Эрх баригч байх нь давуу тал биш
2017-06-30

 

Энэ сонгуулийн үр дүн улс төрийн хүчнүүдэд нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэхэд хүргэж байгаа байх.  Тэр дундаа төр, засгийн эрхийг ээлжлэн барьж ирсэн АН, МАН-ынхан дотроо хагаралдах бус тойрч суугаад хэлэлцэх хэрэгтэйг  сонгогчид санууллаа.

 

Ерөнхийлөгчий сонгуулийн эхний шатны санал хураалтаар  өөрсдийн урьдчилсан тооцоолсноор  үнэмлэхүй доогуур санал авсан эрх баригч хүчнийхнийг дотроо хагаралдаж, задарч байна гэх бор шувуу ниссэн.  Үүнийг намын нөлөө бүхий лидерүүд эрс үгүйсгэсэн тайлбарыг ээлж дараалан хийлээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Энэ сонгуулиар хар зохиол, монтаж давамгайлж, гүйцэтгэх ажлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулалтсан. Түүнээс бус манай нам хагаралдаагүй” гэж байгаа бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар зэрэгцэн зогсож байгаад “Манай Удирдах зөвлөл бүлэгтэйгээ хамтарч хуралдсан ч  хоорондоо хагаралдаж, хатуу хөтүү үг шидэлцээгүй” хэмээн  тайлбарласан.

 

 Өнгөрсөн парламентад сөрөг хүчний суудалд байсан МАН 2016 оны УИХ-ын сонгууль үнэмлэхүй олонхийн суудал авч, ялалт байгуулахад нөлөөлсөн. Тиймээс ч намдаа суудал авчирна гэж тооцоолоогүй "бор халзан туулай" ч ялалт байгуулж, нөгөөтэйгүүр өнөөдөр "та нарыг гуйж сонгогдоогүй" гэж сонгогчид руугаа агсамнасах гэх үнэн худал нь үл мэдэгдэх шуугиан тарьж, намынхаа нэр хүндийг унагаж  явна. Тухайн бүрэн эрхийн хугацаанд АН олон суудалтай төдийгүй, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн төрийн гурван өндөр суудлыг  бүрэн эзэмшиж байлаа.  Тухайн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн л АН,  МАН, МАХН өрсөлдсөн ч улс төрийн хүчнүүдийн нэр дэвшигчдийн сонголт Ц.Элбэгдоржийг дахин Монгол Улсын төрийн тэргүүн байх бүрэн эрхээ эдлэх боломжийг олгосон.

 

Тиймээс өмнө парламентын үе дэх АН-ын бүрэн засаглал дараагийн сонгуульд  сөргөөр нөлөөлсөн тал бий. Үүнтэй  агаар нэгэн өнөөдрийн парламент дахь үнэмлэхүй олонхийн суудал МАН-аас нэр дэвшигчид эерэг бус сөргөөр нөлөөлсөн талтай. Энэ нь эрх баригч хүчин анхан шатны санал хураалтад амжилттай оролцоогүй олон олон шалтгааны нэг өнцөг.  Учир нь  олон нийт эрх барьж байгаа хүчний сонгуулиар амласан ам, ажлын зөрүүг байнга харж байдаг. Эдийн засгийн хямралтай үеийн шийдэл гэж эрх баригчид дахин дахин учирлаж байгаа хэдий ч  жилийн өмнөх амлалт, төрийн эрхэнд гарсны дараах үйлдэл хэр зөрснийг сонгогчид харж л байгаа. Тиймээс тухайн сонгуулийн жил  эрх баригч байна гэдэг давуу тал биш, харин сөрөг хүчинд  боломж байдгийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль харууллаа.  

 

Ер нь ганцхан МАН-ын удирдлагууд сонгуулийн үр дүнгээр дотооддоо хуралдаж, хэлэлцсэн юм биш.  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн парламентад суудалтай улс төрийн хүчнүүд  дор бүрнээ хэлэлцэж, дахин санал хураалт хүртэл ямар тактиктай ажиллахаа хэлэлцсэн байгаа.

 

Хоёр өрсөлдөгчөөсөө сонгогчдын саналын тоогоор 100 мянга гаруй хол давсан ч олонхийн саналыг авч чадаагүй АН-ын хувьд энэ удаад амжилтаа нэмж,  батгахаар чармайх нь мэдээж. Харин өрсөлдөөний гадна үлдсэн МАХН-ын хувьд   холбогдох байгууллагад шаардлага хүргүүлэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байна.

 

Ардчилсан нийгэмд   ард түмэн   төрийн дээд түвшинд нэг намыг дангаар бус улс төрийн хүчнүүдийн оролцоог тэгшитгэх талыг барьж байгаа.  Нөгөөтэйгүүр  намыг бус нэр дэвшигчийг нь харж сонголтоо хийж болох ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн  тэнцвэргүй өрсөлдөөн олны шүүмжлэлийг дагуулсан.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ирэх долоо хоногийн баасан гаригт явагдана. Энэ удаагийн дахин санал хураалтаар парламентад суудалтай гурван улс төрийн хүчнээс МАХН хасагдаж байгаа.  Учир нь МАХН-наас нэр дэвшигч С.Ганбаатар  АН, МАН-ын нэр дэвшигчидтэй харьцуулахад сонгогчдоос хамгийн бага санал авсан. Хуулиараа  Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад сонгогчдоос хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг өрсөлдүүлэх заалттай.

 

Тиймээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хэн нь сонгогчдын олонхийн санал авсан нь Монгол Улсын тав дахь төрийн тэргүүнээр сонгогдоно.  Гэхдээ дахин санал хураалтыг хүчингүй болох хоёр хүчин заалт буй. Нэгдүгээрт, сонгогчдын ирцийг 50+1 хувьтай байх. Хоёрдугаарт нэр дэвшигчдийн аль нэг нь сонгогчдын олонхийн саналыг авах хуулийн заалттай.

 

Дахин санал хураалтаар хуулийн дээрх заалтуудаас аль нэг нь шаардлага хангахгүй бол дараагийн алхамд шилжинэ.  Гэхдээ энэ бүхнийг сонгогчдын мэргэн сонголт шийднэ.

Н.Энхлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ganbaataraa ylagdlaa huleej sur end tend uscheed nam damjaad demii yrihaa bol ard tumnig bitgii turhir za
2017-06-30
enhlen gulug guts:
YUN TOIRCH SUUGAAD YARIH HUURUH ERGUU PSDA VEE AN MAN EVLELDEN NEGDVEL MONGOL MUHNU .HULGAICH NAR HOORONDOO ALALTSAAD DIILSENIIG NI ARDUUD NAMNAAD ULS GEREE JINHENE ULS SHIG ULS BOLGOJ UUD TATAH TSAG NI IRJEE
2017-06-30