”Оюутан цэрэг”-үүд тэтгэлэгт хамрагдана
2017-05-26


“Оюутан цэрэг” хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Энэ жил нийслэл болон Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Дорнод, Орхон, Дархан -Уул, Говьсүмбэр аймгийн их дээд сургууль, МСҮТ-ийн 100 гаруй оюутан тус хөтөлбөрт хамрагдаж цэргийн тангараг өргөх юм.

 

Цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БСШУС-ын сайд Ж.Батсуурь нар сургалтад хамрагдаж байгаа ШУТИС, МУИС, МУБИС-ийн оюутнуудтай уулзлаа.

 

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Энэ жил бид улсын хэмжээнд долоон их дээд сургуулийн 1000 гаруй оюутан залуусыг энэхүү хөтөлбөрт хамруулж байна. Танхимын сургалт дуусахаар хээрийн дадлага бэлтгэл сургалтад хамрагдана. Ийнхүү дөрвөн сарын хугацаанд сургалтад хамрагдсанаар оюутан залуус та бүхэн цэргийн алба хаасан бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэнэ. Энэ жилийн оюутан цэрэг хөтөлбөрт “Монгол бөхийн өгөөж” хөтөлбөрийг оруулж байгааг дурдахад таатай байна. Та бүхнийг өнөөдөр харахад бүгд бие цэх, хувийн зохион байгуулалт сайтай, сахилга, хүмүүжилтэй, манлайлагч болж байгаа нь харагдаж байна” гэлээ. 
 

Мөн МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар энэ үеэр амжилттай суралцаж, бусдыгаа манлайлсан шилдэг таван оюутныг сургуулийнхаа нэрэмжит 100 хувийн тэтгэлэгт хамруулахаар болсон бол Боловсролын их сургууль 50 хувийн тэтгэлэгт хамруулахаар болсноо оюутан залууст дуулгалаа.

Shuud.mn
Сонин хачин