Хүүхдүүд хотын даргад захидал ирүүлжээ
2017-06-01

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож буй. Энэхүү өдрийг угтан нийслэлийн бяцхан иргэд маань хотын даргадаа хандаж захидал илгээжээ. Хүүхдүүд захидалдаа өөрийн хүсэл мөрөөдлөө болон ирээдүйд хотоо илүү сайхан болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн сацуу хотын даргад ажлын амжилт хүсч улам ихийх хийж бүтээгээрэй гэсэн байна. Тухайлбал, Налайх дүүргийн “Хос уянга” сургуулийн 6 А ангийн сурагч Б.Агиймаа “...Би таныг эх орныхоо төлөө ихийг хийнэ гэдэгт итгэж байна. Том болоод би тань шиг болно. Тэгээд мод тарьж, бүх хогийг байхгүй болгож, байгал дэлхийгээ маш гоё үзэсгэлэнтэй болгоно. Монгол орноо бид хайрлахгүй бол хэн ч хайрлахгүй” гэсэн бол мөн ангийн сурагч Б.Хос-Уянга “...Одоо би жаахан болохоор юу ч хийж чадахгүй. Гэхдээ би хог хаяхгүй, орчин тойрноо цэвэр байлгаж чадна” гэж захидалдаа бичжээ.

Хотын даргадаа захидал илгээсэн хүүхдүүд хүсэл мөрөөдлөө бичихээс гадна нийслэлчүүдийн өмнө тулгамдаад буй түгжрэл, агаарын бохирдол зэрэг асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин