Катараас дөрвөн улс дипломат харилцаагаа тасаллаа
2017-06-06

Катар улсаас дөрвөн улс дипломат харилцаагаа тасалсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тус улсаас Арабын нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Бахрейн болон Египет улс дипломат харилцаагаа таслаж буйгаа мэдэгдэж, 48 цагийн дотор Катарын Элчин сайдыг эх орныг нь орхин гарахыг шаарджээ. Арабын нэгдсэн Эмират улс анхлан Катар улсаас харилцаагаа таслаж буйгаа олон улсад хандан мэдэгдэн байна.

 

Катар улсаас харилцаагаа таслаж буйгаа дээрх орны Гадаад хэргийн яамнууд тус улсыг "алан хядах бүлэглэлүүдийг алсаас санхүүжүүлдэг, мөн террорист ажиллагаа үйлдээд оргон зайлсан этгээдүүдийг эх орондоо орогнуулсан” хэмээн мэдэгджээ.

 

Харин Египет улс “Катар улс Лалын ахан дүүс хөдөлгөөнийг санхүүжүүлж, улс оронд нь тогтворгүй байдлыг бий болгосон” гэсэн байна.

 

Катараас харилцаагаа таслаж буй орнуудад ажиллаж, амьдарч буй катарчуудыг 14 хоногийн дотор нутаг буцаахаар болжээ.

 

Арабын нэгдсэн Эмират улс, Бахрейн болон Египет улс өнөөдрөөс усан болон агаарын хилээ хааж буйгаа мэдэгдсэн бол Саудын Араб, Катар улсад үүрэг гүйцэтгэж буй цэргүүдээ эргүүлэн татсаны дараа хуурай замаа хаахаар болсон гэв. 

 

Одоогоор Катар улс дээрх шийдвэртэй холбогдуулан албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
өчигдөр Иемэн улс 5 дахь нь болсон
2017-06-06