Хороолол доторх замд хүүхдүүд осолд өртөж байна
2017-06-06

 

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг Хорооллын доторх замд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр явна” гэж заасан байдаг. Сүүлийн үед орон сууц болон гэр хорооллын доторх замд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлсний улмаас байрныхаа гадаа тоглож байгаа хүүхдүүд, явган зорчигчдыг мөргөж гэмтээх явдал нэмэгдэж байна.

 

МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн буюу хороолол доторх замд 30 км/ц хурдтай зорчсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, мөн тавиас дээш хувиар хэтрүүлсэн буюу 40 км/ц түүнээс дээш хурдтай зорчсон нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулах” юм.

 

Иймээс Замын цагдаагийн албанаас орон сууц болон гэр хороолол доторх замын аюулгүй байдлыг хангах дараах зөвлөгөөг хүргэж байна.

 

  • Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах,

 

  • Автомашин ойртон ирж байгаа тохиолдолд гараас нь хөтлөх буюу тэврэх

 

  • Автозамтай ойролцоо бага насны хүүхдийг толуулахгүй байх,

 

  • Автомашины ард тоглож байгаа хүүхэд таны арын толинд сайн харагдахгүй учир хөдөлгөөн эхлэхээс өмнө аюулгүй байдлыг хангаж эргэн тойрныг сайтар нягталсны дараа хөдлөх,

 

  • Машинаа хөдөлгөхдөө ямар нэгэн анхаарал сарниулах үйлдэл хийхгүй байх. /Тухайлбал: Гараараа даллах, утсаар ярих, яарч сандрах гэх мэт/

 

  • Бага насны хүүхдүүд сониуч зантай хурдан хөдөлгөөнтэй байдаг учраас зогсож буй машины урд, ардаас гэнэт гүйж гарч ирэх аюултай тул хөдөлгөөний хурдыг зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин