Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2017-06-06 16:21

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа.

 

-Тусгай хамгаалалттай газар  нутгийг хамгаалах, сүлжээг өргөжүүлэх, менежмэнтийг сайжруулах төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байна вэ?

 

-Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх асуудлаар “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 25 хувьд  хүргэнэ” гэж тусгасан. Тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийн хилийн зааг, менежментийн эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, байгальд ээлтэй аялал жуулчлал, ногоон хөгжлийн түшиц газар болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд 2017 онд нийт газар нутгийн 18.1, 2018 онд нийт газар нутгийн 20.5, 2019 онд нийт газар нутгийн 23, 2020 онд нийт газар нутгийн 25 хувийг тус тус тусгай хамгаалалтад авч, нийт 11 сая орчим га талбайгаар өргөжүүлэхээр  төлөвлөөд байна. Үүнээс бид  2017 онд 3.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулахаар ажиллаж байна. Шинээр тусгай хамгаалалтад хамруулахаар долоон аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийг хамарсан долоон тусгай хамгаалалттай газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэл судалгааны ажлыг салбарын эрдэмтэн судлаачдаар гүйцэтгүүлж, орон нутгийн ИТХ-ын тогтоол гаргуулан УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг боловсруулан батлуулсан.  Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн өргөтгөл зэрэг долоон  газрыг тусгай хамгаалалтад авснаар тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн хэмжээ 1,5 сая га-аар буюу нийт нутаг дэвсгэрийн  0.98 хувиар нэмэгдэж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 18.83 хувь болох юм. Мөн 15 газар нутагт улсын тусгай хамгаалалтад авах үндэслэл судалгааны ажлыг салбарын эрдэмтэн судлаачдаар гүйцэтгүүлж, ИТХ-ын тогтоол гаргуулаад байна. Энэ жил  Тост, Тосон бумбын нуруу, Ноён уулын хилийн цэсийг тогтоосныг Та бүхэн мэдэж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах үйл ажиллагааны төлөвлөгөөнд  “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай эрхзүйн орчныг боловсронгуй болгож, тогтвортой санхүүжилтийн механизм бүрдүүлэх, экосистемийн үйлчилгээнд тулгуурласан хамгаалалтын менежментийг нэвтрүүлэх” зорилт туссан. Энэ хүрээнд 2017 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн  мэнэжмэнтийг сайруулах, дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалт татах гээд хийж байгаа олон ажил бий.

 

-Орон нутгийн тусгай хамгаалалттай газруудад яамнаас ямар бодлого баримталж байна вэ?

 

-Орон нутгийн тусгай хамгаалалттай газар   нутаг нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний нэг бүрэлдэхүүн хэсэг.  “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 3 дугаар зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно” гэж заасны зэрэгцээ аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын бүрэн эрхэд “Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”-оор заасан байдаг.

 

Орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд  нэгдсэн мэдээлэлгүй,  орон нутгийн тусгай хамгаалалттай газарт газар  нутгаа хамруулахдаа Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг баримталдаггүй зэрэг зөрчлийг илрүүлж 2015 оноос “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн дэмжлэгтэйгээр мэдээллийн санг 2015 оноос Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран үүсгэсэн.  2017 оны зургадугаар  сарын байдлаар аймаг, сумын ИТХ-ын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалттай газарт ИТХ-ын шийдвэрээр 21 аймгийн 57.9 сая га бүхий нийт 2347 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.  Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 37.1 хувь юм.    Эдгээрээс эрх зүйн зөрчил бүхий  978  орон нутгийн тусгай хамгаалалттай газар байгаа тухай мэдээлэл  гарсан.Цаашдаа сум, орон нутгийн удирдлага, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зөрчил, давхцалыг арилгахаар ажиллаж байна.

 

-Эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлага юу вэ.Шинэ хуулийн агуулгын талаар  мэдээлэл өгнө үү?

