“НАТО”-ийн сөнөөгч Шойгу сайдыг айлгажээ

ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын сууж явсан онгоцыг сөнөөгч онгоц дагажээ. Энэ талаар “TASS”агентлаг мэдээллээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгугийн зорчиж явсан онгоцыг “НАТО”-ийн “F-16” сөнөөгч онгоц дагаж, айлгасан байна. Сайдын сууж явсан онгоц Балтын тэнгисийн дундын бүсэд нислэг үйлдэж явахад гэнэт “НАТО”-ийн “F-16” сөнөөгч онгоц дагаж эхэлсэн аж. Энэхүү үйл явдал өчигдөр 17.00 цагийн орчимд болсон талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээллээ. “Сөнөөгч онгоц гэнэт дагаж эхэлсний дараахан онгоцонд байсан бүх хүн айдаст автсан” хэмээн нэгэн гэрч өгүүлжээ. Сайдын онгоцыг хамгаалж явсан Оросын “Су 24” онгоц нэг удаа анхааруулга өгсний дараа “F-16” сөнөөгчийг шахаж холдуулсан байна.
“Су 24” онгоц “F-16” онгоц руу ойртож, далавчаа хазайлган зэвсгээ харуулжээ. Уг үйл явдлын дараа “F-16” онгоц нислэгээ өөрчилсөн аж. “Хэрвээ хоёр тал багахан л буруу алхам хийсэн бол “Су 24” болон “F-16” онгоц харилцан гал нээх эрсдэлтэй байсан” хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэж, “НАТО”-г шүүмжилжээ.
Сайдын онгоцыг хамгаалан хоёр онгоц дагалдан явж байсан юм.
“Балтын тэнгисийн дундын бүсэд өчигдөр гурван онгоц нислэг үйлдэж байсан” хэмээн “НАТО”-ийн хэвлэлийн албанаас баталж “Оросын онгоцууд хяналтын системд хариу өгөхгүй, өөрсдийгөө таниулаагүй байсан учир “НАТО”-ийн сөнөөгч онгоц үүргийнхээ дагуу тэднийг хэн болохыг тодруулахаар ойртсон. Бүх зүйл дүрмийн дагуу явагдсан. Гэнэт гарч ирээд дагасан хэрэг биш. Энэ бол онгоцонд хэн яваагаас үл хамааран үйлддэг дотоод журам” гэж мэдэгджээ. “Сөнөөгч дагасан онгоцонд ОХУ-ын нөлөө бүхий эрхэм зорчиж явсан” гэдгийг “НАТО” мэдээгүй хэмээн мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.
Сайд Шойгу албаны хүмүүсийн хамтаар далайн чанадад орших ОХУ-ын алслагдсан мужийн нэг Калининградад зохион байгуулагдсан Аюулгүй байдлын уулзалтад оролцоод явж байсан юм. Уг уулзалт дууссаны дараа сайдын онгоцыг хэд хэдэн байлдааны “Су 34” онгоц дагалдан явж, Москва хотноо аюулгүй хүргэжээ. Мөн энэ үед “НАТО”-ийн гурван сөнөөгч онгоц сайдын онгоцтой ойртохгүйгээр алсаас дагалдан явсан байна.
Балтын тэнгисийн дээр “НАТО” болон ОХУ-ын онгоцууд анх удаагаа үл ойлголцож байгаа нь энэ биш юм. Энэ он гараад тус бүсэд зөрчилдөөн улам хурцдаж байгаа. “НАТО”-ийн онгоцууд шалгалт нэрийдлээр ОХУ-ын ойртох, дагах зэрэг хууль бус үйлдэл гаргах болжээ.
“НАТО”-ийн эрх баригчид Балтын тэнгисийн орнуудад ОХУ хүч түрэмгийлэх бодлого урьдчилан сэргийлж, тус бүс нутагт 24 цаг эргүүл хийх болсон. “НАТО”, Польш болон Литва улсад цэрэг, зэвсгээ бөөгнөрүүлж эхэлсэн бөгөөд “ОХУ ганц л буруу алхам хийвэл хариу арга хэмжээ авах”-аа санууллаа.
Саяхан АНУ-ын сөнөөгч онгоц Сирийн армийн “Су-22” онгоцыг буудаж, унагаасан билээ.
Тус цэргийн онгоц Сирийн Дэйр Эззор хот дахь террористуудын бүсэд цохилт өгөөд бааз руугаа буцаж байхад АНУ-ын сөнөөгч онгоц гэнэт дагаж, удалгүй гал нээсэн юм. Мөн АНУ-ын сөнөөгч онгоц энэ мягмар гаригт Рамадан хотноо мэдээлэл цуглуулж байсан Сирийн армийн дроныг буудаж харвасан байна.
Энэхүү үйл явдлын улмаас Сири болон Америкийн онгоцууд зөрчилдөхөд хүрсэн бөгөөд тэд террористуудтай бус хоорондоо зөрчилдөж буйг НҮБ сануулсан. Мөн Балтын тэнгисийн орчимд “НАТО”, ОХУ-ын онгоцууд зөрчилдөөнтэй байгаад тус байгууллага санаа зовж буйгаа “НАТО”-ийн эрх баригчдад уламжилсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