Хавтан эвлүүлж тоглодгоо болиоч
2017-06-22

Зуны дэлгэр цаг хэдий ч бороо орохгүй малчид  гэлтгүй нийслэлчүүдийн сэтгэлийг зовоож байтал нэг л өдөр асгартал бороо орж, Улаанбаатар хотын гудамж талбайд үер буулаа. Бороо орсон нь сайн хэрэг ч усан бороо их хэмжээгээр орсноос зам талбайд хур хог бөөгнөрсөн, тээврийн хэрэгслийн болон явган хүний зорчих хэсгийн зам талбайд эвдрэл гэмтэл үүссэн харагдана.

 

 

Хоёр хоногийн өмнө орсон борооны ус их хэмжээгээр тогтсоноос шалтгаалан СХД, ЭХЭМҮТ-ийн ойр орчмын явган хүний зам цөмөрч, цөмөрсөн хэсэгт автомашинууд ороод зогсчихсон байлаа. Борооны ус даадаггүй замын хашлага, хавтан гэж юу байхав. Барьж байгуулсан компанийн л хийж гүйцэтгэсэн “царай” энэ. Зам талбайн засвар тохижилтийг хийсэн компани нүх шахаж тоглоогүй л байлтай. “Нүгэлийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр дарга гүйцэтгэгч хоёр нэг нэгнээ эвлэгэхэн “хулхидсаар” эцэст нь иргэдийн амьдрах орчинд аюултай байдал үүсч байгааг хаа хаанаа ойлгохсон. Ул шороог нь сайтар нягтруулаад суурийг нь цутгасны дараагаар элсээр шигжвэл дээр нь нэг жаахан өөрийсмөг хандсан бол ийм байдал үүсэхгүй байсан гэдгийг мэргэжлийн хүн хэлж байна.

 

Зам яагаад муу баригдаж, амархан гэмтдэг талаар Зам тээврийн хөгжлийн төвийн захирал асан “Зам засвар, арчлалтын компаниудад зам засах мөнгө, төсөв өгөхдөө замын эвдрэлийг харж өгдөг. Замчид бол “нүх тоолох” гэж ярьдаг. Ингээд хэр их эвдрэлтэй түүнээс хамаараад улсаас мөнгө өгнө. Гол нь арчлалтын компаниудад замын эвдрэлийг харж хөрөнгө өгдөг нь маш буруу бодлого, тогтолцоо. Яагаад гэвэл тухайн компани ажлаа үргэлжлүүлэхийг хүснэ, улсын төсвөөс мөнгө авахаа бодох учраас хатуухан хэлэхэд зам эвдрээсэй гэж бодож анхнаасаа муу зам тавина. Ингэж байж улсын төсвөөс тэнд гэмтэл гарсан гэж мөнгө гаргуулж авдаг. Ингээд улсын төсөв мөнгө багатай бол бага хуваарилж, янзалсан болоод дахин эвдрэхдээ маш амархан юм хийгдээд байгаа юм” хэмээж байсан удаатай. Тиймээс л зам засварын ажил гүйцэтгэсэн “нөхдүүдэд” эргээд хариуцлага тооцдог, эвдэрсэн замыг буцаан завсарлуулж, эзний ёсоор харж, арчилдаг болгомоор байна.

 

Энэ мэтчилэн хайран татварын мөнгө гэж халагламаар дутуу гүйцэтгэсэн ажил олон байна. Нийслэл хотын явган хүний зорчих зам талбайн дийлэнх нь стандарт шаардлага хангаагүй, анх тавигдсанаас нь хойш олон жил ашиглаж байгаа, борооны ус зайлуулах шугам хоолойгүй. Үүнээс улбаалан өвөлдөө цас ороод хайлмагтахаар халтиргаа гулгаа ихтэй болж, газрын цэвдгээс үүдэн тавьсан зам нь дээшээ овойн гардгаас иргэд бүдэрч унах, гэмтэж бэртэхэд хүргэдэг.

 

 

Явган хүний замуудыг муутгаж байгаа өөр нэг хүчин зүйл нь газар шорооны ажил хийж байгаа аж ахуйн нэгжүүд. Өнөөдөр тавьсан замаа маргааш нь сэтлээд газар ухаж хөрөнгө оруулалт нэрээр өмнө хийсэн ажлыг устгаж сүйтгэж байгаа нь харамсалтай юм. Кабель татна, дулааны шугам солино, барилгын өргөтгөлийн ажил хийнэ гэх мэтээр явган хүний замд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл их. Юм хийж бүтээж болно, гэхдээ өмнө хийсэн зүйлээ өөд нь татах хэрэгтэй байна.

 

Манай улс өвөл, зуны алинд ч байгаль, цаг уурын давтагдашгүй хүчин зүйлд “барьц” алдаж байна.   Өвөл цас их орвол замд халтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгслүүд таг түгжирчихнэ. Харин зун бороо их орвол зам бүхэлдээ усанд автаж, зарим газраа цөмөрчихнө.

 

Байгалийн аюулт үзэгдэл манай улсад ховор нь аз ч дарга, даамал хоёрын хийсэн ажил иргэдийг “азгүйтүүлчих” гээд байгааг ойлгох албатан хэрэгтэй байна. Өнөөдөр зам цөмөрлөө. Маргааш юу цөмрөхийг таашгүй. Тиймээс ажил гүйцэтгэгч компаниуд тендерт шалгарах гэж төслөө танилцуулахдаа хэлсэн, амласан шигээ хийж хэрэгжүүлдэг баймаар байна. Чадаж байгаа нэгэнд нь засварын ажлаа даатгаж, хяналтыг нь сайжруулмаар байна. Туршлагагүй  хүнээр чулуу эвлүүлж тоглуулсаар байх нь төсвийн мөнгийг үерт урсгаснаас ялгаа юун.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нар:
Хийсэн хүмүүст хатуу хариуцлага тооц
2017-06-22