 

-1994 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдаж, албан ёсны эрх зүйн харилцаанд орсон.  Мөн  тусгай хамгаалалттай газар нутгийн  орчны бүсийн тухай хуулийг 1997  онд батлан гаргасан.  Дээрх хуулиудыг батлан гаргах тухайн цаг үед  газар нутгийг ерөнхийдөө хүнээс тусгаарлан хамгаалах чиглэлтэй байсан.  Гэтэл   орчин үеийн хэрэгцээ шаардлага, олон улсын чиг хандлагаас харахад газар нутгийг хүнээс тусгаарлах биш,зөв зохистой ашиглах, бусдад таниулж мэдүүлснээрээ тусгай хамгаалалттай газар нутгийн  менежмэнт, санхүүжилт сайжирна гэсэн хандлагатай болсон. Хуулиар төр тусгай хамгаалалттай газруудаа хамгаалах үүрэгтэй. Энэ үүрэг хэвээр хадгалагдана.Олон улсын туршлагаас харахад тусгай хамгаалалттай газар нутгийн  үр дүнтэй менежментийг хийхэд санхүүжилтийн олон эх үүсвэртэй байх  шаардлага урган гарч байгаа. Үүний тулд  менежментэд олон талыг оролцуулах, зарим газрын менежментийг  бүхэлд нь буюу хэсэгчлэн иргэдийн нөхөрлөл,  аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад  урт хугацааны гэрээгээр хариуцуулан гүйцэтгүүлэх хэрэгцээ, шаардлага урган гарч байна.   Одоогийн хууль эрх зүйн хүрээнд улсын төсвөөс хуваарилсан мөнгөөр зөвхөн дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын    менежментийг хийж байна. Уг төсвийн 90 гаруй хувь  нь зөвхөн ажиллагсадын цалинд,  долоон хувь нь урсгал засварт, үлдсэн гурван  хувь  менежментэд зарцуулагдаж байна. Байгалийн нөөц газар, дурсгалт газар зэрэгт санхүүжилт огт байдаггүй учраас хамгаалалтын ажил бараг хийгддэггүй гэхэд болно. Тиймээс тусгай хамгаалалттай газар нутгуудад тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох зорилгоор байгалийн нөөцийн ашиглалтаас олох орлого, төлбөр хураамжийн тодорхой хувийг    байгаль орчны төлөв байдлыг хадгалах, хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай.

 

Төр нэгэнт тусгайлан хамгаалж байгаа учраас тусгай хамгаалалттай газар нутгуудад хориглох үйл ажиллагаануудыг шинэ хуулиар тодорхой зааж өгөхөөр мөн  ярьж байгаа. Тухайлбал, байгаль соёлын өвийг зөвшөөрөлгүй шилжүүлэх, ухах, малтах, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, хөрс, ус, агаар, орчныг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах зэргийг хориглох шаардлагатай байгаа. Дашрамд хэлэхэд Засгийн газрын 2006 оны 87 дугаар тогтоолоор  байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах талбайн хэмжээг тусгай хамгаалалттай газрын  ангилал, байгалийн бүс, бүслүүрийн онцлогоос шалтгаалж 40-300 мянган га хүртэлх талбайд нэг хүн байхаар  тогтоосон байдаг.  Энэ нь хяналт шалгалт хийхэд хүрэлцэхгүй, талбайн хэмжээ хэт том хүндрэлтэй байдаг.

 

-Тусгай хамгаалалттай  газрыг хамгаалахад ямар нэг төлөвлөлт байдаг уу?

 

-Тусгай хамгаалалттай газар нутгийн дунд хугацааны төлөвлөгөөг олон улсын хэрэглээнд нэвтэрсэн “Миради” программын аргачлалын дагуу менежментийг төлөвлөгөөг боловсруулж эхлээд байгаа бөгөөд энэхүү программыг Монголын хэрэглээнд нэвтрүүлж аргачлалыг тодорхойлсон Дэлхийн байгаль хамгаалах сан-WWF, “Дэ Нэйче Консерванси”-ТNC-ын Монгол дахь хөтөлбөрийн газруудад талархсанаа илэрхийлж байна.  Мөн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үр ашигт байдлыг үнэлэх МЕТТ аргачлалыг БОНХАЖ-ын сайдын   тушаалаар баталсны дагуу 2016 онд Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн дэмжлэгтэйгээр баруун, зүүн, төвийн бүсийн улсын тусгай хамгаалалттай 12 дархан цаазат газар, 19 байгалийн цогцолборт газар, дөрвөн байгалийн нөөц газар, 2 дурсгалт газар, нийт 37 тусгай хамгаалалттай газрын үнэлгээг хийсэн.Тус үнэлгээгээр хууль эрх зүйн зохицуулалт 80 гаруй, төлөвлөлт 60, нөөц боломж 45, бодит үйл ажиллагаа 50, үр ашиг 67 хувьтай тус тус үнэлэгдсэн бөгөөд нийт дүнгээрээ 66 хувийн үр ашигтай гарчээ.Цаашид энэхүү үнэлгээг дээшлүүлэх чиглэлээр тодорхой бодлого баримталж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа.

 

-Тусгай хамгаалалттай газар нутгуудад судалгаа, шинжилгээний ажил нэлээд хийгддэг.Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-Тусгай хамгаалалттай газар нутгуудад судалгаа шинжилгээний багагүй ажил хийгдэж байна.  Монгол орны ой, тал хээр, уулын туруутан амьтдын  экологи, биологийн мэдээг 1960-2013 он хүртэл нэгтгэж, судалгааны үр дүнг энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагуудын албаны хэрэгцээнд ашиглах боломж бүрдээд байна. Уг мэдээллийг  уур амьсгалын өөрчлөлтийн хувилбарт ч ашиглах боломжтой. Монгол орны туруутан амьтад болох халиун буга, бор гөрөөс, баданга хүдэр, молцог хандгай, буган цаа, зэрлэг гахай зэрэг амьтдын байршил тархацын голомтыг тодруулснаар ан амьтдаа хамгаалах боломж бүрдэж байгаа юм.  “Дэ Нэйче Консерванси” олон улсын   байгууллагын  Монгол дахь хөтөлбөрийн газраас Тосон хулстайн  БНГ-т цагаан зээрийн сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судалгааг сүүлийн жилүүдэд тогтмол хийж байна. Ингэснээр цагаан  зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн, төллөдөг гол байршлуудыг судлан тогтоож байгаа. Япон улсын буцалтгүй тусламжаар БОАЖЯ, Азийн хөгжлийн банкны хамтарсан  “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн  иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” –ийн хүрээнд Хөвсгөл нуурын чанарын судалгааг гүйцэтгэж байна.  Хөвсгөл нуурын усны чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, тогтмол  хянах,  цаашдын явуулах үйл ажиллагааны стратегийг    боловсруулах зорилгоор  энэ ажлыг энэ оны гуравдугаар сараасБайгаль орчны зөвлөх үйлчилгээний “Найчрал Састайнэблэ” ХХК  гүйцэтгэж байна.  Аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг болсон уг бүс нутагт үүсч буй агаарын бохирдол, тоосжилт нь нуурын гүний усанд хэрхэн нөлөөлж байгаа нь энэ судалгаагаар мөн тогтоогдоно.  Дэлхийн байгаль хамгаалах сангийн  Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран  баруун бүсийн  Мөнххайрхан БЦГ, Хөх Сэрхийн нурууны ДЦГ-уудад   ирвэс, аргалийн гол байршил нутгийг нарийвчилж, амьдрах орчныг тодорхойлох зорилготой судалгааг хийж байна. Энэ хүрээнд  100 ширхэг  видео камер  тавих юм. Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвтэй хамтран ховор болон усны нүүдлийн шувуунд сансрын дохио дамжуулагч зүүж нүүдлийн замнал, цөм байршил нутгийг тогтоох арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Энэхүү судалгааг баруун бүсийн Айраг, Хяргас, Увс, Хар-Ус зэрэг томоохон нуур, Хангайн бүсийн Тэрхийн цагаан, Сангийн далай, Өгий нуурт, Зүүн бүсийн Хурх хүйтэний хөндий, Хэрлэн, Улз голын хөндий, Буйр нуур зэрэг ус намгархаг газарт хийж эхлээд байна.

 

Судалгаанаас   Нүүдлийн шувуудын хэр алс зайд нүүдэлдэг, замнал, ирдэг буцдаг цаг хугацааг нарийвчлан тогтоох, үүрлэдэг, өндөглөдөг болон идэшлэдэг гол байршил нутгийг тооцоолох,шувуудад болон амьдрах орчинд тулгарч буй бэрхшээл, аюул заналыг тодорхойлох зэрэг нарийвчилсан мэдээнүүдийг олж авсанаар тухайн зүйл, тэдгээрийн амьдрах орчны хамгаалал болон менежментийн арга хэмжээнд чиглэсэн шийдвэрүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах боломж бүрдэх учиртай юм. Үүнийг хонин тоодог шувууны жишээгээр тайлбарлаж болно. Эрүүл өндөр өвст тал хээрийн жинхэнэ индикатр энэ шувуу нь үүрлэж өндөглөхөд шаардлагтай өндөр өвст хээр хомсдсон учир тариан талбайтай газрыг шүтэж үүрлэх нь сүүлийн үед ихээр ажиглагдаж байна. Иймд энэ нэн ховор шувууны хамгааллыг арга хэлбэрийг арай өөр өнцгөөр харах шаардлагтай болоод байгаа юм.

