдын дүрсийг дүрсэлсэн, Хүннү­гийн язгууртны булшнаас илэрсэн ширдэг, дээр дурд­сан Төв Азид амьдарч байсан хамгийн эртний хү­ний гавлын яс зэрэг юм байна. 
 
 
Түүнчлэн олон мян­ган жилийн тэртээ хүн тө­рөлхт­ний хэрэглэж бай­сан шавар ваар савны дурс­галууд байна. Мөн одоогоос 2500 жилийн өмнө Баян-Өлгий ай­магт амьдарч байсан пазы­ры­кийн булш оршуулгын дурс­галаас илэрсэн бунх­ны олдворууд ч байна. Энэ нь 2006 онд Дэлхийн архео­логийн шилдэг 10 нээлтийн нэг болж байжээ.
 
Б.Гүнчинсүрэн: ОЛДВОР ЖИЛЭЭС, ЖИЛД НЭМЭГДЭЖ БАГТААХ ГАЗАРГҮЙ БОЛЖ БАЙНА
 
 
Энгийн нэгэн ба­раа, бүтээгдэхүүн бус ар­хео­логийн дэлхийн хэм­жээ­ний үнэт олдворуудыг ийм орчинд хадгална гэдэг байж боломгүй асуудал. Төр засгаас археологийн салбарт оруулсан төсөв хөрөнгө, хувь нэмэр гэж юу ч байдаггүй аж. Харин археологичид гадныхантай хамтран төсөл хэрэгжүүлж, тэднээс гуйлга гуйх нь холгүй нөөц боломждоо тааруулан тохижуулсаар, олдворуудыг хамгаалсаар  өдөр хоногийн өнгөрөөж байна.
 
“Жилээс жилд олд­вор нэмэгдэж байна. Архео­логийн судалгааг хэд, хэдэн газар хийдэг. Гол цөм нь манайх. Түүх археологийн хүрээлэн нэгдээд энэ жилийн хувьд гэхэд 33 хээрийн судалгааны ажлын зөвшөөрөл аваад байна. Хээрийн судалгаа бүрээс олдвор илэрнэ. Тэр бүхэн хүрээлэнд ирэхээр бидэнд багтаах газар байхгүй болж байна” хэмээн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн судалгаа­ны төвийн эрдэм шинжилгээ­ний тэргүүлэх ажилтан, доктор профессор Б.Гүнчинсүрэн ярилаа.
 
Үнэндээ хонгилд нуугд­сан энэхүү эрдэнэ­сүүд гэрэл нэхэж байна. Археологичид судлаачид үүргээ гүйцэтгэж улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргах үнэт олдворуудыг одоо ч эрэн хайсаар байна. Тэдний хөдөлмөрийг үнэлж, цаашлаад дэлхийн археологийн музей болсон үнэт олдворуудаа өнө удаан жилээр үнэ цэнийг нь алдахгүйгээр хадгалах, хамгаалах, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага зайлшгүй байна. Энэ та­лаар археологийн сал­барын­хан олон жилийн турш төр засагт хандаж ирс­ний хариуд 2009 онд музей байгуулах асуу­дал төр засгийн анхаа­ралд өртөж Богд уулын орчимд музейн цогцолбор барихаар болж, цаашлаад зураг төс­лийг нь боловсруулан, тен­дерийг нь хүртэл зар­лаад амжжээ. Бараг л музей сүндэрлэхийн алдад сураг алдарч эдүгээ энэ салбарт санаа тавьж байгаа нь археологичдоос өөр хүнгүй болчихсон байна. Хэрэв археологийн музейг байгуулчихвал зард­лаа дорхноо нөхөөд зогсохгүй Монгол Улсад эдийн засгийн томоохон хүч болох салбар гэдгийг мэр­гэжилтнүүд онцолж байна.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Shuud.mn
Сонин хачин