Тэтгэврийн насыг сонголттой болгосноор төсөвт дарамт учруулахгүй

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчийн тэтгэврийн насыг уян хатан тогтоохоор өөрчлөлт оруулжээ. Эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч хүсвэл 65 нас хүртлээ ажиллаж болохоор зохицуулсан байна.
Үүнтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг одоогийн хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүчингүй болгож, ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн насны өөрчлөлтийг даатгуулагчид эрсдэл бага учруулахуйц байдлаар хэрэгжүүлж, зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн асуулт тавьж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
- Энэ шийдвэрийг УИХ-аас гаргахаар ОУВС-тай тохирсон хөтөлбөр зөрчилдөхгүй юу. Хуулийн төсөлд эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байна гэсэн заалт алга байна.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:
-ОУВС-гийн хөтөлбөр тохирох үед эдийн засаг маш хүнд байсан. Тавьсан шаардлагыг нь хүлээн авахаас аргагүй байлаа. Хөтөлбөр хэрэгжсэн. УИХ, Засгийн газраас гаргасан тодорхой арга хэмжээний дүнд эдийн засгийн өсөлт гарч эхэлсэн. Нийгмийн захиалгаар энэ асуудал орж ирж байгаа гэж ойлгож болно.
ОУВС-гийн хөтөлбөртэй зөрчилдөж байгаа зүйлгүй. Иргэдэд тэтгэвэртээ гарах сонголтыг нь өгч байгаа. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн хувьд хүүхдийнхээ тоогоор ажилласан жилээ 1.5 жилээр тооцуулж тэтгэврээ эрт тогтоолгох боломжтой болсон. Мөн иргэд 50, 55, 60 настай болж, тэтгэврийн насанд хүрсэн ч үргэлжлүүлж ажиллах сонирхолтой байдаг. Ийм иргэдийн хувьд 60, 65 насандаа ч тэтгэвэртээ гарсан болохоор сонголт бий болгож байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Тэтгэвэрт гарах насыг 65 болгох асуудал УИХ-аар хэлэлцэгдэх үед “Заавал захиргааны аргаар ингэж хатуу хуульчлах ямар шаардлагатай юм бэ гэдэг асуудлыг Ө.Энхтүвшин, С.Чинзориг гишүүд бид хэлсэн. Сонголттой болгож болдоггүй юм уу гэдэг санал тавьж байлаа. Одоо сонголттой болгож оруулж ирж байгаа нь зөв. Гол нь сонголттой болгосноор төсөвт дарамт учруулах уу?
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:
-Тэтгэврийн насыг сонголттой болгосноор төсөвт дарамт учруулахгүй.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч, үг хэллээ. Үүний дараагаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулав. Гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Дараагаар нь Багшийн хөгжлийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