 

-Ан амьтан хамгаалах чиглэлээр  судалгаа,шинжилгээний ажил багагүй хийгддэг. Тухайлбал,мазаалай, ирвэс, бөхөнгийн чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүнд ямар ажлууд хийгддэг вэ?

 

-Тусгай хамгаалалттай газар нутгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг бол яах аргагүй ховор болон ховордсон ан амьтад. Энэ чиглэлээр тусгай хамгаалалттай газар нутгуудад  судалгаа, шинжилгээний ажил нэлээд хийгдэж байна. Тухайлбал, мазаалай баавгайн амьдрах орчныг хамгаалах, ирвэс, аргалийн шилжилт хөдөлгөөний судалгаа хийх,  хавтгай тэмээний хамгааллын хөтөлбөрийг боловсруулах, шувууны томууны тандан судалгаа хийх, тахь, ирвэс зэрэг нэн ховор ан амьтдыг хамгаалах төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлуудыг энд дурдаж болно.Судалгаа, шинжилгээ хийгээд зогсохгүй амьтдыг хамгаалах бодит ажлуудыг бид хийдэг.  Өнгөрсөн хавар мазаалай баавгайд идэш тэжээлийг нэмэлтээр хангах зорилгоор БОАЖ-ын сайдын тушаалын дагуу аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, Говийн Их ДЦГ-ын“А” хэсэгт мазаалай баавгайд 28 цэгт 10 тонн хорголжин тэжээл тавьж өгсөн.  

 

ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнтэй хамтран  өнгөрсөн хавар дөрөв, тавдугаар сард  Говийн Их ДЦГ-ын “А” хэсэгт мазаалай баавгайн биологи, экологи, амьдрах орчин, генетекийн судалгааныг ажлыг хийж, судалгааны үр дүн, тайланг 07 дугаар сарын 1-ний дотор гаргахаар ажиллаж байна. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ын Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран ирвэс, аргалийн гол байршил нутгийг нарийвчилж, амьдрах орчныг тодорхойлох зорилгоор  өнгөрсөн хавар баруун бүсийн тусгай хамгаалалттай газар болох Мөнххайрхан БЦГ, Хөх Сэрхийн нурууны ДЦГ-т 100 ширхэг автомат камер байршуулж тархац нутгийг тодорхойлох судалгааны ажлыг эхлүүлж, мэдээлэл ,дата цуглуулах ажил явагдаж байна. Английн хавтгай тэмээ хамгаалах сан, Лондонгийн зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгтэй хамтран Говийн Их ДЦГ-ын А хэсэгт нутагшиж буй хавтгай тэмээг тоолох ажил хийгдэж, судалгааны үр дүнд 500-550 гаруй тоо толгой байгааг тогтоосон.  Уг судалгаанд үндэслэн хавтгай  тэмээ хамгаалах хөтөлбөрийг боловсруулж, сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон.

 

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран шувууны томууны тандалтын талаар Дарьгангын БЦГ, Хар ус нуурын БЦГ-т, Говийн  Бага ДЦГ,  Увс нуурын ай савын УТХГ-т  судалгааны ажил хийх, тахь хамгаалах үндэсний дэд хөтөлбөр боловсруулах, цоохор ирвэсний тархац нутаг болох Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны  байгалийн нөөц газрыг “Ирвэс хамгаалах сан” ТББ, орон нутгийн удирдлагуудтай хамтран хамгааллын менежментийг хариуцан ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа зэрэг олон зүйл дурдаж болно.

 

-БОАЖЯ-наас тусгай хамгаалалттай газар нутгуудад авто зогсоол, ариун цэврийн байгууламж барих ажлыг хийж байгаа.Аялал жуулчлалын гол бүсүүдэд энэ ажлыг хийж байна уу?

 

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ” гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд аялал жуулчлалын гол бүс болсон тусгай хамгаалалттай газар нутгуудад эхний ээлжинд зогсоол, ариун цэврийн байгууламж барихаар шийдвэрлэсэн.Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан  толгой, Төр хурах, Манзушир, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Мэлхий хад, Зуун ламын агуй,  Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудад авто зогсоол, эко ариун цэврийн байгууламжууд барихаар болсон. Нийтдээ автомашины 400 орчим ил зогсоолтой, эко бие засах газартай, нэгдсэн посттой, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, 24 цагийн камер, харуул хамгаалалттай авто зогсоолын асуудлыг шийдэж байгаа.   Нийслэлийн ЗДТГ-тай хамртан хийж буй уг ажилд нийслэлийн төсвөөс гэхэд л   3.0 тэрбум орчим төгрөг гарна. Нийтийн авто зогсоолыг байгуулснаар тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, горим дэглэмийг мөрдүүлэх, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулах, аялагчдын ая тухтай амрах боломж бүрдэнэ.

 

Жуулчны улиралд аялал жуулчлалын даац нэлээд нэмэгддэг учраас Хөвсгөл нуурын орчим энэ ажлыг хийхэд онцгой анхаарч байгаа. Хөвсгөл аймгийн Ханх, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Чандмань Өндөр, Алаг-Эрдэнэ сумд, Хатгал тосгонд нийт 170.000 ам долларын санхүүжилтээр   соруулдаг хуурай, зөөврийн хуурай, хөрсөнд шингээлтгүй гэсэн гурван технологитой  ариун цэврийн байгууламжийг  50  барихаар сонгон шалгаруулалтын ажил эхлүүлээд байна.

 

-Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдэд зээл олгож эхэлсэн тухай мэдээлэл сонссон. Энэ нь тусгай хамгааалалттай газрын хамтын менежмэнтийн нэг хэлбэр үү?

 

-  Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих зээлийн эргэлтийн сан байгуулж, түүгээрээ дамжуулан аялал жуулчлал, гар урлал, сүү цагаан идээ боловсруулах зэрэг төслийг дэмжиж ажиллах эхлэл тавигдаж байна. Эхний ээлжинд Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр АХБ-ны хэрэгжүүлж буй төсөл,   Монгол улс, ХБНГУ-ын Засгийн Газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй KFW-Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох   төсөл зэргээс санхүүжилттйн эх үүсвэрийг гаргаж, зээлийн эргэлтийн сан байгуулж ажиллаж эхлээд байна. Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”  хэрэгжиж эхэлсэн. 2019 он хүртэл хэрэгжих уг төслийн хүрээнд орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлж, иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэн, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгохюм. Нийт 3 сая долларын буцалтгүй тусламжийн төслийн эхний ажил болж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Ханхсумд, Ханх тосгоны орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих зээлийн эргэлтийн сан ажиллаж эхлээд байна. Орчны бүсийн иргэд аялал жуулчлал, гар урлал, зөгийн аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн, малын түүхий эд зэрэг дэд төслүүдэд жилийн 2.4 хувийн хүүтэй, 18 сар хүртэлх хугацаатай бичил зээл олгох юм.   KFW-“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд цаашид   зээлийн эргэлтийн сантай болохоор ажиллаж байна. Төслийн дэмжлэгт санхүүжилт авах нийт 30 дэд төслөөс Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ,Өвөрхангай, Архангай, Булган, Хөвсгөл, Завхан гэсэн есөн аймгийн 11 хамгаалалтын захиргааны төсөл шалгаран бэлтгэл ажлаа хангаж байна. KFW төслийн хоёр дахь үе шат баруун болон говийн бүсийн тусгай хамгаалалттай газруудад үргэлжлүүлэн  хэрэгжиж, тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн ард иргэдийн амьжиргааг зээлийн эргэлтийн сангаар дамжуулан дэмжих, ажлын байр бий болгоход   хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

 

Мөн Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” –ийн  хүрээнд Хөвсгөл нуур орчмын орчны бүсийн  иргэдийн 8 бүлгийг сонгон шалгаруулаад нуур орчмын газар нутгийн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, иргэд, жуулчдад хог хаяхгүй байх ухуулга, сурталчилгаа хийх үүргээр ажиллуулах ажил эхэлж байна.    Ийм загвар төслийг цаашид бусад тусгай хамгаалалттай газруудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Монгол Улсад Тусгай хамгаалалттай газар нутагт тогтвортой аялал жуулчлалын загвар төв бий болгох   “Тогтвортой аялал жуулчлал зээлийн төсөл”-ийг 2019-2023 онуудад Хөвсгөлд  хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тогтвортой аялал жуулчлал зээлийн төслийн баримт бичиг боловсруулах техник туслалцааны 1.0 сая ам.долларын төслийн баримт бичиг боловсруулах ажил эхлээд байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Хөвсгөл нуурын эргэн тойронд хог хаягдлын менежментийг өргөжүүлэх, аялал жуулчлалд дэд бүтцийг сайжруулах,зээлийн эргэлтийн санг зузаатгасан байх юм.Дээрх төсөлд Онон-Балжийн тусгай хамгаалалттай газрыг хамруулахаар ярьж байна.

 

-Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгуудын үйл ажиллагаанд гаднын сайн туршлагуудыг нэвтрүүлэх талаар хийсэн ахиц дэвшилттэй ажил юу байна вэ?

 

-Энэ талаар Засгийн газрын  2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд мөн тодорхой асуудлууд туссан. “Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж, тусгай хамгаалалттай газрын хамгааллын менежментэд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, эко стандартыг мөрдүүлэх” зорилтын хүрээнд 2017 онд АНУ зэрэг гадаад орны хамгаалалттай газар, үндэсний парктай хамтын ажиллагааг өргөжүүлж, эгч дүү паркийг нэмэгдүүлнэ гэж тодорхойлсон. Эгч дүү паркийн харилцааны хүрээнд байгаль экологийн хувьд адил төсөөтэй БНСУ,    АНУ,  ХБНГУ,  Японы үндэсний паркуудыг зарим тусгай хамгаалалттай газруудтай холбох ажлууд  хэлэлцээрийн шатандаа явж байна.

 

Өнөөдрийн байдлаар  тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк- Японы Ядуурлыг бууруулах сан, Герман –Монголын хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар БОАЖЯ-ны ТХНУГ-тай хамтран   дөрвөн төсөл хэрэгжиж байна. Мөн АНУ, Герман, Солонгос, Хятад, Оросын таван  үндэсний парктай эгч дүүс паркийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байна.  ОХУ-тай хамтран албан ёсоор байгуулагдсан  хил дамнасан хоёр   тусгай хамгаалалттай газар, ЮНЕСКО- Хүн ба Шим мандлын нөөц газарт бүртгэгдсэн зургаан  тусгай хамгаалалттай газар, РАМСАР- ус намгархаг газрын олон улсын конвенцид бүртгэлтэй 11 улсын болоод орон нутгийн тусгай хамгаалалттай газар, Дэлхийн өвд бүртгэлтэй дөрвөн  тусгай хамгаалалттай газар байна. Ирэх долдугаар сард Польшийн Краков хотноо болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 41 дүгээр чуулганаар Монгол Дагуурын дархан цаазат газрыг Дэлхийн өвд бүртгүүлэхээр бичиг баримтыг өгсөн.

 

Харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал,   Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг /WCS/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хэрэглээнд СМАРТ/SMART (Spatial Monitoring and Reporting Tool) программыг  2016 оноос туршиж эхэлсэн.   Уг програмыг олон нийтэд, яамдын удирдлагууд, төслүүдэд танилцуулах, бусад хамгаалалтын захиргаадад нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-тэй хамтран зохион байгуулсан. Программын хөгжүүлэлт, менежментийг  сайжруулахаар  ажиллаж байна.   Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний нэгдсэн өнгө төрх  загварын төслийг боловсруулж, брэндбүүктэй болох,  логог   оюуны өмчид  бүртгүүлэх ажлыг хийж байна.

 

-Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог хангах, тэдний амьжиргаанд дэмжлэг болох чиглэлийг үйл ажиллагаандаа баримталж байгаа тухай Та түрүүнд ярьсан. Үүний сонгодог жишээ байгаль хамгаалах нөхөрлөлүүд. Нөхөрлөлүүдийн хэчнээн хувь нь тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд  байна вэ?

