ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов
2017-06-02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Чуулганы хуралдаанаар ЭМД-ын Үндэсний зөвлөлийг байгуулж, дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Үндэсний  зөвлөлийг  ХНХ-ын сайд Н.Номтойбаярыг тэргүүлэх аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Эрүүл мэндийн даатгалын сан жилд тодорхой үлдэгдэлтэй байдаг тул үүнийг тухайн жилд нь зарцуулдаг байх хэрэгтэй. Яагаад Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн сайд ахалдаггүй юм бэ" хэмээлээ. Үүнд  ХНХ-ын сайд Н.Номтойбаяр "Энэ бол УИХ-аас томилогдож байгаа миний дөрөв дэх албан тушаал. Одоо Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг ахлуулахаар яригдаж байна.  Энэ бол хуулийн дагуу оноож буй алба болохоос ашиг сонирхол огтоос биш" гэдгийг онцлов.

 

Ингээд  ЭМД-ын Үндэсний зөвлөлийн дэд даргаар УИХ-ын дарга асан  Д.Дэмбэрэл, гишүүнээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг,  Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх Европын холбооны төслийн Эрүүл мэндийн эдийн засгийн бодлогын шинжээч Ц.Цолмонгэрэл, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү, “Макро эдийн засаг ба эрүүл мэнд” ТББ-ын тэргүүн Д.Чимэгдагва, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нарыг тус тус томиллоо.

 

Дараагаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Мөн Олон Улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин