Сагсан бөмбөг хүний амьдралыг өөрчилж болдог
2017-06-07

Бостон Сэлтиксийн түүхэн ойд зориулав

 

1. Сагс сонирхож эхэлсэн түүх ба хандлага тогтсон нь

 

 

Анх SBN телевизээр “NBA” буюу Хойд Америкийн Сагсан Бөмбөгийн холбооны лигийн тоглолтуудыг үзэж байсан цаг саяхан. Хосоо, Тулгаа гэх хоёр оюутан залуу өөрсдийн хичээлийн хажуугаар бүх тоглолтыг шууд дамжуулан хүргэдэг байлаа. Ширээн дээрээ ямар нэгэн ивээн тэтгэгчийн зүйл байсныг нь санахгүй байгааг одоо бодоход “албан ёсны онцгой эрх” лав биш байсан юм уу даа. Яг одоогийнхтой адилхан хүмүүс тайлбарыг голно, шилнэ, хараана, зүхнэ... Гэхдээ л тэд өглөө болгон сувгаа SBN дээр тааруулна. Одоогийнх шиг Фэйсбүүк, Ютүб-ийн лайвууд байхгүй, стрийм гэдгийг цөөхөн хүн л хэрэглэж мэддэг байсан цаг. Кабелийн сувагтай айлууд нь Стар Спортс, ИСПН, ССТВ-5 гэх гурван сувгаар завсар зайгаар нь тоглолтоо үздэг, тоглогчдынхоо плакатыг олж цуглуулдаг, тэд нарынхаа тухай тэмдэглэл хөтөлдөг, найз нөхөдтэйгөө уулзахаараа өөрийнхөө мэддэг бүхнээрээ мэтгэлздэг, мэдэхгүй бол “Хоо ямар лаг юм бэ” гээд л хүлээн зөвшөөрөөд өнгөрдөг байсан л даа. Багийн фэнүүд гэх хүрээлэл лав миний үеийнхэн буюу арван жилийн ахлах дунд ангийнханд байгаагүй байх. Т-Мак, Данкан, КЖ, Коби, Айвэрсон, Пийрс гэсэн нэр бүхий хэдхэн өмсгөл биеийн тамирын хичээл дээр жижгээсээ том хүртлээ, “оригналаасаа” хулхи хүртлээ жагсана. Багшийгаа тогло гээд  бөмбөг шидэхийг л хүлээнэ. Аяа 40 минут чи мөн ч удаан өнгөрдөг аз жаргалын цаг байж дээ.

 

 

Харин энэ үеэс нэг их удалгүй одоогийн сагсан бөмбөгчдийн хамгийн том хүрээлэл болох НБА Ток үүссэн. Тоглолт шууд гаргадаггүй боловч их үзэгчтэй нэвтрүүлэг байсан. Анх Ууганбаяр, Эрдэнэбат, Идэр-Ууган, Ялалт, Анхбаяр гэх мэт хүмүүсээс хуваарийн дагуу ээлжлэн хөтөлдөг байлаа. Харин яваандаа Ялалт, Идэр-Ууган гэдэг хоёр хүнээр гол “анкор”-оо сонгож нүүр царайгаа болгосон юм. Энэ хоёрын ярианд өсвөр үе нилээн тааламжтай хандана. Гоё гоё микс гаргана, харьцуулна, түүх сөхнө, эргэн дурсана. Мэддэг зүйлсээ дэндүү итгэлтэй ярина, хааяа үзэл бодлоо тулгана. Энэ нь сэтгүүл зүйн алтан дундыг баримтална гэдэг зарчмаас хазайсан “нүгэл” байсан гэж би боддог. Ямар сайндаа Ялалт гэдэг хүнийг Лэйкэрсийн дэмжигч гэдгийг сошиал хөгжөөгүй үед хүн болгон шахуу мэддэг, Идэр-Ууган гэдэг хүнийг “улаан бух” гэдгийг хэдийнэ мэдчихсэн л байдаг байсан цаг. Гэхдээ энэ бол Монголын сагсан бөмбөгт фэн хандлага тогтоход анхны шахуу, өөрсдөө ч мэдээгүй шахам алхам байсан биз. Улмаар 2007 он гэхэд энэ нэвтрүүлэг спортын түүхэнд байгаагүй шахуу их үзэгчтэй, хүлээж байж долоо хоногт нэг дугаар үздэг нэвтрүүлэг болсон байсан биз ээ. Би л лав Бостон Сэлтикс гэдэг багийг дэмжиж эхэлж байсан гэж бодож байна. Яг л одоогийн өсвөр үеийнхэнтэй адилхан их гурвал нийлж, улмаар дэлхий нийт бүгдээрээ энэ гурвал дээр анхаарч байсан үе л дээ. Яг финалын рекорд тогтоодог хамгийн сүүлийн тоглолтыг хүргэн ахындаа үзэж байлаа. Ирландад гэр бүлээрээ ажиллаж байгаад ирсэн ах сагсан бөмбөгөөс илүү бөх сонирхдог хүн. Гэхдээ азаар Кельт соёлыг гадарладаг нэгэн байсан юм. Ингээд анх “Шамрок”-ыг Кельт үндэсний билэгдэл гэдгийг тайлбарлаж эхэлсэн яриа намайг энэ багийг сонирхоход нэгэнт хүргэсэн юм. Энэ бол Бостон Сэлтикс багтай холбогдсон түүх.

 

 

2. Гүн Дурлал ба үзэн ядалт- Бостон Сэлтикс багийн тухай

 

Өнөөдөр Бостон Сэлтикс баг үүссэн түүхт 70 жилийн ой тохиож байна.

 

 2008 онд их гурвал 66-16 гэсэн амжилттай улирлыг дуусгаж Атлантик дивизоноо төдийгүй дорнод бүсийг тэргүүллээ. Тухайн үедээ сүрдмээр гурван нэр нэг багт байсан боловч бусад бүрэлдэхүүний хувьд одоо таних тоглогч цөөхөн. Лав л одоогийн Кливлэнд, Голдэн Стэйт хоёр шиг ийм баг байгаагүй. Тэр үед Кэндрик Пэркис, Лэон Поуви, Глэн Дэвис зэрэг тоглогчдыг хэн ч таньдаггүй байлаа. Ямар сайндаа алдарт Ражон Рондог тайлбарлагч Идэр-Ууган Рахон Рондо гэж нэвтрүүлгийнхээ үеэр нэрэлж байсан гээд л бод. Улирал гурван сүпер одын хүчинд л амжилт өндөртэй байсан гэж ойлгож болно. Харин плэй офф бол тэс өөр. Эхний хоёр шат байж болохоороо сунаж, нийт 14 тоглолт гарав. Бүсийн аварга, Аваргын цуврал хоёр харин 6 тоглолтонд тус тус шийдэгдсэн юм. Тимбервүүлвэст аварга авч чадаагүй КЖ, Бостонд бүх замналаа зориулсан Пол Пирс, Сиятл Сүпер Сониксын од Рэй Аллэн гурав ийнхүү анх удаагаа Нэйсмитийн цомыг өргөж “Бүх зүйл боломжтой” гэж Кэвин Гарнэтт орилж байсан цаг саяхан мэт санагдаж байна. Эндээс би энэ багт хайртай болсон. Дээрээс нь ахын ярьсан Ирландын амьдрал ч нилээн түлхэц болсон байх. Харин Дараагийн улирлуудад КЖ-ийн гэмтэл, байрлал ахиж тоглох болсон, Лэйкэрс өөрийн гэсэн их гурвалыг бүрдүүлсэн зэргээс шалтгаалан дахин аваргалж чадаагүй юм. Бостон мөнгөөр зодож их гурвалыг бүрдүүлж, НБА-г самарч эхэлсэн гэх яриа үе үе гардаг атлаа 2010 оны Лэйкэрсийг хэн ч энэ ярианд дурьддаггүйд би тус багийн үзэн ядагчийн хувьд битүүхэн гомдож явдаг. Мемфисийн ганц од байсан Пау газол, Индиана Пэйсэрст бүх одод болж, дөрвөн ч удаа хамгаалалтын багт нэрлэгдэж байсан Рон Артэст нар чухамдаа тухайн цаг үеийн лигийн нүүр царай Коби Брайнт дээр чухамдаа 2009 онд нэгдэж дууссан билээ. Рон Артэст гэж энэ тоглогчийг хүмүүс Лэйкэрст өнгөрүүлсэн таагүйхэн он жилүүдээр нь л дурсан санадаг биз. Гэхдээ түүнээс өмнөх улирлуудад хамгийн багадаа 17 оноо дунджилдаг, хамгаалалтаараа лигийн шилдгүүдийг унтраадаг, бохир тоглолтоороо тоглолтын хэв маягийг эвддэг байсныг нь хэн ч дурсан санадаггүй. Ингээд энэ “хараал идсэн” баг 2010 оны шигшээ цувралд Бостон Сэлтикстэй нүүр тулсан юм. Аа тийм лигийн шилдэг зургаа дах тоглогч Ламар Одом, гэмтээгүй байсан бол лигийн эзэрхэг төвийн тоглогчдын нэг болох ирээдүйгээ тавьж байсан Эндрью Байнам нар энэ багт эрүүл саруул хүчин зүтгэж байлаа. Улмаар сонгодог цувралд “шар ягаанууд” ялсан нь сэтгэлд мартагдашгүй гүн үлджээ. Энэ бол миний үзэн ядалт.

 

 

1946 онд анх байгуулагдсан Селтикс нь АНУ-ын Массачүсэттс мужийн буюу америкийн зүүн эрэгт байрлах Бостон хотод үүссэн баг юм. Энд Ирландууд ихтэй. Бостон нь гудамжаар нь улаан үстэй, хулигаан байрын цагаан арьстангууд одоо ч элбэг дайралдах хот. Ирландтай Умард Атлантын далайгаар холбогдож болохуйцын дээр чийглэг сэрүүвтэр, бороо цас ихтэй цаг агаартай учраас Ирландчууд чухамдаа энд суурьшсан биз. Яг суурьших болсон шалтгаан нь 1845-1852 онд Ирландад тариалангийн талбайнуудад халдварт өвчин гарч, бүх төмс хүнсний ногоо нь халдварт өртсөнөөс үүдэлтэй. Улмаар энэ халдвартай ногоог идсэн жирийн иргэд ч үхэлтэй золгож байв. Ойролцоогоор нэг сая шахам хүн ямар нэгэн байдлаар амь үрэгдсэн гэсэн мэдээ байдаг. Энэ нь манай улстай төстэй Ирландуудад дүрвэхээс өөр сонготыг үлдээгээгүй юм. Манай улстай төстэй гэдэг нь Ирланд улс нь Англи хэмээх том хөрштэй. Мел Гибсоны “Хатан зоригтон” кинон дээр гардаг шиг үеийн үед том хөрш, язгууртан ноёдоосоо болж жирийн иргэд нь хохирч байсан гашуун түүхтэй. Улмаар түүхийн явцдаа Англиас салан тусгаарласан нэг хэсэг байхад “Өвөр Монгол” шиг их гүрний хараанд үлдсэн “Умард Ирланд” гэх нэг хэсэг байна. Одоогийн судалгаагаар Ирланд нь 4.7 сая хүн амтай бол Умард Ирланд нь 1.8 сая хүн амтай. 1921 онд хоёр тусдаа салсан бөгөөд нэг хэсэг иргэний дайн тасардаггүй, дотоодын хагарал ихтэй байв. Тэгвэл энэ газар нутгаас дүрвэсэн дайнч Кельтүүдийн үр сад Америкт амьдралын төлөө боломж хайн очсон юм. Тэд Монголчуудтай адилхан тулааны спортуудад дуртайн илрэл нь мэргэжлийн бокс, регби зэрэг спортод дуртайгаас ил харагдана. Ингээд америк хэмээх дөнгөж бүрэлдэж буй нэгэн том эх газар дээр Ирландууд нутагшиж, аж төрөн амьдарч эхэлсэн юм. Улмаар өөрсдийн оршин буйг тунхаглах нэгэн том хэлбэр болох спортын салбаруудад өөрсдийн бүх фронтоо дайчилж эхэлсэн биз. Ялангуяа мэргэжлийн спортын буюу сагсан бөмбөг, НФЛ буюу Америк хөлбөмбөг, хоккей, бэйсбоол гэсэн салбаруудад орон нутгийн бизнесмэнүүд мөнгө ихээр хаядаг нь нууц биш. Багийн нийт үнэлэмжээр лав Бостон Сэлтикс гэдэг баг ямагт эхний тав дотор явдаг нь үүний илрэл. Ингэж л миний хайртай Бостон Сэлтикс баг 1946 оны зургаан сарын зургаанд анх байгуулагдаж байсан юм. Америкийн цагаар яг өнөөдөр энэ ой тохиож байна. Тэд 70 жилийн түүхэнд 17 удаад нь аварга авч байснаас гадна Билл Рассэл нэртэй анхны хар арьст оддын нэгийг өөрийн багийн салшгүй нэг хэсэг болгож чухамдаа түүнийг од болгон бүрэлдүүлсэн гэж хэлж болно. Энэ бол Кельтүүд найрсаг, элгэмсүү, ялгаварлан гадуурхдаггүйг илтгэх нэг зүйл нь биз ээ. Өдгөө НБА-ын аваргын цувралын хамгийн шилдэгт гардуулдаг цомыг Билл Рассэлийн нэрэмжит болгон өгдөг юм. Харин НБА-ын логон дээр заналт Жэрри Вэст заларсан байдаг билээ. Энэ бол миний дурлал, үзэн ядалтын хандлагыг илтгэх тод илрэл. Лэйкэрс 16 түрүүтэйгээр манай хойноос шил даран нэхэж явааг хэлэх нь илүүц биз.

 

 

3. Бостон Сэлтикс миний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ

 

Спорт гэдэг зүйл бол хүнийг донтуулах хамгийн хүчтэй мансууруулагч гэж би боддог. Чи нэгэнт л энэ таашаалыг мэдэрч чадсан бол гарах гарц байхгүй. Бүүр үр хүүхэд, ойр тойрныхондоо хүртэл энэ таашаалыг түгээхийг хүсэх тийм л мансууруулагч.

 

 

Бостон Сэлтикс миний амьдралд их олон фронтод мартагдашгүй ул мөр үлдээсэн юм. Арван жилд сонирхож, хайртай болсон сэтгэл зүрх минь энэ багаас, сагсан бөмбөг гэх энэ спортоос намайг холдуулаагүй. Оюутан байхдаа ч хүртэл боломжит бүх тоглолтыг л үзэж чөлөөт цагаа өнгөрүүлдэг байв. Гэхдээ намайг оюутан байхад миний хайртай баг уналтанд орж эхэлсэн юм. Их гурвалын нас явж, Дорнодод ЛэБрон Жэймс гэх мангас ноёрхож эхэллээ. Багийн амжилт тааруу байсан ч Монгол дахь Бостон Сэлтиксийн хөгжөөн дэмжигчидтэй байнга уулзаж заал авж, тоглолтуудыг цуг үздэг байв. Тухайн үед хэсэг бүлэг хүмүүсийн дунд Ханс нэрээрээ алдартай нэгэн ах ирж өөрийн үээж сонирхож эхэлсэн үеэс эхлээд одоог хүртэлх сонин хачин түүхүүд, ам дамжсан шар мэдээнүүд зэргийг бидэнтэй хуваалцана. Өөрөө Англи Франц хэлтэй мундаг ах байсан учраас надад яриа бүрийг нь алдалгүй сонсох юмсан гэсэн хүсэл төрдөг байсныг нуух юун. Харин тухайн үед Спортбокс, Боловсрол сувгуудаар НБА-г дамжуулж эхэлсэн байлаа. Манай хэд Ялалт ахыг муулаад л үзээд байна. Одоо бодоход, бас анзаарахад Ялалт гэдэг тайлбарлагч уг нь яг голыг нь олсон тайлбарлалт хийдэг миний мэдэх ганц хоёрхон хүний л нэг нь байх. Болохгүй байгааг болохгүй байна гэж хэлснийхээ төлөө өөрөө ч мэдэлгүй хэсэг бүлэг ногоонуудад муулуулж суудаг хэцүүхэн хувь заяа юм даа гэж тухайн үед мэр сэр боддог байв. Энэ бол хөгжөөн дэмжигч хандлага билээ. Эсрэг багтай холбоотой юм бүхэн онцгүй харагдана. Лэйкэрсийн хөгжөөн дэмжигч охид хүртэл царай муутай харагдаж эхэлнэ... Мэдээж хэрэг энэ бол наргиа шүү. Гэхдээ царай гэснээс анх бөөндөө тоглолт үзэж суухдаа би хүүгийнхээ ээжтэй буюу эхнэртэйгээ танилцаж байлаа шүү дээ. Адилхан нэг багийн хөгжөөн дэмжигчид гээд л ойлгочих. Ингэж Бостон Сэлтикс миний амьдралд эхнийхээ эффэктийг үзүүлсэн юм. Бидний танилцаж байсан өдрүүдээс хойш 5 жил болж байгаа юм байна.

 

 

Ингээд 2013 онд би сургуулиа төгслөө. Хавар нь төгссөн би ажилд орох гэж яараагүй нь тохиолдлын хэрэг биш бололтой. Навчис хөл доор шаргалтан хөглөрсөн намрын налгар өдрүүд үргэлжилж байлаа. Утас дуугарав. Оюутан ангийн найз маань спортбокс суваг телевиз ажилд авах зар тавьсан байгаа тухай хэллээ. Яагаад болохгүй гэж? Хайртаа спорттойгоо хамгийн ойрхон очих боломж. Ингээд орчуулагч, тайлбарлагч гэдэг албан тушаалд горилж, анх удаагаа синхрон буюу шууд ярианаас нь сонсголоороо баримтат киног орчуулах гэж бүтэн өдрийг барж байсан нь сэтгэлд тод. Уг нь ч түүнээс хойш орчуулдаг байсан кинонуудтай харьцуулахад богинохон кино л байсан л даа. 10 минутын кино. Гэхдээ л өглөө 11 болж байхад очсон би 17 цаг болж байхад сая нэг юм үүдээр гарч ирэв. Маргааш хариу хэлэе гэдэг хоёрхон үгтэй. Маргааш нь харин Ялалт ах андруу залгаад Даваа гарагаас хүрээд ирээрэй. Дагалдуулж байгаад авах үгүйгээ шийднэ гэсэн юм. Ингээд л Спортбоксын ажилчин болсон түүхтэй. Хайртай зүйлээ хийж байгаа учраас үргэлж дуртай байдагсан. Тэнд мөн одоогийн сайн найз нартайгаа танилцаж, муудалцахдаа муудалцаж, загнуулахдаа загнуулж, тамхиа хувааж татаж байсан юм. Энэ бол Бостон Сэлтиксийн миний амьдралд оруулсан хоёр дахь том нөлөө.

 

Чи ямар нэгэн зүйлд чин сэтгэлээсээ дурлавал эргээд хариугаа өгдөг гэдгийг би маш сайн ойлгосон. Үнэхээр дурласан бол чи түүнийхээ төлөө юуг ч хамаагүй хийх болно. Шууд сонсоод орчуулж бичих бол юу ч биш. Орлогогүй оюутан байхдаа би нэг удаа ээжээсээ мөнгө уйлан дуулан гуйн байж аваад Истанбулыг хоёр хүний хамтаар зорьж байлаа. Ээждээ диплом оо хийнэ гэж хэлж авсан л даа. Даанч эхнэр маань миний бичиж авсан бүх дүрсийг устгаснаас болоод хамгаалж чадаагүй юм. Гэхдээ энэ нь угаасаа миний гол зорилго биш байсан. Би тэнд Бостон Сэлтикс, Фэнэрбахчэ Улкэр багуудын тоглолтыг л үзэх гэж очиж байлаа. Би тэгтлээ энэ багт дурласан, хайрласан. Харин энэ багийн маань 70 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

 

Даян Дэлхийн нийт ногоонуудад баярын мэнд хүргэе.

 

Б.Энх- Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин