“Херо”-ийн Б.Баатарт эрүүгийн хэрэг үүсгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан хууль тогтоомж зөрчиж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж, ард түмнийг хагалан бутаргах, сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах шинжийг агуулсан мэдээлэл цахим хуудсаар тархаж байгаа. Үүнд цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж байгаа талаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Батбаатар мэдээлэл хийлээ.
Зарим мэдээллийн хэрэгслээр “Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлэг цацагдсан. Уг нэвтрүүлэг нь “200 хүний толгойг авч тойрон бүжиглэнэ” гэх зэргээр ард иргэдийг харгис хэрцгий алан хядлагад уриалан дуудсан шинжтэй байсан тул нэвтрүүлэг бэлтгэж гаргасан “Херо” студийн захирал Б.Баатар болон бусад хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Мөн “Приус 11” маркийн автомашин шатаахыг завдсан хэрэг өнгөрсөн сарын 22-нд гарсан. Машин шатаахыг завдсан хүмүүс албан тушаалтнаар тодорхой шийдвэр гаргуулахын тулд энэхүү үйлдлийг хийсэн нь тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байгаа учраас иргэн Х, Б нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байгаа юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