Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 хувийг хүүхэд эзэлж байна
2017-06-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор УИХ гишүүн Ц.Цогзолмаа, М.Билэгт О.Баасанхүү, Б.Саранчимэг, Н.Учрал нарын нэр бүхий гишүүд тус байнгын хорооны ажлын алба, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албаны хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй 3 дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ.

 

 Тус ажлын хэсэг үндэсний хэмжээний ерөнхий боловсролын тусгай 25, 29, 55, 70, 63, 116-р сургуулиуд, Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургууль болон цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, 186 дугаар цэцэрлэг, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо, Хараагүй иргэдийн үндэсний төв зэрэг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцсан байна.

 

Монгол улс НҮБ-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид 2008 онд нэгдэн орсон бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сард шинэчлэн баталсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг оролцоо, баримтлах зарчмыг тодорхойлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрөө өөртөө итгэх, өөрийн бодит боломжид тулгуурлан хөдөлмөр эрхлэх, онцлог хэрэгцээндээ нийцсэн нийгмийн үйлчилгээнд хамрагдах, сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг боломж бүрдсэн.

 

Монгол Улсад 101730 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 10 хувийг хүүхэд эзэлж байгаа аж. Ерөнхий боловсролын дээрх тусгай сургуулиудад 1658 хүүхэд суралцаж, 402 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцаж байна.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тэдний нийгмийн харилцаанд тэгш оролцох, олон нийт хамт олны хүрээнд хөгжих, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтцийг бий болгох, нийгмийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай, сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмших бүхий л харилцаанд оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгээс гарсан санал, хүсэлтийг үндэслэн УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Уг тогтоолын төслийг гишүүд хэлэлцэн батлав. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улаанбаатараас бусад аймаг хотын судалгаа бна уу? Ийм худлаа юм ярихаа боль 70,55,63,25 хэзээ vндэсний хэмжээний сургууль болсон юм бэ?
2017-06-09