Шинэ цэцэрлэгийн барилгын шав тавилаа
2017-06-23

 

Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо.Тус цэцэрлэг нь анх 1965 онд хүүхдийн ясли нэртэй байгуулагдаж, 1991 онд Найрамдлын районы АДХГЗ-ны А/06 тоот захирамжаар ясли-цэцэрлэгийн комбинат, 1996 онд Нийслэлийн Засаг даргын А/104 тоот захирамжаар 146 дугаар цэцэрлэг нэртэй болж, өргөжсөн түүхтэй. Цэцэрлэгийн барилгыг НИТХ-ын 2012 оны тогтоолоор ашиглах боломжгүй гэсэн дүгнэлттэй акталж, 2014 онд хуучин барилгыг буулгасан юм.

 

Харин энэ жил нийслэлийн төсвийн 2 тэрбум 650 сая төгрөгийн санхүүжилтээр 12 бүлэгтэй, 280 хүүхдийн хүчин чадалтай барилгыг ашиглалтад оруулахаар шавийг тавилаа. Цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулснаар 12 бүлэгтэй, 280-500 хүүхэд суралцах таатай орчинг бүрдүүлж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 2-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгох бололцоотой болох юм. Мөн уг цэцэрлэг ашиглалтад орсноор нийт 51 иргэн шинээр ажлын байртай болно хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин