16400 хүнийг ажлын байранд зуучилжээ
2017-06-12

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ХНХ-ын сайд Н.Номтойбаяр болон холбогдох хүмүүс оролцлоо.

 

Он гарсаар эхний зургаан сарын байдлаар 16400 орчим иргэнийг байнгын болон түр ажлын байранд зуучилжээ. Үйлдвэрлэл үйлчилгээ, барилга зэрэг бүхий л салбарт дээрх хүмүүс орсон байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа жижиг  зээлийн хүрээнд энэ жил 20 орчим тэрбум төгрөг төсөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 10 тэрбум төгрөгийг гэрээт арилжааны банкинд шилжүүлжээ. Аймаг, орон нутагт төсөл хөтөлбөрүүдийг авч байгаа аж. Уг зээлийг иргэнд 10 хүртэл сая төгрөгийг 24 сарын хугацаатай, 8.4  хувийн хүүтэйгээр, нөхөрлөл, хоршоонд  20 сая хүртэл төгрөгийн зээлийг  мөн дээрх нөхцөлтэйгээр  олгодог байна. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:

 

-Төр ажлаа аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүсээр гүйцэтгүүлэх хэрэгтэй. Төрийн албан хаагчдын цалингийн фонд нэг жилийн улсын төсвийн 21-22 хувийг зарлагаддаг. Үндэсэндээ 2 гаруй их наяд төгрөг зөвхөн цалингийн урсгалд явж байна. Үүнийг бид тодорхой хэмжээгээр либериалчилна бид сургууль цэцэрлэгээ барих мөнгөний их үүсвэртэй болно гэсэн үг. Тиймээс төрийн зардал нүсэр байгаа юм.  Ихэнх зардлыг нь яамд эзлээд байна гэж хараад байх шиг байна. Гэхдээ яамдын хүрээнд 1050 төрийн албан хаагч байдаг юм билээ. 116 мянган төрийн албан хаагчдаас манай яам гэхэд 116 албан хаагчтай. Ялангуяа төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цэгцлэх шаардлагатай. Улаанбаатар хотод зээл олгохдоо утааг бууруулах зорилгоор цахилгаан халаагуур үйлдвэрлэх аж ахуй нэгж, компаниудыг дэмжиж ажиллана гэдгийг онцолсон юм.

 

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл:

 

-Бодлогын чиглэлээр нэлээд ажил хийгдсэн.  Ажилгүйдлийг ул сууриар нь тодорхойлж, асуудлаа шийдүүлэх талд Засгийн газар, ХНХЯ бодлогоо чиглүүлж байна. Эдийн засгийн уялдаа холбоотойгоор хөдөлмөр эрхлэлт нэмэгддэг тал харагдаж байна. Тухайлбал, цементийн үйлдвэр нэмэгдсэнтэй холбоотой  800 гаруй хүний ажлын байр бий боллоо. “MCS”  650, Моннис 350 ажлын байр бий болгож байна. Өнгөрсөн хугацаанд 40 ажлын байр бий болох тооцоо судалгааг ХНХЯ гаргажээ. Үүнээс эхний байдлаар 16400 гаруй ажлын байр бий болсон байна хэмээлээ.

 

МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

 

-Эдийн засгийн түлхүү асуудал хөдөлмөр эрхлэлт байдаг. Сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн төвшин өндөр хувьтай байна. ХНХЯ, Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл энэ асуудлаар тооцоо судалгаа хийсэн. Харамсалтай нь Сангийн яамнаас санхүүжилт өгөөгүйгээс иргэдэд хүлээлт үүсгэсэн байсан. Гэхдээ одоо санхүүжилт нь олгогдоод ажил нь эхлээд явж байгаа юм байна.  Цаашдаа бусад яамдад ч Хөдөлмөр эрхлэлтийн дэд зөвлөлийг байгуулах шаардлагатай байгаа юм. Мэдээллийн нэгдсэн цогц үйлчилгээг бий болгох шаардлагатай. Манай үйлдвэрчний эвлэлийн байгууллага олон жил энэ асуудлаар хүсэлт тавьж байгаа. Энэ асуудлаар анхаарч өгөөрэй гэсэн юм. Сүүлийн дөрвөн жилд цалин олигтой нэмэгдсэнгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ оны эхэнд нэмэгдсэн. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй байгаа.

 

Ийнхүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар  төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин