Оскар шийтгүүлэв
2017-06-23

 

Өнгөрсөн өвөл Английн Челси клубээс Хятадын Шанхай SIPG клубт 60 сая фунтын үнээр очсон Оскар хэсэг хугацааг талбайн гадна өнгөрүүлэх болжээ. Учир нь тэрбээр өнгөрсөн ням гарагт Гуаньжоу R&F багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр өрсөлдөгчидтэйгээ таагүй харьцсан байна. Энэ нь 13-р тойргийн тоглолт байсан бөгөөд Хятадын хөлбөмбөгийн холбоо өчигдөр хуралдаж, Оскарыг 8 тоглолт, 4620 ам.доллараар торгожээ. Бразил хагас хамгаалагч эсрэг багийн хоёр ч тоглогчийг санаатайгаар бөмбөгөөр оносон нь эмх замбараагүй байдал үүсэх шалтгаан болсон юм. Мөн Хятадын хөлбөмбөгийн холбоо Оскараас гадна зүй бус авирласан хэд хэдэн тоглогчид шийтгэл өгсөн байна.

 

 

Тун өрсөлдөөнтэй үргэлжилсэн уг тоглолт 1:1-ийн харьцаатай өндөрлөж багууд оноо хуваасан юм. Оскарын тоглодог Шанхай хотын багийн хувьд 30 оноотой Хятадын супер лигийн хүснэгтийн дэд байранд жагсаж байгаа юм.

 

 

Сонирхуулахад Бразил хагас хамгаалагч Дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчдийн жагсаалтын дэд байранд эрэмбэлэгддэг нэгэн. Тэрбээр долоо хоногийн 400.000 фунтын цалинг авдаг нь Криштиану Роналду, Лионель Месси нарын Дэлхийн шилдгүүдийнхээс ч өндөр тоо юм.

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин