УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийлээ. Хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ:
-Эрхэм хүндэт иргэд ээ,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 55 өдөр үргэлжилж, бие даасан 18 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 113 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 9 хууль, 30 тогтоол хэлэлцэн баталжээ.
Та бидний хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд, бодлогын арга хэмжээний нааштай үр дүн эхнээсээ гарч эхэллээ гэж хэлж болохоор байна.
УИХ-аас хаврын чуулганы эхэнд төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр 2017 оны улсын төсөвт тодотгол хийсэн. Нааштай эдгээр өөрчлөлт нь ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэнтэй болон манай түншүүдийн итгэл эргэн сэргэсэнтэй холбоотой юм.
Ингэж хөгжлийн салхи зөв эргэж байгаа нь улс орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, төр засгийн тогтвортой байдлыг ханган, зөв бодлогыг тууштай хэрэгжүүлж, ард олон, бизнес эрхлэгчдийн дэмжлэгийг авч ажиллахын төлөө хичээн зүтгэсний үр дүн юм. Та бид энэ эрчээ сулруулж болохгүй ээ. Эдийн засагт “ногоон гэрэл” аслаа, уналтыг зогсоож чадлаа гэж тайвшралгүйгээр төсвийн сахилга батыг чанд сахиж, хэмнэлтийн горимыг тууштай барьж ажиллах нь Засгийн газар, төсвийн бүх шатны захирагч нарын өдөр тутмын алтан дүрэм байх ёстой.
Үрэлгэн байдал, буруу бодлогоос үүдсэн хохирол арилаагүй, бизнес эрхлэгчид болон ард иргэдэд учирч буй дарамт багасаагүй байна гэсэн шүүмжлэл хэвээр байгааг онцгой анхаарах ёстой.
Цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, бусад салбаруудын өсөлтийг дэмжих, өгөөжийг нь өрх гэр, иргэн бүрт хүртээх шаардлагатай байна.
Хаврын чуулганаар хүү багатай, урт хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийн хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийнхэд хэдэн хэлэлцээрийг батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал:
Түүнчлэн энэ чуулганаар бид иргэдийнхээ нийгмийн хамгаалал, хүний хөгжлийг дэмжсэн хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа.
Эдгээр нь та бидний иргэнээ дээдэлсэн нийгмийг төлөвшүүлэх, эх орноо өөд татах эрхэм дээд зорилгыг хэрэгжүүлэх эхний алхмууд юм. Төр иргэндээ ээлтэй байх ёстой. Иргэндээ ээлтэй төр л тэднээсээ дэмжлэг авч чадна.
“Багшийн хөгжлийг дэмжих тухай” хуулийг энэ чуулганаар хэлэлцэн батлах байсан боловч УИХ дахь цөөнхийн бүлэг завсарлага авснаар эцэслэн баталж чадалгүй хойшиллоо. Багшид ажлын үр дүнгээр нь цалингийн урамшуулал олгох, мэргэжлийн зэргийг хугацаанаас нь өмнө нэмэх, ачаалал ихтэй сургууль, цэцэрлэгийн багшид 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн урамшуулал олгох, багш нарыг ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, ЕБС-ийн 1, 2-р ангид туслах багш ажиллуулах, багш нарыг жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах зэрэг зохицуулалт энэ хуульд багтсан байсан юм. Миний бие багшаа дээдлэн, чанартай боловсролын тогтолцоо бүрдүүлж байж эрдэм чадалтай иргэн, оюунд суурилсан нийгмийг цогцлоож чадна гэж бат итгэдэг учраас уг хуулийг баталж, мөрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна.
