Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг баталлаа
2017-06-02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Ард нийтийн санал асуулгын тухай хуулинд  “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан байдаг. Ингэхдээ  уг санал асуулгыг УИХ, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс  65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж санал асуулгыг товлон зарлах хугацааг тогтоосон.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах үндэслэлээр дээрх 65 хоногийн хугацааг 21 болгон өөрчлөх төсөл оруулж ирсэн юм. Учир нь хуулийн энэ үйлчлэлээр бол өнөөдрийн тухайд Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулах  боломжгүй.   Ерөннхийлөгчийн сонгуулийн санал хураалт сар гаруйн дараа буюу зургадугаар сарын 26-нд товлогдсон.  Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа тулсан үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ард нийтийн хэлэлцүүлгийг өргөн дэлгэр хийж амжихгүй гэж зарим гишүүд ч, олон нийт ч үзсэн. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг дангаар нь явуулахаар болжээ.

 

Харин Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг  байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ.  УИХ-ын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх үед асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс  Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалт явууллаа. Гишүүд дээрх саналыг дэмжсэн юм.

 

Ийнхүү Ард нийтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

 

Дараагаар нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж эхлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин