Шинэ эрүүгийн хуулиар хорих ял эдэлж буй иргэдэд өргөн боломж нээгдэж байна
2017-06-07

Өмгөөллийн “Легал Про” ХХН-ийн гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч С.Баянмөнхтэй ярилцлаа.

 

-Нийгмийн харилцааг зохицуулах, ял шийтгэл оногдуулдах суурь хууль гэдэг утгаараа Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга анхаарал татсан сэдэв болж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

- Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар батлагдсан. Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих боломжтой хугацаанд байгаа тул хэвлэгдэж нийтийн хүртээл болоогүй байна. Гэхдээ энэ хууль маань 2015 онд батлагдсан бөгөөд УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулахаар хэрэгжих хугацааг хойшлуулж, энэ хугацаанд нилээд өөрчлөлтүүдийг оруулж, нэмэлт өөрчлөлтийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хамт УИХ-аас баталсан.

 

- Ял, шийтгэл нь хэрхэн өөрчлөгдсөн бэ?

 

- 2002 оны Эрүүгийн хуулийг бодвол хорих ялын хугацааг багасгаж, үндсэндээ ял шийтгэл зөөлөрч, ялын бодлогын хувьд уян хатан хууль болсон. Мөн шинээр хэд хэдэн ялын төрлүүд нэмэгдсэн. Тухайлбал: Зорчих эрхийг хязгаарлах, нийгэмд тустай ажил хийлгэх зэрэг ялууд нэмэгдсэн. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зорчих эрхийг хязгаарлах ял өгсөнөөр тухайн хүн шүүхээс зааж өгсөн цэгүүдээр л явах боломжтой. Одоо захын андройд үйлдлийн системтэй утас хаана байгааг илрүүлж байхад шүүхээс оногдуулсан цэгүүдээс өөр газарт яваа ялтныг илрүүлэхэд асуудал байхгүй. Ялтныг ялаа эдлэх хугацаанд ядаж улсын төсвөөс мөнгө гарахгүй. Ингэснээрээ эдийн засгийн хувьд үр ашигтай ялын төрөл болсон.

 

- Тэгвэл нэгэнт ял шийтгэлээ авсан хүмүүсийн эрх зүйн байдал яаж өөрчлөгдөх вэ?

 

- Шинэ хуулиар хорих ялын хэмжээг ерөнхийдөө багасгаж, ялын интервалын хувьд уян хатан болсон гэж өмнө хэлсэн. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчимтай. Уг зарчмын хүрээнд 2002 оны эрүүгийн хуулиар хорих ял шийтгүүлсэн этгээдийн хорих ялын хэмжээ багассан байвал шинэ хуулийг буцаан хэрэглэж оногдуулсан ялын хэмжээг багасгах, түүнчлэн ялаас чөлөөлөгдөх ч боломжтой.

 

Нэгэнт гэмт хэрэг үйлдээд ялаа эдэлж байгаа ялтнуудын хувьд энэхүү боломжийг ашиглаад хорих ялын хугацаанаас хасуулах, оногдуулсан ялыг өөрчлүүлэх, магадгүй буцаад эрх чөлөөтэй болж нийгэмд хөл тавих үүд хаалга ч нээгдэх юм.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар нь хичнээн гомдолгүй гэж байсан ч ял аваад явчихсан хүмүүс байдаг. Ийм тохиолдолд заавал ял оноохгүйгээр тэнсэх ч боломжтой болж хуульчлагдсан. Тиймээс энэ тохиолдолд байгаа ялтан, тэдний ар гэр энэхүү мэдээллийг соргогоор хүлээн авч мэргэжлийн хуульч, өмгөөлөгчдөөс эрх зүйн туслалцаа авч хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх эрхээ эдлэх нь зүйтэй.

 

Мөн зарим үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохооргүй болж хуульчлагдсан. Тухайлбал: Танхайн гэмт хэрэг гэдэг зүйл анги байхгүй болсон боловч Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэдэг зүйл анги нэмэгдсэн байх жишээтэй. Ийм учраас мэргэжлийн хуульч, өмгөөлчдөөс хууль зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлагатай.

 

- Дээрх чиглэлээр танай байгууллагын хуульчид ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна вэ?

 

- Манай нөхөрлөлийн хуульч, өмгөөлөгч нар энэхүү 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих шинэ Эрүүгийн хуульд судалгаа, шинжилгээ хийсний үндсэнд ялангуяа хорих байгууллагад хоригдож буй иргэдийн эрх зүйн байдал дээрдэх өргөн боломж нээгдэж байна гэж үзэж тэдэнд чиглэсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

- Тэгвэл хорих байгууллагын ялтнууудад эрх зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр ажиллах боломжтой гэсэн үг үү?

 

- Боломжтой. Бид шинэ Эрүүгийн хууль хэрэгжих гэж буйтай холбоотой дотоод зохион байгуулалтынхаа хүрээнд хуульчдыгаа бэлтгэх ажлыг үндсэндээ зохион байгуулж бүрэн дууссан. Биднээс хууль зүйн зөвөлгөө, эрх  зүйн туслалцаа хүсч хандсан хүн бүрт манай үүд хаалга үргэлж нээлттэй.

 

- Танай байгууллагатай хэрхэн, яаж холбогдох вэ?

 

- Хорих ял эдэлж нийгмээс тусгаарлагдсан хүмүүсийн хувьд энэхүү шинэ хуулийн өөрчлөлттэй холбоотой мэдээллийг төдийлөн мэдэхгүй, мэдэх боломжгүй өнгөрөх эрсдэл бий. Тиймээс эдгээр иргэдийн ар гэрийхэн, төрөл садан нь энэхүү мэдээллийг дамжуулах гүүр нь болох учиртай. Манай байгууллагатай /80100103/ дугаарын утсаар хэдийд ч холбогдоод зөвөлгөө, мэдээлэл авах боломжтой.

 

Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

За баярлалаа.

 
Shuud.mn
Сонин хачин