Тийзний үнэ 20-40 хувь хямдарна
2017-6-13

 

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНСУ-ын “Асиана Эйрлайнз” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Тус компанийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Жон Илнам Инчон–Улаанбаатар–Инчон чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтийг тавьсан байна. Хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хийхээр төлөвлөжээ. Мөн тус уулзалтын дараа Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Хүннү Эйр компани болон Эйр Монголия компанийн удирдлагууд нислэгийн тийзний үнийг хэрхэн хямдруулж, хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаар мэдээлэл хийлээ. Дээрх компаниуд нислэгийн тийзний үнийг урьдчилсан байдлаар 20-40 хувиар бууруулах боломжтой гэдгийг хэлж байв.

 

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Зам, тээврийн хөгжлийн яам байгуулагдсан цагаасаа бүхий л түвшиндээ нислэгийн тийзний хөнгөлөлтийг хэрэгжүүлэх талаар зорьж ажиллаж байна. Олон улсын агаарын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар тодорхой үе шаттайгаар тийзний үнийг бууруулах боломжийг эрэлхийлж байна. Эхний ээлжинд БНСУ-тай байгуулах агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулснаар иргэд, олон нийт хөнгөлөлттэй, хямд үнээр зорчих бас нэгэн боломж нээгдэнэ” хэмээн мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Мөн дотоодын тээвэрлэгч компаниуд нислэгийн тийзэндээ ямар хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаараа мэдэгдлээ.

 

Төрөөс иргэний нисэхийн салбарт аль болох чөлөөт үнийн бодлого, аль болох олон нислэг үйлдэх боломжийг шат дараатайгаар судалж, хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал Хүннү эйр компани Улаан-үдийн чиглэлд шинэ нислэг, МИАТ Бусаны чиглэлд шинэ нислэгийг хөнгөлөлттэй үнээр нээж байгаа талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлж байв. .Мөн Бусан болон Сөүлийг холбосон нислэгээс гадна Тайланд, Бангкок чиглэлд шинэ нислэг нээхээр төлөвлөжээ.

 

2013 оноос хойш ам.долларын ханш огцом өссөнтэй холбоотойгоор санхүүгийн алдагдал хүлээсэн ч нислэгийн тийзний үнийг нэмээгүй гэдгийг МИАТ компанийнхан хэлж байв. Нийт 26 төрлийн тарифыг цаг хугацаа болон ангиллаас хамааруулж тогтоосон. Тийзээ эрт захиалж авсан тохиолдолд хамгийн бага үнээр тийз худалдан авах боломжтой бөгөөд 60-70 хувийг хямд тийз эзэлж байгаа аж. Тухайлбал хоёр талын тийз 970 мянган төгрөгөөс эхэлдэг талаар энэ үеэр мэдээллээ. Мөн оюутнууд, гэр бүл, ахмад настны гээд хямдралууд байдаг бөгөөд тарифын хөнгөлөлтийн талаар ажлын хэсэг байгуулж, судалгаа хийж эхэлжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Hudlaa:
Byambasuren gej ulaan pr showchin gar um daa
2017-06-13
Зочин:
МИАТ алдагдалд орох үүд хаалга нь нээгдлээ дээ хамгийн орлоготой чиглэл шүү дээ Асиана ч дампууруулж өгчихөөд явчихдаг компани гэж байгаа юм
2017-06-13
chimgee:
hogjlin berhsheeltei ger build hymd tiiz bna u baruuni oron ru ih unetei bn
2017-06-13