Усны ослоос сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа
2017-07-06

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 07 дугаар сарын 06, 07-ны өдөр төв, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орохоор байна.

 

 

Түүнчлэн хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул ард иргэд амралт чөлөөт цагаараа гол устай газар бараадаж, анхаарал болгоомж алдан усанд осолдох эрсдэлийг дагуулж байна. Тиймээс өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл, Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахмад С.Галтзул нар оролцсон юм.

 

Өнөөдрийн байдлаар гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус,  худгийн ус зэрэгт 13 аймгийн 31 сум, нийслэлийн 4 дүүрэгт 58 хүн амь насаа алдсаны 12 нь бага насны хүүхэд байна.

 

 Бага насны хүүхдийг гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, гол, усанд орох үедээ согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг зэрэг олон шалтгааны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

 

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31-ээр буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

 

Түүнчлэн Үндэсний их баяр наадмаар олон хоног амралтын өдрүүд тохиох тул иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хамт олон амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫГ АРХИЧИН ДАРГААС НЬ САЛГААЧЭЭ ШАДАР САЙДАА
2017-07-06