Эрхэм гишүүд ээ,
УИХ ээлжит чуулганы хугацаандаа бурууд хатуу, зөвд зөөлөн байх зарчмыг баримталж ажилласан. Засгийн эрх барьж буй намын нэр дор бурууг хаацайлж, сахилга хариуцлагыг хөсөрдүүлж болохгүй. Төрийн эрх барилцаж байгаа цөөнх ч сөрөг хүчин нэрээр бүхнийг сөрж, нийгэмд ташаа ойлголт түгээж, бодлого шийдвэрийг гацааж, эх орныхоо эрх ашгийг сөрж ажилладаг байж таарахгүй.
Бүх шатанд хуулиар тогтоосон хариуцлагын хэмжүүр яв цав үйлчлэх ёстой.
Төр, засгийн аливаа асуудалд хариуцлага ярихаар эсэргүүцдэг, хууль, шүүхийн байгууллагад очоод замхардаг байж хэрхэвч таарахгүй.
Иргэд биднээс хэчнээн жил цалин, тэтгэврийг нэм гэхээс илүүтэйгээр шударга ёсыг хүсэж, хариуцлага тооцохыг нэхэж байх ёстой юм бэ? Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын мөрөөр хариуцлага хүлээлгэх асуудал гацаанд орчихоод байгааг, Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудын хууль завхруулсан, дураар дургисан үйлдлийг яах ёстой болж байна вэ? Замхрах л юм бол завхрал болно гэж би бодож байна.
Энэ мэт байдал нь нэгдүгээрт, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар нэг зүгт харж, нэгдмэл бодлоготой байх нь зайлшгүйг, хоёрдугаарт, шүүх, шүүгч, хуулийн байгууллагад шударга, хараат бусаар ажиллах Үндсэн хуулиар олгогдсон эрх дархыг нь нээж өгөх нь нэн чухал болсныг харуулж байна.
Төр, засгийн бодлого, шийдвэрийг мушгин гуйвуулах, гүтгэн харлуулах, иргэдийг хууль бус үйл ажиллагаанд уриалах, турхирах үзэгдэл сүүлийн үед илт идэвхжиж байна. Ийм байдал үргэлжлэх тусам Монголын маань хувь заяа ээдэрнэ.
Бидэнд ЭВДРЭЛ ХАГАРАЛ бус ЭВ НЭГДЭЛ хэрэгтэй байна.
Болж бүтэхгүй зүйл байгаа бол хамтарч суугаад ил тод ярьдаг, зөвшилцөж ойлголцдог болох нь эх орны маань ирээдүй хойчид хэрэгтэй. Хямралыг даван туулж, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ амьжиргааг өөд татах, улмаар хөгжил дэвшилд хүрэх нь Та бидний эрхэм зорилго, дээд эрх ашиг мөн.
“Зорилгоос буцах зам мянга, харин зорилгод хүрэх зам нэг л байдаг” гэсэн мэргэн үг бий. Бидэнд ХЯМРАЛЫГ ДАВАХ, ХӨГЖЛИЙГ АВЧРАХ-аас өөр зорилго байхгүй. Энэ зорилгод хүрэх ганц зөв зам нь ЭВ НЭГДЭЛ, ЗӨВ БОДЛОГО юм. Нийгмийн хийгээд нийтийн сайн сайхны төлөөх энэ замаас хазайх эрх бидэнд үгүй ээ. Тиймээс Монголын төр түвшин, чин шударга, ёс жудагтай байх ёстой.
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Зөвлөлдөх санал асуулга явуулж, эрдэмтэн судлаачид, намуудын төлөөлөл бүхий Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Төслийг ард нийтээр хэлэлцүүлж, саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох, байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаачдын саналыг авах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Шийдвэрийн үр дүн иргэд, олон нийтийн оролцооноос хамаарах тул Та бүхэн чуулганы чөлөө цагаар энэ асуудалд онцгой анхаарч ажиллаарай.
Та бүхэнд болон нийт ард иргэддээ Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг дэвшүүлье.
Дэлхийд ганц Монгол наадамдаа дэлгэр цэнгэлтэй, амгалан сайхан наадаарай!
Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.