 

-Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн  нөөцийн хамтын менэжмэнтийн хамгийн үр ашигтай хэлбэр бол нутгийн иргэдийн байгаль хамгаалах нөхөрлөлүүд юм. Байгаль хамгаалах үйлсэд нутгийн иргэдийг оролцуулах санал санаачилгыг Монгол Улсын Засгийн Газар, Германы Олон Улсын Хөгжлийн Агентлагийн техникийн туслалцаатай Хан Хэнтийн болон Өмнөд Говийн Улсын тусгай хамгаалалттай газруудын Орчны бүсийн сумдад эхлүүлж 1999 онд анхны байгаль хамгаалах нөхөрлөл Өмнөговь аймгийн Баяндалай суманд байгуулагдаж байсан түүхтэй.   Өнөөдөр нөхөрлөлийн үйл ажиллагаа өргөжин тэлж Монгол орны тал хээр, ойн экосистем, зэрлэг амьтан хамгаалах чиглэлээр ажиллаж байна.  2017 оны3сарын 31-ний байдлаар 21 аймгуудын 1055 нөхөрлөлийн судалгаанымэдээллийг мэдээллийн санд оруулаад байна. Мэдээллийн санд орсон мэдээллийг ангилахад 13 Улсын тусгай хамгаалалттай газарт 23 нөхөрлөлүүд134 320 га талбайг хариуцан, 17 аймгийн 83 нөхөрлөлүүд Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт, 11 аймгийн 65 нөхөрлөлүүд 268 058га талбайг хариуцан Улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд байрлаж байна. Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадаас ирүүлсэн судалгаанаас харахад тусгай хамгаалалттай газар нутагт байгаа нийт 469 нөхөрлөлөөс идэвхтэй  үйл ажиллагаатай  277 нөхөрлөл байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян Дэлхийн Байгаль орчны сангаас хамтран  MRPA “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ”  төслийг Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Норовлин суман дахь Түмэнхаан-Шалз,  Хэнтий аймгийн Батширээт сумын Хавтгар, Увс аймгийн Бөхмөрөн, Сагилын  Гулзатын  орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгуудад хэрэгжиж байна. Эдгээр газруудад иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтаар ажилласнаар  тусгай хамгаалалттай газар нутгийн  менежментийн тогтвортой байдлыг хангах бүтцийг бий болгох, чадавхийг бэхжүүлэх ажлыг хийж байна.  БОАЖЯ-наас нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн хувьд бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг  боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж, хоёр ч удаагийн үндэсний чуулганыг хийгээд байна. Иргэд нөхөрлөл байгуулж ажилласнаар байгалиа хамгаалах хамтын менежмэнтэд оролцогч болох,   үр өгөөжийг нь хүртэх боломжтой болдгоороо давуу талтай.

 

-Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалын дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлэх талаар юу хийгдэж байна вэ?

 

- Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлж, хамгаалалтын менежментийг сайжруулах” зорилтын хүрээнд 2017 онд гадаад эх үүсвэрээс материаллаг баазыг нэг тэрбум хүртэлх  төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан.  Дээрх зорилтыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “Биологийнолон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь” төслийн хөрөнгө оруулалт” /KFW/, “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих” төслийн хөрөнгө оруулалт” /ADB/, “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн хөрөнгө оруулалт” /MRPA/ болон бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар тодорхой ажлууд хийгдэж байна.  Тухайлбал, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн санхүүжилтээр энэ  онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад гал түймрийн багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон 14 автомашин, байгаль хамгаалагч нарт 400 ширхэг өвөл, зуны дүрэмт хувцас, дуран, мэргэжлийн зургийн аппарат, байршил тогтоогч, аяны майхан, хөнжил, гудас зэрэг хяналт шалгалт хээрийн судалгаанд нэн шаардлагатай нэг тэрбум таван зуун сая төгрөгний үнэ бүхий хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Улсын тусгай хамгаалалттай газрын 27 хамгаалалтын захиргаадыг өндөр хурдны интернеттэй холбох үүнээс 23 хамгаалалтын захиргаадыг шилэн кабельд, алслагдсан 4 хамгаалалтын захиргаадыг гүйцэтгэгчийн санал болгосон аргачлалаар интернетэд холбох юм. Уг ажил энэ оны зургадугаар сараас эхэлнэ.

 

Гадаадын төслүүдийн хөрөнгө оруулалтаас гадна төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд мөн тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийдэг. Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Оюу-Толгойн уурхайн дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн /WCS/ Монгол дахь төлөөлөгчийн газар, “Сустэйнабилити Ийст Эйжиа” ХХК /SEA/ хамтран хэрэгжүүлж байгаа Зэрлэг амьтдын хууль бус агнууртай тэмцэх төслийн дэмжлэгээр 11 сая төгрөгийн таван ширхэг мотоцикль, хамгаалах малгайн хамт хүлээлгэн өгсөн.  "Гайхамшигт 6" төслийн хүрээнд "Монголын бартаат замын авто спортын холбоо"-ны санаачлагаар Мазаалайг хамгаалах үйлсэд зориулж, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг дэмжих, “Мобиком” ХХК,“Худалдаахөгжлийнбанк”, “Бодьдаатгал”, “Витафит” групп, MCS группзэрэгтомоохонажахуйнэгжүүд мазаалайбаавгайхамгаалах ажилд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж байгаа гэхчилэн дурдаж болно.

 

-Олон нийтэд экологийн боловсрол олгох, сурталчилгаа хийх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

 

-Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад тусгай хамгаалалттай газар нутгийн талаар мэдлэг, экологийн боловсрол олгох  комикс номын  “Гоо Монгол” төслийг эхлүүлээд байна. “Гоо Монгол” комик ном нь Монгол улсын дархан цаазат болон байгалийн цогцолбор, байгалийн нөөц, дурсгалт гээд нийт 68 газрын үнэт чанар, зүй тогтол, ан амьтдын шинж төлөвийг танин мэдүүлсэн зурагт өгүүлэмж бүхий 42 нүүрнээс бүтсэн 12 дэвтэр буюу цуврал хүүхдийн номыг бүтээх зорилготой ажил юм.Эхний дэвтрийг андройд ухаалаг утсанд суурилсан хэлбэрээр гаргаж, Андройд үйлдлийн системд тохируулан Play Store-д оруулсан болно.   Хоёрдугаар  дэвтрийг боловсруулах ажлыг мөн эхлүүлж төсөл, олон улсын байгууллагуудад санал хүргүүлээд байна.

 

Мөн  оюутан сурагчдын дунд “Дэ Нэйче Консерванси” Монгол дахь хөтөлбөрийн газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөлтэй хамтран Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай эсээ, илтгэлийн уралдаан  уралдааныг өнгөрсөн  сард зохион байгуулж,  дүгнэсэн. Уралдаанд оюутан, сурагчид идэвхтэй оролцсоныг тэмдэглэхэд таатай байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн  хэмжээнд мэдээллээ түргэн шуурхай хуваалцах зорилгоор  mpa.ontime.mn цахим оффис ашиглалтанд оруулсан. Энэхүү цахим оффисоор албан тоот явуулах, авах, шуурхай үүрэг даалгавар өгөх, цаг үеийн асуудлаар сэрэмжлүүлэг өгөх, хурал хийх, санал авах,  тайлан төлөвлөгөөг хүлээж авах ажлуудаа хийж, мэдээллийн шуурхай байдлыг ханган ажиллаж байна. Мөн уг  системийг хөгжүүлэгч “Товерсофт” ХХК-тай хамтран Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт зориулсан мэргэшлийн сорилын шалгалтыг онлайн хэлбэрээр авах системийг  хийлээ. Энэхүү шалгалтын систем нь Байгаль орчны багц хууль, биологийн олон янз байдлын ажиглалт, судалгааны арга зүй зэрэг 1000 сорилын тесттэй програм ба санамсаргүй байдлаар сонгогдсон 20 тестээр шалгалт авах тул цаг хугацаа, хүн хүч ихээр шаардсан, гар ажиллагаа ихтэй уламжлалт байдлыг халж байгаа юм. Цаашид цахим шалгалтын системийг нэвтрүүлснээр орон зайгаас үл хамааран онлайнаар шалгалт авах процессыг автоматжуулж, үр дүнг шууд интернэтээр мэдээлэх, шалгалтын дүнд боловсруулалт хийж дараагийн шалгалтын төлөвлөгөөг гаргах боломжтой болж хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын ур чадвар сайжирч мэргэших боломж бүрдэж байна. Эхний ээлжинд баруун бүсийн бүх хамгаалалтын захиргаадыг энэхүү шалгалтад хамруулахаар төлөвлөн ажиллаж байна

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

-Танд ч бас баярлалаа.Өнөөдөр Дэлхийн байгаль хамгаалах өдөр тохиож байна. Байгаль эх дэлхийгээ хамгаалж ирсэн эртний сайхан уламжлалтай Монголын ард түмэндээ, байгаль хамгаалагч нартаа, БОАЖЯ, түүний харьяа газруудын хамт олон, хамтран ажилладаг олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрийн хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе.   

 
Shuud.mn
Сонин хачин