Хүрхрээ үндэсний болон нэгдүгээр лигийн тойм
2017-07-03

 

МХБХ-ны Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн 9-р тойргийн тоглолтууд өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд боллоо. Энэ тойрогт болсон 5 тоглолтонд нийт 27 гоол орсон нь энэ улирлын дээд амжилт болсноороо онцлогтой болж өнгөрсөн байна. 2017 оны улирлын эхний хагас ийнхүү өндөрлөж үндэсний их баяр наадмын өдрүүд таарч байгаатай холбоотойгоор түр завсарлахаар болжээ. Хоёрдугаар хагас 7-р сарын 28-ны Баасан гарагт эхлэх хуваарьтай бөгөөд 7-р сарын 1-ээс 14-ний өдрүүдэд зуны солилцоо наймааны цонх нээлттэй байх учраас энэ хугацаанд багууд бүрэлдэхүүнээ шинэчлэх боломжтой. Ингээд уншигч та бүхэнд 9-р тойрогт болсон тоглолтуудыг тоймлон хүргэе.

 

1.        Баасан гарагийн үдэш Дэрэн – Унаганууд клубүүдийн тоглолт тойргийн салхийг хагаллаа. Өмнөх 2 тоглолтод дараалан ялалт байгуулаад байсан Дэрэнгийн залуус энэ удаад ч сайн тоглолт үзүүлж ялалт авав.  Ц.Төмөр-Очир, А.Нармандах нар тоглолтын гоолуудыг оруулсан юм. Ийнхүү улирлын тав дахь гоолоо оруулсан Ц.Төмөр-Очирын сайн тоглолт гурав дахь дарааллсан ялалтыг багтаа авч ирсэн боловч  13 оноотойгоор хүснэгтийн тав дугаар байранд хэвээр үлдлээ. Тэгвэл тэдэнд ялагдсан Унаганууд 5 дарааллан хожигдсоноор улирлын эхний хагасыг 4 оноотойгоор өндөрлүүлж байна. Дээр дурьдсан солилцооны цонх нээгдэх үед Унаганууд идэвхитэй ажиллахгүй бол дараа улирлаас нэгдүгээр лиг рүү унах ч аюултай харагдаж байна.

 

ДЭРЭН 2:0 УНАГАНУУД

 

 

2.        Харин бямба гаригт Эф Си Улаанбаатар, Гоёо Эф Си клубуудын хооронд сонирхолтой нэгэн тоглолт болсон юм. Япон довтлогч Мотохиро Канеширо улирлын долоо дахь, мөн 5 дахь тоглолтондоо дарааллан гоолдсон лигийн түүхэн дэх анхны тоглогч болж, эхний хагаст Эф Си Улаанбаатарт 2 ч удаа тэргүүллийг авчирсан ч Гоёогоос С.Энхсайхан, С.Дөлгөөн нар тухай бүрт нь хариуг нь барьж байв. Эхний үеийн сүүлийн 5 минутын хугацаанд Гоёо Эф Си гурван ч гоол дараалан оруулсан. Улмаар С. Дөлгөөн, Т. Мөнхсүлд, П. Энхбилэг нарын гоолын тусламжтайгаар эхний үе 4:2-ын харьцаатай Гоёо Эф Си-ийн тэргүүлэлд өндөрлөсөн. 2-р хагаст Эф Си Улаанбаатарын довтолгоо ширүүсч, багийн ахлагч А.Мөнхнасан тооны харьцааг ойртуулсан ч тоглолтын цаг дуусах мөч хүртэл өөр гоол аль аль багийн хаалганд орсонгүй. Эцсийн үр дүн 4:3. Гоёо Эф Си ялалт байгуулснаар хүснэгтийн зургаа дугаар байр руу дэвшсэн бол Эф Си Улаанбаатар 6 оноотой хүснэгтийн 9 дүгээр байранд хэвээр үлдлээ.

 

ГОЁО ЭФ СИ 4:3 ЭФ СИ УЛААНБААТАР

 

 

3.        Эхний 4 тойрог дарааллан ялсан Атлетик 220 клуб түүнээс хойш нэг ч хожил байгуулаагүй хар цувралтайгаар 9 дүгээр тойрогт ээлжит тоглолтоо хийсэн. Тэдний энэ тойргийн өрсөлдөгч нь Сэлэнгэ Пресс байлаа. Эхний үед хаалгачийн алдааг ашиглаж Сэлэнгэ Прессийн довтлогч Б. Мөнх-Эрдэнэ эсрэг багийн хаалгыг хоёр ч удаа мялаасан юм. Гэхдээ энэ нь багтаа хожил авч ирэхэд хангалттай байсангүй. Атлетик 220 багаас довтлогч Н. Наранболд улирлын анхны хет-трикээ толилуулж эсрэг багийн хамгалалтыг эвдэж байсан юм. Мөн Сэлэнгэ Пресс багийн О. Баяржаргал, Б. Өлзий-Од нар улаан хуудас авч талбайгаас хөөгдсөнөөр баг нь есүүлээ тоглолтыг дуусгах хүндхэн даалгавартай болсон. Улмаар хүн дутуу учраас тэнцээний гоолоо оруулж чадаагүйн дээр нэмж нэг гоол өөрсдийн хаалганд алдсанаар хожигдолтой нүүр тулсан. Сүүлийн гоолыг сэлгээгээр орж ирсэн А. Тэмүүжин шигтгэсэн юм. Ингээд Атлетик 220 клуб 17 оноотойгоор хүснэгтийн эхний дөрвөн байран явсан хэвээр байна. Харин өрсөлдөгчид нь 10 оноотойгоор 7-р байр руу уналаа.

 

АТЛЕТИК 220 4:2 СЭЛЭНГЭ ПРЕСС

 

 

4.        Сүүлийн 7 тойрог дарааллан ялж хүснэгтийн нэгт бичигдэж байгаа тэргүүлэгчид энэ тойрогт ТЭЦ-4 буюу өөрсдийн талбайдаа Хоромхон клубыг хүлээн аван тоглосон. Тоглолт 9:0-ээр өндөрлөсөн нь өнгөрсөн жил энэ талбай дээр 2:0-ээр хожиж байсан Хоромхон клубын хувьд энэ улирлын хамгийн олон гоолын зөрүүтэй хожигдсон тоглолтын хохирогч болон үлдсэн хар өдөр байлаа. Уг тоглолтын шилдгээр Эрчим клубын легионер Шута Ишино тодорсон юм. Тэрээр өөрөө нэг гоол оруулахын хажуугаар 5 гоолын дамжуулалтыг өгсөн байна. Ингээд 8 дахь тойрогтоо дараалан ялалт байгуулснаар Эрчим Клуб улирлын эхний хагасыг 8 хожил, нэг тэнцээтэйгээр хүснэгтийн нэгдүгээр байраар дуусгаж байна. Харин Хоромхон клуб болон хасагдах шатанд яваа Эф Си Улаанбаатар клубүүдийг ердөө ганцхан оноо зааглаж байна.

 

Эрчим 9:0 Хоромхон

 

 

 

5.        Энэ бол энэ тойргийн хамгийн оргил тоглолт байлаа. Тодруулбал 18 оноотойгоор хүснэгтийн хоёрдугаар байранд бичигдэж байгаа Улаанбаатар Сити болон 5 дараалан ялалт байгуулж 16 оноотойгоор гуравдугаар байранд яваа Хангарьд багуудын хооронд уг тоглолт явагдсан юм. Тоглолтын эхний хагас хуурай тэнцээгээр буюу 0:0 харьцаатай өндөрлөсөн. Улмаар хоёр багийн тоглолтын хоёрдугаар үеийн 56 дахь минутанд сая нэг юм тоглолтын гоолын салхийг хагаллаа. Уг гоолыг Улаанбаатар Сити багийн Ж. Сүндорж оруулсан юм. Харин үүнээс 21 минутын дараа буюу 77 дахь минутад Нигери довтлогч Пол Эбука тооны харьцааг тэнцүүлсэн. Уг тоглолтын шилдгээр нэрлэгдсэн Эбукагийн сайн тоглолт үүгээр өндөрлөсөнгүй. 87 дахь минутад түүний хичээл зүтгэлийн ачаар өмнөх гоолын дамжуулалтыг өгсөн С. Ганхуяг гоолдож багтаа ялалт авч ирсэн байна. Ийнхүү 19 оноотой болсон Эрдэнэтийн Хангарьд клуб Улаабаатар хотын багаас хүснэгтийн хоёрдугаар байрыг нь булаасан үр дүнтэйгээр нутаг буцах болсон юм.

 

УЛААНБААТАР СИТИ 1:2 ХАНГАРЬД

 

 

6. Тэгвэл нэгдүгээр лигт ямар ямар тоглолтууд болсныг хураангуйлан танилцуулая.

 

“Хүрхрээ үндэсний лиг”-т дэвшихийн төлөө хүчтэй өрсөлдөөн өрнүүлдэг “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн ээлжит тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр явагдлаа. Бямба, ням гаригт “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн тэргүүн эгнээнд бичигдэж буй “Улаанбаатарын мазаалайнууд” – “Жипро” , “Хаан хүнс” – “ШМ Баянгол”, “Вестерн” – “Арвис” клубүүд хоорондоо тоглосон. Өнгөрсөн жил дээд лигээс доошилсон “Улаанбаатарын мазаалайнууд” хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Жипро”-г 1:0-ээр буулган авснаар, тэднээс нэг тоглолт, гурван онооны илүүтэй боллоо. Өнгөрсөн жил “Бешикташ” клубийн нэрийн өмнөөс нэгдүгээр лигт өрсөлдсөн “Хаан хүнс”-ийн залуус өчигдөр “ШМ Баянгол”-ыг 3:0-ээр буулган авлаа. Дээд лигийн эрхээ алдаж, өдгөө доод лигт хүч үзэж буй “ШМ Баянгол”-ыг буулган авахад “Хаан хүнс” багийн ахлагч Ж.Чинсанаа гурван гоол оруулсан. Тэгвэл “Хаан хүнс”-ийн гол өрсөлдөгч “Арвис”, Ховд аймгийн шигшээ багийн тоглогчдоос бүрдсэн “Вестерн” клубийг 1:6-аар илүүрхэв. Тус тоглолтонд нэгдүгээр лигийн мэргэн бууч Э.Мөнгөнбагана /32’, 81’/, залуучуудын футзалын шигшээ багийн тоглогчид болох Б.Гарамбазар /38’, 45’, 51’/, О.Есүхэй /68’/ нар гоол оруулав. Ингэснээр Д.Лүмбэнгарав дасгалжуулагчтай “Арвис” “Хаан хүнс”-тэй оноо тэнцүү ч хоорондын тоглолтод хожсон учраас хүснэгтийг тэргүүлж байна.

 

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин